Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Шинэ хуулиар компаниудын хариуцлага дээшилнэ


Ашигт  малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр үргэлжилж байна. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com сайтын "Хууль, төсөл" булангаас үзнэ үү.

Санал бодлоо www.mongolianminingjournal.com-ийн "Хэлэлцүүлэг" булан  болон info@mongolianminingjournal.com хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.




Ярилцсан Б. Төгсбилэгт

Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга дахь уурхайн нөхөн сэргээлт, хаалтын зохицуулалтуудын талаар МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяртай ярилцлаа.

Одоогийн мөрдөж буй хуулиар уурхайн нөхөн сэргээлт, хаалтын асуудлыг хэр оновчтой зохицуулсан байдаг вэ? Үүнд ямар учир дутагдалтай талууд байна вэ?

Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн хуулиар хүлээсэн үүргийг 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан байдаг. Тухайн байгууллага үйл ажиллагаа явуулсан газартаа нөхөн сэргээлт зайлшгүй хийх ёстой, тусгай зөвшөөрөл шилжлээ гэхэд уг үүрэг нь шилжүүлэн авч буй этгээдэд мөн ялгаа байхгүй хамаарах зэргийг дурдаж болно. Хэрэв нөхөн сэргээлтийн ажлыг хийгээгүй байх юм бол орон нутгийн Засаг дарга дараа жилийнх нь үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх эрхтэй. Энэ мэтчилэнгээр уг хуульд эрх үүргийг нь нэлээд тодорхой заагаад өгчихсөн юм шиг боловч нарийн зохицуулалтууд нь байдаггүй.

Нөхөн сэргээлт хийгээгүй бол ямар хариуцлага ногдуулах вэ гэхээр дараа жилийнх нь үйл ажиллагааг  зогсоохоос биш өөр хариуцлага байхгүй.  Хуульд тухайн аж ахуйн нэгж нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөтэй байх ёстойг заасан. Тэрхүү төлөвлөгөөндөө тусгасан зардлын 50 хувийг тусгайлан заасан дансанд байршуулах гэсэн ийм ерөнхий заалтууд байгаад байдаг. Гэтэл яг тэр үүргээ хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцдог арга хэмжээ хангалттай биш байсан. Зохицуулалтуудыг нарийвчилж заагаагүйгээс шалтгаалаад хийх боломжтой нөхөн сэргээлтийн ажлаа хийхгүй, эсвэл бүр тухайн газарт үйл ажиллагаа явуулж байгаад нөхөн сэргээлтээ хийлгүй хаяад явчихдаг зөрчлүүд гардаг байсан. Үүнээс шалтгаалаад Байгаль орчны яам, Ашигт малтмалын газар, МХЕГ-ын хамтарсан хяналт шинжилгээ хийж 500 гаруй цэг дээр 4000 гаруй га талбайд нөхөн сэргээлт хийгдэлгүй хаягдсаныг тогтоосон. Үүнийг хуулийн зохицуулалт сул байсантай холбож үзэхээс өөр аргагүй.

Шинэ хуульд нөхөн сэргээлт, уурхайн хаалтын асуудлыг хэрхэн тусгасан гэж Та үзэж байна вэ?

Ерөнхийлөгчөөс өргөн барих гэж байгаа хуулийн төслийг үзэж байна л даа. Нэгэнт аж ахуйн нэгжүүдээс саналуудыг нь аваад, Иргэний танхимаар хоёр ч удаа хэлэлцүүлээд, олон талын байр суурийг сонссон шүү дээ. Дээр нь уул уурхай өндөр хөгжсөн улс орнуудын туршлагуудыг бас судалж үзсэн зэрэг ажлыг зохион байгуулж байгаад энэ хуулийн төслийг боловсруулсан гэж үзэж байна. Тийм учраас төсөл дэвшилттэй болж байгаа болов уу.

Гол асуудал нь тусгай зөвшөөрөл олгохоос эхэлж буй. Тусгай зөвшөөрлийг тухайн орон нутгийн иргэдээс асуулгүйгээр олгочихдгоос болоод зөрчил  үүсээд байгаа шүү дээ. Орон нутгийн Засаг захиргаа, аж ахуйн нэгжүүдийн хооронд маргаан их үүсдэг. Газар дээр нь очиж үзэхэд хуучин хуулиараа орон нутгаас ерөөсөө санал авч байгаагүй юм билээ. Хэнээс санал авч байна вэ гэхээр аймгийн Засаг даргаас санал авдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлдэг хуулийн зохицуулалт уг нь бий. Гэхдээ санал авах хугацаа нь хэтэрхий богинохон. Геологи, уул уурхайн асуудлын төрийн захиргааны байгууллагын кадастрын нэгжээс нь албан бичиг явуулсан мөчөөс эхлээд хугацаа тооцдог. Тэгээд гуч хоногийн дараа санал ирээгүй байх юм бол санал дэмжигдсэнд тооцоод тусгай зөвшөөрөл олгочихдог.

