Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

УУЛ УУРХАЙ БА НУТГИЙН ХҮМҮҮС

С.Энхцэцэг

Нэгдүгээр сарын говийн нар, мэргэн цэцэн үгтэй нутгийн хүмүүс, их говийн зоригтон тэмээчин өвөө, Идэр Дампил аваргын тухай домог, Шар цавд үлэг гүрвэлийн мөр манаж суугаа палеонтологич залуу гээд Галбын говиор хийсэн аялалын богц дүүрэн.

Даланзадгадын нар

Идэр есийн жавар тачигнасан Улаанбаатараас цаг гаруйхан нисээд Даланзадгадад буулаа. Сурсан зангаараа малгай толгойгоо бүчлэн иж бүрэн хуяглаж аваад онгоцны шатаар уруудав. Уулзах хүмүүсийн нэр ус, очих газрууд, буух буудал гэсээр цаг агаарын тухай мартаж орхиж. Бүлээн оргиод нэг л өөр байх чинь. Ердөө цагийн өмнө нүүр нүдгүй хайрч асан жавар алга. Зөөлөн ээх говийн наранд сэтгэл тавирч, алхаа удаашран хаана ирснээ сая л ухаарлаа.

Өмнөговь аймаг. Уул уурхай гэдэг үгтэй бараг ихэрлэж сонсдох болсоор уджээ. “Хөгжил” студийн баг энэ удаад уул уурхайн бүс нутгийн оршин суугчдын ахуй амьдрал, санаа бодлыг сурвалжлах зорилготой яваа юм. Бидний уулзсан эхний хүн бол Өмнөговь аймгийн түүх соёлын “Баян түүх” төрийн бус байгууллагын тэргүүн А.Цоож. Ус нутгийнхаа уламжлалт соёл, түүхийн дурсгалуудыг хадгалж хамгаалах үйлсэд сайн дураараа зүтгэж яваа нутгийн буурлуудын нэг. Өмнөговь аймгийн нутаг дахь өв соёлын дурсгалуудын тоо хэмжээ, өргөн нарийнийг цээжээрээ мэднэ. Ёстой нөгөө нүүдэлчний аман зохиолын сан гэмээр хүн аж.

“Манай аймагт Хүннүгийн үеэс XIII, XIV зууны үед хамаарах арав гаруй хот балгас, хориод цэргийн хамгаалалтын байрууд, 300 гаруй булш хиригсүүр гээд биет дурсгалууд бий. Уг нь олон зуун жил хашаа хороо барих гэж чулуунаас нь нааш цааш зөөснөөс өөрөөр тоногдоогүй, эвдэрч хэмхрэх аюул багатай хадгалагдаж ирсэн юм. Гэтэл уул уурхайн хөл гай чирч эхлээд байна. Гурвантэс сумын нутагт байсан Хавтын бунхан гэхэд 10 м урт, 4 м өргөн, 2.5 м гүнзгий ухсан байгаа юм. Сэврэй сумын нутагт байх Түрэгийн үеийн хөшөөн дээрх эртний руни бичээсийг устгаад оронд нь “Баян хааны 3-р он.

Манжийн цэргүүдтэй хийсэн 8 дахь тулаан энд болсон” гээд бичээд тавьчихсан байгаа юм даа. Манай аймаг их хөлийн газар болох нь тодорхой болчихлоо.  Байгаль орчинд халгүй, нутаг орныхондоо өгөөжтэй, түүх соёлын дурсгалууддаа ээлтэй тийм уул уурхай хөгжөөсэй гэж хүсч байна гэж ярив. А.Цоож гуайтай бид Даланзадгадын Ажнай хэмээх таван морины хөшөөтэй талбай дээр уулзаж хуучилсан нь энэ. Ус нутгийнхаа үүх түүх, өнөө маргаашийн талаар дундаршгүй их дурсамж, бодол, шийдэл тээсэн бууралтай нэгдүгээр сарын говийн наран дор суун цаг гаруй хөөрөлдлөө. Даарсангүй.



