Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийж, өнгөрсөн сард хийсэн ажлаа танилцуулсан юм. Сайдын мэдээллээс хамгийн анхаарал татсан сэдэв нь стратегийн ач холбогдолтой ордод төрийн эзэмших хувь хэмжээг тодорхойлохтой холбоотой асуудал байв.
Д.Ганхуяг сайдын хэлснээр стратегийн ач холбогдолтой 15 ордод төрийн эзэмших хувь хэмжээг УИХ-аар шийдвэрлүүлэхэд бэлэн болжээ. Одоогоор стратегийн 15 ордоос Тавантолгойн ордыг 100 хувь, Оюутолгойн ордын 34 хувийг Засгийн газар эзэмшиж, үлдсэн 12 ордыг эзэмшигч компаниудтай хувь эзэмшлийн хэмжээг тохироогүй байгаа юм. Мөн стратегийн ордод шинээр 30 орд нэмэх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх юм байна. Өнгөрсөн жилүүдэд стратегийн ордод 39 ордыг нэмж бүртгэхээр яригдаж байсан ч тооцоо судалгаа, үндэслэл нь дутуу гэсэн шалтгаанаар хойшилж байсан. Одоо 39 биш 30 ордыг нэмснээр Монгол улс стратегийн 45 ордтой болох юм байна.
Харин Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан боловсруулж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд стратегийн 15 орд дээр нэмж орд бүртгэхгүй гэсэн заалт бий. Хуулийн төслийн уг саналтай Уул уурхайн яамны бодлого зөрчилдөж байгаа аж. Энэ талаар Уул уурхайн сайдаас тодруулахад, “Хуулийн төсөлд бид саналаа өгсөн. Стратегийн ордыг нэмэхгүй гэдэг дээр дахин ярилцаж, судалж үзэж байж шийдье гэсэн. Бодлогын хувьд айхтар зөрчилдсөн зүйл байхгүй” гэлээ.
Түүнчлэн салбарын хэд хэдэн асуудлыг хөндөхөөр ажиллаж байгаагаа Д.Ганхуяг сайд мэдэгдлээ. Шатдаг занараас нефтийн бүтээгдэхүүн гаргаж авахаар АНУ, Францын компаниудтай хамтран ажиллаж байгаа бол ОХУ-тай байгуулсан Газрын тос худалдах, худалдан авах гэрээг шинэчлэхээр тохирсон байна.
С.БолдЗохиогчийн эрхийг хүндэтгэн зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахгүй байхыг хүсье.