“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компанийн толгой компани “Рио Тинто” төслийн хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдсэн билээ. Иймээс Монгол улс төсөл дэх хяналтаа чангатгах хэрэгтэйг Ерөнхийлөгч сануулсан. Энэхүү мэдэгдэлтэй зэрэгцэн “Рио Тинто” төслийн үйл ажиллагааг зогсооно, зогсоохгүй гэх сенсаци олон улсын хэвлэлүүдээр өрнөсөн юм. Гэхдээ “Рио Тинто”-гийн “Оюутолгой” төсөл дэх хөрөнгө оруулалтын хэмжээ 24 тэрбум ам.доллар болоход хүрвэл энэ нь тун тодорхойгүй байдал үүсгэх нь гарцаагүй.
Шинжээчдийн тооцоолж буйгаар “Оюутолгой” төслийг бүрэн ашиглалтад оруулахад дээд тал нь 13 тэрбум ам.доллар шаардагдана. “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Камерон Макрей ч хэвлэлийн хурлуудаар хийсэн мэдэгдэлдээ энэ тухай тайлбар өгсөн. Нөгөөтэйгүүр, “Рио Тинто” компанийн “Чалко”-той хамтран Гвиней улсад хэрэгжүүлж буй “Simandou” төмрийн хүдрийн төсөл 10 тэрбум ам.долларын өртөгтэй. Энэхүү төсөл Оюутолгой төслийг бодвол харьцангуй энгийн ч дэд бүтцийн асар том бүтээн байгуулалтыг “Simandou” төслийн хүрээнд хийж буй юм.
Үүнээс гадна “BHP Billiton” компани Австралид хэрэгжүүлж буй “Олимпик Дам” зэс, алт, мөнгө, ураны төслийнхөө өргөтгөлийг 40 тэрбум ам.доллараар хийхээр төлөвлөөд байсан нь дэлхийд хамгийн томоохонд тооцогдох төсөв байсан билээ. Энэхүү төслийн өргөтгөл нь боловсруулалтын түвшин өндөр, дэд бүтцийн үлэмж бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч болон бусад олон дэвшилтэт технологи ашиглалтыг багтаасан байсан юм. Дээр нь Австралийн үйл ажиллагааны зардал Монголынхтой харьцуулахад нэлээд өндөр учир аливаа төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн төсөв шаарддаг. “BHP Billiton” төслийг өргөтгөх төлөвлөгөөгөө өнгөрсөн онд цуцлахаар шийдвэрлэсэн ч эргээд шийдвэрээ өөрчилж магадгүй байгаа юм.
“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт 24 тэрбум гаруй ам.доллар болоход хүрвэл “Рио Тинто” магадгүй төслийн хүрээнд өөр олон үйлдвэр байгуулах төлөвлөгөөгөө танилцуулах гэж байж болох юм. Гэвч одоогийн байдлаар “Рио Тинто”-гийн зүгээс үүнтэй холбоотойгоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
“Рио Тинто” компани саяхан Мозамбик дэх нүүрсний төслийн худалдааны хэлцэл болон өөрийн компанийн хөнгөн цагааны компанийн үйл ажиллагаанаас үүдэн 14 тэрбум долларын шууд бус алдагдал хүлээснээ зарласан юм.
Тус компанийн хувьд “Оюутолгой” төслийн хоёр дахь үе шатны хөрөнгө оруулалтыг татах ажилдаа хэдийнэ орж, Дэлхийн банк болон бусад санхүүгийн байгууллагатай яриа хэлэлцээр хийж эхлээд байгаа юм.
“Рио Тинто”-гийн хувьд энэ онд татварын өмнөх байдлаар нь авч үзвэл 22 тэрбум ам.долларын ашигтай ажиллах төлөвтэй байгааг шинжээчид тооцож гаргажээ.
Нэгдүгээр сарын сүүлээр “Оюутолгой” төслийн эхний баяжмал бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаснаа төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компани зарласан ч тус компанийн хувьцааны үнэлгээ доошилсоор байна. Өнөөдрийн байдлаар “Turquoise Hill” компанийн хувьцаа Торонтогийн бирж дээр 1.17 хувиар буурч, 7.57 доллар болжээ. “Оюутолгой” төслийн хэвийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулагч нар төдийлөн итгэлгүй байгааг хувьцааны арилжааны өсөлтгүй байдал харуулсаар байна.
“Оюутолгой” төсөл хэдийгээр хамгийн бага зардлаар олборлох боломжтой дэлхийн хэмжээнд арвин нөөцтэйд бичигдэх зэс, алт, мөнгө, молибдений орд ч гэлээ хөрөнгө оруулалтын хэмжээ нь “тэнгэрт тулах” шинжтэй болж байна.
Б.Төгс
Зохиогчийн эрхийг хүндэтгэн зөвшөөрөлгүй
хуулбарлан ашиглахгүй байхыг хүсье.