Дараа нь Өмнөговь аймгийн Ахмадын өргөөгөөр орлоо. Сумдын сайн дурын уран сайханчидтай хамтран уртын дуу дэлгэрүүлэх, залуу үед өвлүүлэх арга хэмжээ зохион байгуулаад өндөрлөж байв. “Бидний багад ахас ихсээ хүндлэх гэж сайхан ёс байж. Одоогийнхоор бол харилцааны соёл юм уу даа. Бас монгол айл бүр үйлдвэрлэгч байж. Нэхий, сур элдэхээс эхлээд бүх хэрэгцээгээ өөрсдөө хангачихна. Би сур элдэж чадна. Эсгий хийхийг мэднэ. Харин залуу үеийнхэн энэ талаар маруухан болжээ. Эдгээр өөрчлөлтүүдэд жаахан сэтгэл эмзэглэж явдаг” гэж аймгийн Ахмадын хороон дарга Ц.Бат-Өлзий гуай ярьж сууна.

Говийн нар жаргаж, жавар сэвэлзэх цагаар Даланзадгадын төвөөр зугаалцгаав. Чамин шийдэлтэй, өндөр ногоон буудал аймгийн төвийн шинэхэн байшингуудын дундаас тод ялгарна. Гандирс төв гэнэ. Их дэлгүүрийн хажууханд байдаг Гандирсын дүү нь юм байх. Ажнайн морьт хөшөө, Гандирсын зочид буудал гэхчлэн Өмнөговийн гаралтай бийлэгжүү хүмүүс нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулцгаажээ.



Саяхныг хүртэл Өмнөговь хүн ам хамгийн сийрэг суурьшсан аймаг байв. Хот руу чиглэсэн их нүүдэл үргэлжилж байгаа энэ жилүүдэд ганцхан Өмнөговь аймагт хүн ам нь хоёр дахин өссөн үзүүлэлттэй. Өнгөрсөн оны байдлаар хүн амынх нь тоо 56 мянгад хүрч. Ажил тарах цаг болоод ч тэр үү, төв замын  уулзварт тэрүүхэндээ түгжрэл үүсчихэж. Цагдаа ирчихсэн зохицуулж харагдана. “Манайхан яахав, сониуч улс. Машин тэрэг авч унана гэж хөөрөөд л...” гэж Цоож гуайг хэлэхэд “Одоо арай өөр болоо байлгүй” гэв. “Одоо ухамсарлаж байгаа ч бас өөрчлөгдөхгүй л байна. Харж байгаа биз дээ...”.

Хүнсний дэлгүүр, цагаан идээний захаар орлоо. Цагаан сар дөхсөнөөс тэр үү, цагаан идээ үнэтэй. Хотод харсан үнээс лав хорь гучин хувь ахиу. Гэхдээ ингэний хоормог, ааруул, идээ гүйлгээ сайтай байна лээ. Бусад хүнсний барааны хувьд хотынхтой үнэ ойролцоо, зарим бараа арай үнэтэй ч байж магад. Орой нь бид хятад маягийн халуун тогооны жижиг ресторанд орлоо. Хотын халуун тогооны газруудтай харьцуулахад ногооны сонголт цөөн, гэхдээ үнэтэй юм билээ.

Гүйлгээ ухаантны нутаг

Маргааш өглөөний нь ургахын улаан нарнаар Даланзадгадыг орхин хөдөллөө. Бидний буусан эхний айл Ханхонгор сумын харьяат Ч.Бямбасүрэн гуайнх. Машины хаалга нээнгүүт бууцны үнэр содон ханхийнэ. “Уул уурхай хөгжсөөр хойш урагшаа хүн их явдаг, хөдөлгөөнтэй газар болсон. Би ч яахав, орж гарсан хүмүүст цай чанаж өгөөд янзандаа л сууж байна” гэж Бямбасүрэн гуай хуучлав. Зочин тасардаггүй айл бололтой. Ганчимэг гээд залуухан ээж хүүхдээ салхилуулахаар ирчихэж. Үсчин мэргэжилтэй, Оюутолгойд ажиллаж байгаад амралтаа авсан гэнэ. Бид хоёр Өмнөговийн залуучуудын талаар ярилцлаа. “Залуучуудад ажлын байр нэмэгдсэн нь үнэн. Гэхдээ нутгийн залуучууд голдуу үйлчилгээний ажилд томилогддог нь бас үнэн. Өмнөговийн маань залуучуудад мэргэжлээрээ ажиллах боломж улам нэмэгдээсэй гэж хүсч байна” гэв. Ярилцаж эхлэхэд ичимхий гэмээр дуу муутай байсан бүсгүй цаашлах тусмаа дуу орж ам халах янзтай. “Манай Өмнөговийнхон цоглог шүү” хэмээн нүд нь гялалзсаар үлдлээ.