Үүнээс болоод ихээхэн зөрчил үүсч байгаа. Уг асуудлыг шинэ хуулинд сайн зохицуулж өгсөн. Тухайн тусгай зөвшөөрөл олгогдох талбайд хамаарах сумын ИТХ-аас саналыг нь авдаг болохоор тусгасан байна. Тухайн сумын ИТХ саналыг хүлээж авснаар хугацааг тооцдог болж буй нь их сайн дэвшилттэй зүйл юм. ИТХ энэ асуудлыг 35 хоногийн дотор хэлэлцэхээр болж буй. Ингээд гаргасан шийдвэрийг 21 хоногийн дотор хүргүүлэхээр зохицуулагдаж байна. Үүнээс үзэхэд орон нутаг нийтдээ 56 хоногийн дотор өөрийн нутагтаа тусгай зөвшөөрөл олгуулах талаар саналаа өгөх боломжтой болж буй юм.  Тодруулбал энэхүү зохицуулалт нь тусгай зөвшөөрөл олгогдох гэж буй нутгийн хүнээс санал авч буй гэж ойлгож болохоор нэлээд ардчилсан хуулийн заалт болжээ. Энэ асуудал цэгцлэгдчихээр дараагийн зүйл болох уурхайн нөхөн сэргээлт, хаалттай холбоотой асуудлууд цэгцлэгдэх юм.

Түүнчлэн тусгай зөвшөөрөл авахаас өмнө тухайн ордыг ашиглаад хаахад зарцуулагдах зардлыг тусгай дансанд урьдчилан төвлөрүүлэхээр болж буй. Үүнд мөн тав, таван жилээр судалгаа хийж шинэчлэх боломжтойгоор зааж өгч буй нь тухайн ордыг ашиглачихаад хаяад явсан ч эргүүлээд нөхөн сэргээх, хаах зардал нь үлдэх боломжтой. Мөн аж ахуйн нэгжийн хариуцлага ч дээшлэхээр зохицуулалт болж буй юм.

Хаалт, нөхөн сэргээлт хоёр  салшгүй холбоотой. Уурхайн хаалтын тодорхой нэг бүлэг ажил нь нөхөн сэргээлт байдаг. Тэгэхээр зарим нэг компанийн шүүмжлэлтэй хандаж буй зүйл нь хаалтын зардлыг урьдчилаад тусгай дансанд төвлөрүүлчихээд байхад жил бүр нөхөн сэргээлтэд зарцуулах мөнгөн хөрөнгийг тусгай дансанд бас дахиж төвлөрүүлэх нь давхцал үүсгэж байна хэмээн нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа юм билээ. Үүнийг тухайн жилд хийж байх ажлыг гүйцэтгүүлэхэд чиглэгдсэн хуулийн заалт юм байна ойлгож болно. Тэр жилдээ нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн гүйцэд хийчих юм бол тэрхүү данснаас буцаагаад мөнгийг нь олгох тул энэ нь тийм муу заалт биш. Компаниудын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, хариуцлагаа дээшлүүлэхэд нь чиглэгдсэн заалт гэж харж байгаа.

Өмнө бол 2006 онд батлагдсан хуульд яг уурхайн хаалтын талаар ерөөсөө гуравхан заалт оруулсан байсан нь шинэ хуульд нэг том бүлэг болж орсон нь байгаль орчин хамгаалахад чиглэгдсэн том дэвшил юм.

Одоогийн хуулиар нөхөн сэргээлтийн зардлын 50 хувийг нь дансанд байршуулна гэж байгаа ч зарим компани уг дансанд тун бага хөрөнгө төвлөрүүлдэг. Энэ юутай холбоотой вэ?


Компаниудын Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тухайн жилд нөхөн сэргээлтэд зарцуулах зардлыг тусгасан байдаг. Тэрхүү үнэлгээнээс зардлын тооцоог аваад уулын ажлын төлөвлөгөөнд тусгахыг шаарддаг. Үүнд үндэслэж бид уулын ажлыг хянаж байгаа. Асуудлын гол нь юундаа байна вэ гэхээр Байгаль орчны үнэлгээ боловсруулсан аж ахуйн нэгжүүд нь 2008 онд батлагдсан Байгаль орчин нөхөн сэргээх зардлыг тооцох аргачлалыг ашигладаг. Энэ дагуу тооцохоор байгаль орчин нөхөн сэргээх ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээ бага болчихоод байгаа юм. Тухайн үеэс хойш бараг бүх төрлийн зардал нэмэгдсэн. Шинээр боловсруулж байгаа хуулийн төсөлд үүнийг нэлээд боломжтой аргаар зохицуулахаар тусгажээ. Мэдээж хангайд, говьд нөхөн сэргээлт хийх зардал адил байх боломжгүй. Тухайн бүс бүслүүр, уур амьсгал, ургамалжилт, ландшафтаас хамааруулаад зардлын доод хэмжээг тогтоох тухай шинэ хуульд заасан нь нэлээд ухаалаг зохицуулалт гэж үзэж байна.

Үнэлгээ хийдэг компаниуд байгаль орчны үнэлгээг чанаргүй хийдэг гэсэн шүүмжлэл байдаг. Шинэ хуультай холбоотойгоор үнэлгээний компаниудыг шинээр бүртгэх үү?

