Монголд шинэ төмөр зам төслөө “мөрөөдлийн” зам гэж ярьдаг бол Киргизэд “Тэнгэр уулын мухардал” хэмээн нэрлэдэг. Монгол, Киргиз хоёр улс адилхан Хятад ба ОХУ гэсэн аварга хөршүүдтэй. Төмөр замын асуудлаас болоод Монгол улс нь ОХУ ба Хятадын ашиг сонирхлын өрсөлдөөний талбар дунд хавчуулагддаг. Үүнийг Монголын удирдагчид “геополитик” хэмээн сүрхий нэрлэдэг. Харин Киргизийн хувьд Ази, Европыг холбосон торгоны замын торгон үзүүрт нь байрладаг. Энэхүү газарзүйн ашигтай байршлынхаа ач тусыг үзэж чадалгүй өчнөөн жил болжээ.
Шалтгаан нь Ази, Европыг холбосон торгон гарц дээр нөлөөгөө тогтоох гэсэн хүчирхэг хоёр хөршийн хоорондын зөрчлөөс үүдээд Киргизүүд үнэндээ Тэнгэр уулынхаа мухар хавьд эргэдэг ганц төмөр замтай болчихоод байгаа юм. Тяншин уулын эгц хянга хүрээд гацчихсан киргизүүдийн мөрөөдөл эдүгээ хүсэл мөрөөдөл бус, мухардал гэсэн шинэ нэр томъёотой болоод байна. Шалтгаан нь юу вэ гэж асуувал нөгөө л “геополитик” хэмээн Орос ба Хятад хөршүүд нь киргизүүдийн өмнөөс хариулчих биз ээ. Яг үнэндээ геополитик хэмээх учир битүүлэг том үгийг дээхнэ үеийн дарангуйлагч улсууд л гадаад бодлогодоо барьж ирсэн. Харин орчин цагийн даяаршил дунд улс орнууд “геоэдийн засаг” хэмээх үгэнд ач холбогдол өгч, үр шимийг нь хүртэж явна.
Киргизийн мөрөөдөл мухардал болсон ньТэд 268 километр урт төмөр зам тавихаар 16 жилийн турш “мөрөөдөж” байна. Уг нь Зүүн Европ-Хятадыг холбосон маш дөт чиглэл, Транс Сибирийн замаас 900 километрээр товч зам юм шүү дээ. Оросуудаас эмээж дээрх үр ашигтай маршрутаа барьж чадалгүй гацжээ. Транс Сибирийн төмөр замтай өрсөлдөх шинэ маршрут бий болгохыг Оросын тал хүсэхгүй байгаагаас үүдээд ийнхүү Тяншин уул хүрээд, буцаж эргэдэг мухар замтайгаа зууралдсаар байгаа юм. Арван зургаан жилийн турш киргизүүд төмөр замын хэрүүл дунд байж, өдгөө ч хөршүүдийнхээ шахалтаас гарч чадаагүй байна.
Киргиз Хятадын хилээс тус улсын өмнөд хэсэгт Узбекстантай хиллэдэг Карасугийн өртөө хүртэл гурван улсын хил дамнан уг замыг тавих төслийг хэлэлцээд багагүй хугацаа өнгөрчээ. Багагүй ч гэж дээ, даруй арван жилийг ардаа орхисон байх юм.
Сүүлийн үеийн судалгаагаар дээрх 268 километр төмөр зам тавих төслийн нийт өртөг хоёр тэрбум ам.доллар гэж тооцсон нь Киргизийн ДНБ-ний 40 хувьтай тэнцэж байгаа юм. Энэ дүнг төмөр зам тавих явцад өснө гэж таамагладаг. Гэхдээ Киргизэд энэ хэмжээний мөнгө гаргах төсөв байхгүй нь тэдний толгойны өвчин болжээ. Тиймээс л хоёр хөршийнхөө амыг хараад, ашиг сонирхлын маргаан дунд нь эдийн засгийн алтан боломжоо алдаад суугаа юм. Тус улсын дэд бүтцийг хөгжүүлэх уг мега төсөл хэрэгжвэл жилд 210 сая ам.доллар “цохиод” суух боломж тэдэнд байгааг судалгаанууд харуулдаг. Цаашлаад Хятад Европыг холбосон “торгоны дөт төмөр зам” Киргизийн эдийн засгийг дор нь босгох байсан.