Аян зам цааш хөврөв. Говийн элчилгүй их тал дундуур хатуу хучилттай замаар давхих уг нь урамтай. Даанч манай жолооч 80 миллээс хурдаа хэтрүүлэхгүй юм. Компанийнх нь дүрэм тийм гэнэ. Энд хатуу хучилттай зам байхад тээр тэрүүгээр тоос манаруулан давхих нүүрс ачсан нүсэр цуваа хөвөрнө. Энэ зам 245 км урттай. Шууд өмнөд хил хүрнэ. Гэвч энэ замаар “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” гэхчлэн замын хураамжаа төлсөн цөөхөн компанийн машинууд л явдаг. Тэнгэрт тултал нүүгэлтэх саарал тоос нутгийн хүн амьтны тав тухыг алдуулж, унтууг нь хүргэсээр уджээ. “Нүүрсийг төмөр замаар л тээвэрлэдэг болгох хэрэгтэй” гэж А.Цоож гуайн хэлсэн хэзээ биелэх юм бол.



Бүрэнхий болохын алдад “Оюутолгой” компанийн уурхайн хотхонд ирж байрлав. Дашрамд, Өмнөговь аймгаас сурвалжлага хийх манай студийн санаачилгыг дэмжин хамтарч ажилласан “Оюутолгой” компанийн хэвлэл мэдээллийн албаны ажилтан Ч.Бүрэнбаяр, Ц.Ганзориг мөн уурхай дахь Соёлын өвийн хөтөлбөрийн ажилтан залууст талархал илэрхийлье.

Маргааш өглөө нь бид эртлэн босч ургахын улаан нар мандахтай зэрэгцэн Ханбогд сумын төвд ирлээ. Эхний уулзсан хүн нь “Оюуны Өргөө Ханбогд” төрийн бус байгууллагын захирал С.Сандагсүрэн. Ханбогд бол уул уурхайн үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд багтдаг сум. Уул уурхай хөгжсөнөөр нөлөөллийн бүсийн сумдад хамаарах олон төрлийн шинэ харилцаанууд бий болжээ. Тиймээс нутгийн иргэдийн дуу хоолой болох, хариуцлагатай засаглал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллагууд ч олноор үүсч. Эдгээрийн нэг нь С.Сандагсүрэнгийн байгуулсан “Оюуны өргөө” төрийн бус байгууллага аж.

Олон жил багшилсан туршлагатай, сэтгүүлч мэргэжилтэй энэ бүсгүй төрийн бус байгууллагынхаа хүрээнд ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын олон газраар явж туршлага судалжээ. Хүмүүс ажилд орохдоо ажилд орчихлоо гэж баярлахаас ямар гэрээнд гарын үсэг зурж байгаадаа тэр бүр ач холбогдол өгдөггүй гэнэ. Тэгээд ажиллах явцдаа янз бүрийн асуудалтай тулгардаг. Жишээ нь, CIS Mongolia гээд туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудын  тавьсан гомдлын дагуу тус төрийн бус байгууллага хөөцөлдөн гэрээг нь Монгол Улсын хууль дүрэмд нийцүүлэн өөрчлүүлж байж. “Бид иргэдийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахаас гадна тэдэнд зориулсан төрөл бүрийн сургалт зохион байгуулдаг” гэж С.Сандагсүрэн ярилаа. Галбын 33 говийн өлгий энэ сайхан нутагт төрж өссөнөөрөө бахархдаг гэх нийгмийн зүтгэлтэн энэ бүсгүй дурсамжийн ном бичиж эхэлснээ бас хуучилсан юм.

