Австралийн коксжих нүүрсний гол бүс нутаг Куэнсланд мужид хүчтэй үер болж буйн улмаас төмөр замын дэд бүтэц усанд автан эвдэрч, боомтууд хаагдахад хүрчээ. 2010-2011 оны зааг үеэр тус мужид болсон хүчтэй үерийн улмаас коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд хамгийн дээд цэгтээ хүрч, 300 ам.доллар/тонн-оос хол давж байсан билээ. Шинжээчид, Австралийн үерийн улмаас коксжих нүүрсний үнэ багагүй хэмжээгээр өсч магадгүй гэж үзэж байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ 157 ам.доллар/тонн-д хүрээд байсан юм.
Үерийн нөлөөгөөр зах зээл дэх гол нийлүүлэгч Австралийн коксжих нүүрсний үнэ өсдөг байдал 2008 он болон 2011 онд тод ажиглагдаж байсан юм. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд коксжих нүүрсний үнэ өмнөхтэй адил нэг тонн нь 300 ам.долларт хүрэхгүй нь тодорхой юм. Учир нь АНУ, Канад, Орос, Индонез зэрэг улсын коксжих нүүрсний олборлолт “хүчирхэгжиж” амжаад байна. Үүний дээр Монголын коксжих нүүрсний Хятад руу хийх экспорт үлэмж хэмжээгээр нэмэгдсэн нь зах зээлийн зарчмыг өөрчилжээ. Гэхдээ нийлүүлэлт харьцангуй сайжирсан ч Австралийн “брэнд” нүүрс үерт боогдсон нь зах зээлд үнэ өсөх бодит шалтгаан хэвээр байгааг шинжээчид тэмдэглэж байна. Хөрөнгийн биржүүд дээр нүүрсний компаниудын хувьцаа ч өсч эхэлжээ.
Б.Төгс