ОХУ нь газрын ховор металлын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвараа хөгжүүлэхээр зорьж байна. Тус улсын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев газрын ховор металлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан тушаалд гарын үсэг зуржээ. Улс орны эдийн засгийг газрын ховор металлаар хангах явдал нь үндэсний аюулгүй байдалд асар их ач холбогдолтой бөгөөд үйлдвэрлэлийг шинэчлэх онцгой үүрэгтэй.
Дэлхийн зах зээл дээр газрын ховор металлын нийлүүлэлт хязгаарлагдмал байдаг билээ. Өнөөг хүртэл энэ зах зээлийн 97 хувийг Хятад дангаар бүрдүүлж, газрын ховор металлын дэлхийн нөөцийн 42 хувийг тус улсын компаниудын хяналтад байдаг. ОХУ нь газрын ховор металлын нөөцөөрөө дэлхийд хоёрт ордог боловч дотоодын хэрэгцээгээ бүрэн импортоор хангасаар иржээ. Тиймээс шинээр батлагдсан хөтөлбөр нь тус улсад батлан хамгаалах үйлдвэрлэл, эдийн засгийн бусад салбарын хэрэгцээг хангах болон гадаадын зах зээлд гарах технологийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх газрын ховор металлын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Зохиогчийн
эрхийг хүндэтгэн зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахгүй байхыг хүсье.