Их говийн зоригтны тухай эрхгүй эргэцүүлэхэд хүргэсэн хүн бол Монгол Улсын гавьяат малчин Д.Хүүхэнбаатар гуай. Өөрийнхөө мөн чанарыг тэмээтэйгээ зүйрлэх хэлэмгий, ухаалаг бууралтай хүүрнэж суухуй “их говийн зоригтон гэж ийм хүн байдаг байх нь хэмээн дотроо дуу алдан олзуурхаж суув. “Тэмээ хөөрхий, даанч сайхан бодь амьтан даа. Энэ том амьтан үхчихгүй биз гэж бас болохгүй. Нэг дор орчихвол тун хэврэг. Харин сайн арчилбал тэмээнээс ээлтэй амьтан ховор доо” хэмээгээд сэврэй хийцийн мөнгөн аягатай цайнаасаа аажуухан балгана. “Миний багад манай голын өвгөчүүл гэж ёстой нэг егөр улс байж билээ. Мэднэ, чадна, хийнэ гэж юүхэв.



Тэгээд эв найртай байсныг яана”. “Манай нутгийн Нархажид гэж ганц бие лам байсан юм. Тэр Галбын улаан говийнхон хоёр авдар дүүрэн юмтай даа. Тэд юугаар ч дутахгүй дээ гэж байсан гэдэг. Өнөө цагийг л зөгнөж байж. Гэхдээ энэ уул уурхай алтыг нь аваад авдрыг нь орхиод байх шиг байна даа. Наад зах нь манай говь хэтээсээ ус муутай. Гэтэл энэ том уурхайнууд гүний усыг нь сороод хэрэглэчихэж байгаа. Тэгээд одоо яах юм бол доо” хэмээн хуучлахдаа егөөтэй инээмсэглэх нүүрэнд нь гунигийн сүүдэр тусч үзэгдэв.



Баян-Овоо суманд бид Ж.Сүхбаатар гуайтай уулзлаа. Нутгийнхаа баяр наадам, уламжлалт баяр ёслолын үеэр дуулагдаж ирсэн уртын дууны арвин баялаг цуглуулгатай хүн. Зузаан сурагч дэвтрийг дуустал бичсэн гар бичмэл үзүүлэв. Яг дээр үеийн ая дан, үг хэллэгээр нь баримтжуулсан гэнэ. Эхлээд уулзахад үг дуу цөөтэй байсан өвөө яриа хөврөх тусам мэргэн цэцэн болсоор. “Танай нутгийнхан хэлэмгий улс юм аа” гэхэд “Равжаа хутагтын Галбад байгуулсан их номын хийдүүдийн адистэд оршиж ирсэн нутгийн хүмүүст онцлог бий. Үг нь хурц хэлэмгий гэхээсээ гүйлгээ ухаантай, цэцлэх эрдэмтэй гэж үздэг юм билээ” гэв. Баян-Овоо сумын төв талбайд томоо чулуу өргөн зогсоо бөх хүний хөшөө байх. Ж.Сүхбаатар гуай бидэнд Идэр Дампил хэмээн олноо алдаршсан сайн эрийн тухай сонирхолтой домог бас хуучилсан юм.

Шар цавын ганц гэр

Уул уурхай хөгжихтэй зэрэгцэн нөлөөллийн бүс буюу Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо зэрэг сумдад өрнөж буй бас нэг том ажил бол байгаль орчин, соёлын өвийн асуудал. Эдгээр сумдын нутгаар явахад археологи, палеонтологи, угсаатны зүйн судалгааны хүмүүстэй элбэг таарах аж.

Ханбогд дээр бид ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Бямбарагчаа, Б.Отгонбаатар нартай уулзав. Говийн айлд амьдарч түүх соёл, угсаатны зүйн судалгааны баримт цуглуулж яваа гэнэ. Нийт дөрвөн багийн 80 гаруй хүнтэй уулзаж яриаг нь тэмдэглэж авчээ. “Говийн соёл хангайнхаас өөр. Наад зах нь хэл яриа. Егөөдөөд байх шиг хэрнээ цэцлэх ухаан нь үнэхээр гайхамшигтай” гэцгээв.

Ханбогд сумын нутагт усны өрөмдлөг хийж буй газарт ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Майнбаяртай уулзав. Усны өрөмдлөг явагдах үед эртний амьтан ургамлын олдвор гарч ирж болзошгүй тул мониторинг хийх үүрэгтэй гэнэ. Тэндээс Б.Майнбаяраар замчлуулан Ханбогд сумаас 80 гаруй км-ийн зайд орших Шар цав гэдэг газрыг зорилоо.