Төслийг санхүүжүүлэх хоёр гарц тэдэнд байгаа. Нийт санхүүжилтийг Хятадын талаас гаргуулж төмөр зам барьсны дараа эргүүлэн төлөх боломж байна. Ойролцоогоор 10 жилийн хугацаанд зээлээ эргэн төлөх тооцоо гарчээ. Эсвэл Төрийн өмчит компани байгуулж 51 хувийг Киргиз, 49 хувийг хятадуудад эзэмшүүлж болно гэж тэд үзэж байгаа юм.
Аль ч сонголтыг хийсэн, киргизүүдэд нэг болгоомжлол үүссэн. Төслийг хэрэгжүүлснээр 13500 шинэ ажлын байр нэмэгдэх тооцоо гарсан ч үүний хэд нь Киргизийн иргэд байх нь тодорхойгүй байгаа. Хятадын “Зам гүүрийн корпораци” тус улсад орж ирэхдээ хэчнээн тооны ажилчин оруулж ирэхийг мэдэхгүй байна гэдгээ Киргизийн Сангийн сайд хэлсэн удаатай.
Киргизэд “мөрөөдлийн төмөр зам”-ыг нь тавих сонирхол хятадуудад их байна. Тэд одоо Оросын Транс Сибирийн төмөр замаар дамжуулж Европын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Жилд дунджаар 50 сая тонн буюу 200.000 чингэлэг ачааг дэлхийн хамгийн урт төмөр замаар зөөдөг байна. Хамгийн үр ашиг муу зам гэж судалгааны байгууллагууд Транс Сибирийн төмөр замыг тодохойлсон байдаг. 100 жил ашиггүй ажиллаж буй Транс Сибирийн төмөр замаар гэлдрэлгүй, харин Киргизийн мөрөөдлийн шинэ төмөр замыг байгуулснаар Европын зах зээлд нийлүүлдэг тээврийн зардлаа багасгана гэж хятадууд тооцоолдог.
Шинэ төмөр зам бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл жилд 15 сая тонн ачаа зөөвөрлөнө гэсэн судалгаа гаржээ. Шинэ төмөр замын ТЭЗҮ хийх тохиролцоонд Хятад, Киргизийн тал өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хүрчээ. Асуудал бага ч гэсэн урагшилсан гэсэн үг, 16 жилийн дараа. Одоо судалгааг Орос хэлэнд хөрвүүлж байгаа бөгөөд ОХУ-ын талд танилцуулж нэг ёсны зөвшөөрөл авах бололтой. Монголын улстөрчдийн ярьдгаар бол “геополитик” гэгч нь тэр байх.
Шинэ төмөр зам оросуудад ашиггүйКиргизийг Хятадын ачаа тээврийн транзит улс болгох сонирхол оросуудад байхгүй гэдгээ илэрхийлдэг. Тиймээс ч хятадууд боловсруулсан ТЭЗҮ-гээ оросуудад “шалгуулах”-аар орчуулж байна.
Киргизийн Ерөнхий сайд А.Атамбаев 2011 оны нэгдүгээр сард ОХУ-д айлчилсны дараа оросууд Киргизэд нийлүүлдэг газрын тосны тонн тутам дахь татвараа 192 ам.доллароос 250 ам.доллар болгон нэмсэн юм. Яг Монголын нефтийн импорт шиг хүнд байдалд оржээ. Энэ явдлын дараа 2011 оны дөрөвдүгээр сард Киргизийн Ерөнхий сайд А.Атамбаев Беларус-Казахстан-Оросын татварын нэгдсэн тарифын холбоонд орох болсноо зарласан юм.
