Дэлхийн зах зээлд зэсийн үнэ сэргэх хандлагатай болж, өнгөрсөн даваа гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн нь 8346 ам.доллар болж өсчээ. Зэсийн үнэ ийнхүү өнгөрсөн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрсэн бол өнөөдрийн байдлаар хүрэн металын үнэ харьцангуй буурч 8230 ам.доллар/тоннд хүрээд байна. Учир нь хөрөнгө оруулагчид өнөөдөр болж буй Европын төв банкны хурлын үр дүнг харзнаж буй гэж шинжээчид тайлбарлаж байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар энэхүү хурлаар Европын төв банк бодлогын хүүгээ 0.75 хувьд хүргэж магадгүй байна.
Зэсийн үнэ өсөх болсон нь Хятад,
АНУ-ын эдийн засаг сайжирч, аж үйлдвэрлэл эрчимжих тухай мэдээлэл цацагдсантай
холбоотой юм. Үүнтэй зэрэгцэн аж үйлдвэрийн голлох бүтээгдэхүүн хөнгөн цагааны
үнэ ч өсчээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын үйлчилгээний салбарын үзүүлэлт
сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүрч, 56.2 болсон
юм.
Б.Төгс
Зохиогчийн эрхийг хүндэтгэн зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахгүй байхыг хүсье.