Заг, бударгана ихтэй, хурц шовх арзгар орой бүхий өвөрмөц тогтоцтой намхан толгодуудыг ороон явсаар ганц гэрийн гадаа ирлээ. Говь хэдий ч нар сар гэрэлтсэн, дан бүрээстэй гэрт хэн өвөлждөг  байна аа гэж гайхсанаа нуух юун. Саахалт айлаасаа гэхэд 20 гаруй км-ийн алс говийн энэ ганц гэрт ганц залуу суух. ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Амарсайхан. Шар цав хэмээх энэ газар эртний таван төрлийн үлэг гүрвэлийн мөрүүдээрээ алдартай. Эртнээс нааш хэдэн мянган жил хэв янзаараа хадгалагдаж ирсэн байгалийн энэ музейд сүүлийн хэдхэн жилд аюул нүүрлэчихэж. “Хөл ихтэй” болсны үрээр дураар давхигч машин тэрэгний дугуй, хүн амьтны болгоомжгүй үйлдэл, нөгөө л яаж ийгээд баяжих ухаан дурсгалт энэ газарт аюулын харанга дэлдсэн хэрэг.

Тэгээд мэргэжлийн байгууллагууд эрхбиш арга хэмжээ авч томоохон хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлэхээр болж. Дулаан ормогц энд аялал жуулчлалын цогцолбор барих ажил эхэлнэ. Тэр болтол Д.Амарсайхан нарын залуу палеонтологичид  ганц биеэр, хээрийн гэрт суун хамгаалах үүрэгтэй. Биднийг ирэх сургаар гэрээ цэмбийтэл цэвэрлээд хуушуур хайрчихаж. Ирээдүйн мундаг палеонтологич эзгүй нутагт ганцаар амьдран, унинд хавчуулсан номуудаасаа уншин, эртний үлэг гүрвэлүүдийн гасланг анирдан суугаа гэж тооцсонгүй. Сумын дэлгүүрээс ганц талх ч бариад ирэх ухаан байсангүй. Хуушуурынх нь амттайг магтан бүгдийг нь цааш харуулаад, эртний үлэг гүрвэл, далайн ёроол, удахгүй босох соёл амралтын хүрээлэн гэхчилэн баахан хөөрөлдөж аваад хөдөлцгөөв. Д.Амарсайхан ганц гэрийнхээ гадаа далласаар үлдэвэй.

Маргааш нь бид Даланзадгадад буцан ирж аймгийн орон нутаг судлах музейг үзлээ. Музейн эрхлэгч, соёлын тэргүүний ажилтан Ц.Отгонтуяа, тайлбарлагч, боловсролын ажилтан Л.Болормаа нартай мөн л орон нутгийн соёлын өв, түүний хадгалалт хамгаалалт, залуу үеийнхэнд өвлүүлэх, сургах сэдвээр ярилцлаа. Эдний музей хүүхдүүдэд зориулсан уламжлалт тоглоом наадгай, ёс заншил, эдлэл хэрэглэлийн талаар танилцуулах сургалтын хөтөлбөртэй. Өдөрт 20-30 хүнд үйлчилдэг гэнэ. “Уул уурхайн компаниуд үйл ажиллагааныхаа үеэр олдсон соёлын өвд холбогдох дурсгалт зүйлсийг манай музейд өгч үзмэрийн сан хөмрөгийг нэмэгдүүлж байвал тустай байх сан гэж музейн эрхлэгч Ц.Отгонтуяа ярьж байна лээ. Бид Цагаан сараар тоглож ирсэн уламжлалтай алаг мэлхий өрөх шагайн наадгайг Л.Болормаагаар заалгав. Битүүний үдэш гэр хотлоороо цуглаад хүүхдүүд шуугилдан шагай нааддаг байж. Сайхан ёс юм аа.



Нэг мэдэхэд нислэгийн цаг тулчихаж. Утаат Улаанбаатараа зоръё доо. Өндрөө авсан бяцхан онгоц Галбын говийн дээгүүр дүүлж явна. Шинэхэн танилцсан хүмүүсийн царай, ярьсан яриа сэтгэлд эргэлдсээр. Говийнхон хөгжихөөр сэтгэл нэгэнт шулуудчихаж. Гэхдээ ямар хөгжлийг хүсч байна гээч. УЛАМЖЛАЛТ ӨВ СОЁЛОО ӨӨРЧЛӨЛГҮЙГЭЭР ХӨГЖИХИЙГ.