Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Коксжих нүүрсний зах зээл сэргэж эхэллээ

Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногийн байдлаар дунджаар 165 ам.доллар/тонны үнэд хүрсэн. Харин энэ долоо хоногийн байдлаар уг түүхий эдийн үнэ тонн тутамдаа 4-5 ам.доллараар өсөөд байна. Шинжээчдийн тайлбарлаж буйгаар коксжих нүүрсний үнийн зах зээлийн уур амьсгалд “сэргэх” урь орж эхэлжээ. Хэдийгээр энэхүү сэргэлт Австралийн Куэнсланд муж дахь хар салхи, үертэй холбогдож байгаа ч мөн Хятад, АНУ, Европын орнуудын гангийн үйлдвэрлэлийн өсөлтөөс хамаарч буй юм. Коксжих нүүрс 2011 онд үнийн дээд амжилт тогтоож, дунджаар 290 ам.доллар/тоннын үнэтэй байсан бол 2012 онд үнэ нь нэлээд буурч, дунджаар 210 ам.доллар/тоннтой байсан юм.  Энэ онд коксжих нүүрсний үнэ төдийлөн өсөхгүй 170 ам.доллар/тоннд хэлбэлзэнэ гэж зарим санхүүгийн байгууллага таамаг дэвшүүлээд буй ч өчигдрийн байдлаар Австралийн боомтууд дээр уг түүхий эдийн CFR нөхцөлтэй үнэ 186 ам.доллар/тонн, FOB үнэ нь 172 ам.доллар болж өсчээ.

Олон улсын санхүүгийн байгууллагуудын шинжээчид Монгол, Мозамбикийн хямд үнэтэй нүүрсний нийлүүлэлт ирэх жилүүдэд үлэмж ихээр нэмэгдсэнээр нүүрсний үнэ унана гэж тайлбарлаж буй. Гэвч коксжих нүүрсний гол нийлүүлэгч болох Австралид уурхайн үйл ажиллагааны зардал ихэсч буй тул цаашид уг түүхий эдийн үнэ төдий л буурахгүй гэсэн тооцоо ч бас байна.

Хятадын зах зээлд ган болон төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн есдүгээр сараас хойш 30-70 хувиар өссөн ч ган үйлдвэрлэлд тун чухал үүрэг гүйцэтгэдэг коксжих нүүрсний зах зээл хэтэрхий “сул” хэвээр байсан нь ийнхүү “идэвхжиж” магадгүй байна.


Б.Төгс