Ер нь энэ асуудлыг яриад эхэлчихсэн. Өнгөрсөн хавар 2012 оны тавдугаар сард Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай хууль тогтоомжид мөн өөрчлөлт орсон. Тэгэхээр энэ хуулийн дагуу үнэлгээ боловсруулдаг аж ахуйн нэгжийн хариуцлагыг сайжруулах, хариуцлага тооцдог болох хуулийн зохицуулалт энэ хуульд орсон. Яг энэ хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллагуудад аттестатчилал явуулах шаардлага зайлшгүй гарч байгаа. Уг ажил Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны энэ жилийн ажлын төлөвлөгөөнд орчихсон. Энэхүү аттестатчиллыг хийгээд ирэхээр бидний яриад буй асуудал шийдэгдэнэ гэж ойлгож болно.

Уул уурхайн компаниудын нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа нэлээд доогуур дүн авахуйц байгаа нь стандарттай холбоотой юу?

2008 онд нөхөн сэргээлтийн стандартууд шинэчлэгдсэн нь одоо мөрдөгдөж буй. Яг энэ стандартаа бариад нөхөн сэргээлтээ хийгээд явах юм бол бас боломжийн стандартууд байдаг. Мэдээж олон улсын туршлага, стандартын давуу талыг тусгасан тийм шинэ стандарт боловсруулах  шаардлагатай л байна.

Урт нэртэй хууль нэлээд шуугиан дагуулж байсан. Урт нэртэй хуулийн хэрэгжилт шинэ хуультай ямар нэгэн байдлаар зөрчилдөх тал байх уу?

Энэхүү хууль маань тодорхой бүсэд ямар нэгэн хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг хориглох, тухайн газрын унаган төрхийг авч үлдэх утга агуулгатай хууль шүү дээ. Тэгэхээр урт нэртэй хуулийн хамрах бүсэд хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа огт хийгдэхгүй учраас энэ нь Ашигт малтмалын хуультай зөрчилдөх зүйл байхгүй гэж бодож байна.

Харин урьд өмнө уурхай байгуулагдчихсан бол яах ёстой юм бэ? Өнгөрсөн зургадугаар сард Засгийн газрын тогтоол гараад, Урт нэртэй хуульд хамаарах нутаг дэвсгэрийн хил заагийг тогтоогоод өгчихсөн. Тэр нутагт ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулах ёсгүй. Үүнд л гол анхаарлаа хандуулж ажиллах ёстой.

Төрийн байцаагч нарт илүү эрх мэдэл очсон байна гэж зарим хүн уг хуулийг шүүмжилж байна?


Ер нь энэ хуулийг харж байхад Төрийн хяналт шалгалтын тухай хуулиас даваад гарчихсан, байцаагч нарын одоогийн эрх мэдлийг илүү болгочихсон зүйл алга. Хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэдэг компаниудын хариуцлагыг харин нэмэгдүүлсэн байна.

Өмнө нь хоёр сая төгрөгөөс дээш торгууль ногдуулдаггүй байсан. Энэ нь ашигт малтмал олборлож буй ямар ч аж ахуйн нэгжийн хувьд их мөнгө биш шүү дээ. Шинэ хуулиар бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-300 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнд торгууль ногдуулна. Харин шинэ хуульд заахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин, 200-250 дахин гэх мэтээр торгуулийн хоорондын ялгаа их байхаар тусгажээ. Жишээ нь 200 дахин 250 дахин гэдгийн хооронд маш том ялгаа бий. Үүн дээр хувь хүний үзэмж орчих гээд байна. Улсын байцаагчаас хамаарах хамаарлыг бага болгож өгөх хэрэгтэй. Шууд 250 дахин гэсэн тохиолдолд бүх зүйл маш ойлгомжтой болно. Маргалдаад байх ч юмгүй болно.

Урьд өмнөх хуулиар өчүүхэн бага хэмжээний торгууль ногдуулснаас шалтгаалаад зөрчил бий болох нөхцөл бүрдээд байгаа юм. Хууль зөрчлөө гэхэд ямар шийтгэл ногдуулах тухайд харахаар ердөө нэг сая төгрөг байх жишээтэй. Энэ нь тухайн компанид цочроо өгдөггүй.  Тухайн аж ахуйн нэгжид хохирол учруулахааргүй ийм л арга хэмжээ байдаг нь зөрчил гаргагчийг өөгшүүлээд байдаг. Тэгэхээр шинэ төсөлд хамгийн багадаа л 4 сая төгрөг, түүнээс дээш нэлээд өндөр хэмжээнд торгууль ногдуулахаар байна. Компаниуд ч зөрчил гаргахгүй ажиллахыг эрмэлзэнэ. Энэ хуульд торгууль, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоос өөр арга хэмжээ авахааргүй болгосон нь бас илүү ойлгомжтой болгожээ. Урьд нь улсын байцаагч тухайн компанийн бүрэн эрхийг нь цуцлахад араас нь бөөн нэхэл дагал болдог байсан. Одоо тийм зүйлгүй болжээ.

Зохиогчийн эрхийг хүндэтгэн зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахгүй байхыг хүсье.