Беларус-Казахстан-Оросын тарифын холбоо нь 2010 онд байгуулагдаж, 2011 оны долдугаар сараас хилийн татвараа чөлөөлөх хэлэлцээрүүд хийсэн. 2015 он гэхэд уг холбоог Евро-Азийн том бүсийг хамарсан эдийн засгийн холбоо болгохыг ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин зорьж байгаа. Уг холбоонд одоо Киргизээс гадна Тажикстан элсэхээ мэдэгдээд байна.
Мөн Оросын тал зорчигч болон ачааны чингэлгийн хурдны зам болох “Транссиб-2” төсөл боловсруулах гэж байгаа. Төслийн дагуу 7000 гаруй километр урт төмөр зам тавихаар төлөвлөжээ. Оросын өмнөд хилээс баруун хязгаарт долоо хоногийн дотор ачаа тээвэр хүргэхээр тооцоолж байгаа гэнэ. Богино хугацаанд ачаа тээврийн чингэлгийг явуулдаг болсноор Хятадаас Европ руу чиглэсэн ачаа тээврийн урсгал нэмэгдэж, өнөөгийн Транс Сибирийн хоцрогдсон замын алдагдлыг багасгана хэмээн тооцоолж буй юм.
Транссиб-2 төслийг үндсэндээ Хятадын ачааг алдахгүй байх сонирхлоор хийж байна. ОХУ нь Хятадын Европ руу нийлүүлэх бараа эргэлтийг хянах боломжоо алдахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Киргизэд үр ашигтай төмөр зам тавихыг таашаахгүй байгаа Оросын сонирхол ийм учиртай.
Узбекстанд ашиггүй гэв үү?Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гурван улсын хилийг дамнан тавигдах гэж буй энэхүү төмөр замыг тавихад татгалзах зүйлгүй гэж Узбекстаны тал мэдэгджээ. Гэтэл Узбекстан Киргизтэй холбогддог төмөр замаа энэ оны нэгдүгээр сарын 21-нд тодорхойгүй шалтгааны улмаас хаасан байна. Төв Азийн төмөр замын сүлжээг судалдаг судлаачдын үзэж байгаагаар энэ явдал нь Оросын “нүүдэл” байх магадлалтай гэжээ.
Монголын мөрөөдлийн замд гаднын саад байна уу?УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг энэ онд 21 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн онд 20.3 сая тонн ачаа тээвэрлэснээ түүхэн амжилт гэж төмөр замчид нэрлэж байна билээ. Тээврийн ачаалал дээд цэгтээ хүрч байгаагийн илрэл энэ. Уул уурхайн төмөр замгүй Монгол улсын хувьд ачаа тээврийн хорин хэдэн сая тонноосоо илүү гарч чадахгүй, улсын эдийн засгийг цаашид хойш татах нь тодорхой юм. Тиймээс Киргиз шиг мөрөөдлийн замаа мухардлынх болгож, арван хэдэн жилээр айлын царай харалгүй оновчтой шийдэлд бид хүрэх ёстой.
Мөрөөдлийн төмөр зам тавихад бидэнд Киргизээс давуу байдал бий. Хоёр хөрш өөрсдийн нутаг руу чиглэсэн маршрутыг дэмжих учир урд, хойд хоёр чиглэлээ зэрэг дэмжүүлээд явах боломж бий. Түүнчлэн төмөр зам тавих мөнгөө монголчууд ирээдүйгээсээ зээлж, бонд босгосон шүү дээ. Мөнгө, гарц хоёул бэлээхэн байхад монголчууд дотроо хэрэлдэж, цаг хугацаа алдаж байгаа нь гол гарз юм.
Э. Хулан
Зохиогчийн эрхийг хүндэтгэн зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахгүй байхыг хүсье.