Олон улсын банк, санхүүгийн томоохон байгууллагуудын нэг болох UBS-ын түүхий эдийн шинжээч Том Прайс Мозамбикийн нүүрсний экспорт ойрын жилүүдэд төдийлөн өсөхгүй тухай мэдэгджээ. UBS-ын гаргасан судалгаагаар Монголын нүүрсний экспорт 2015 онд 35 сая тонн, 2020 онд 42 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа ажээ. Түүний тайлбарлаж буйгаар ойрын үед Австрали, АНУ-ын коксжих нүүрс экспортлогчдод нэлээд ашигтай мөч тохиож байгаа ажээ. Учир нь Мозамбик, Монголын нүүрсний нийлүүлэлт одоогийн байдлаар саараад буй юм. Монголын хувьд “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний экспорт тасалдсан нь Хятадын зах зээлд үнэ өсөхөд нөлөөлж буй гэж шинжээчид тайлбарлаж буй. Хятадын хэвлэлүүдээр “Чалко” нүүрс нийлүүлэлтийн гэрээг цуцалсан нөхцөлд шүүхэд нэхэмжлэл гаргаж магадгүй ч гэж бичиж эхлээд байна. Харин Мозамбикт үлэмж нөөцтэй коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Riversdale Mining” компаниас “Рио Тинто” тухайн ордыг нь худалдаж аван олборлолтыг эрчимтэй нэмэгдүүлнэ гэсэн таамаг байсан. Гэвч Мозамбикийн дэд бүтцийг хөгжүүлэхэд нэлээд хэдэн жил шаардлагатай байгааг шинжээч Прайс онцолжээ. Сүүлийн өдрүүдэд Рио Тинтогийн Мозамбик дэх ордод олон асуудал тулгарах тухайд хэвлэлээр шуугиж буй юм. Үүнд уурхайн хөрс хуулалтад хөрс нь зузаан учир илүү их ажиллагаа шаардаж буй болон нүүрс угаах үйлдвэр олноор байгуулах шаардлагатай зэрэг хүчин зүйлийг дурджээ. Хэдийгээр Мозамбик нь Африкийн улс дундаа Ази, Европ руу нүүрс тээвэрлэхэд газарзүйн хувьд ихээхэн тохиромжтой орон ч гэлээ эдгээр асуудлын улмаас коксжих нүүрсний экспорт нь 2015 он гэхэд 10 сая тоннд л хүрч өсөх боломжтой ажээ. Улмаар 2020 он гэхэд 22 сая тонн коксжих нүүрс экспортлох боломжтой болох тооцоог UBS гаргажээ.
Одоогийн байдлаар коксжих нүүрсний үнэ Хятадын эргийн боомтууд дээр 165 ам.доллар/тонн болоод байна. UBS энэ жил коксжих нүүрсний үнэ нэг тонн нь дунджаар 168 ам.доллар, 2014 онд 164 ам.доллар, дараах жилүүдэд 150 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцоолоод байгаа юм. Учир нь энэ үед Монгол, Мозамбикийн нүүрсний нийлүүлэлт эрчимтэй нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Б.Төгс