Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын нефтийн магнат “Nexen”-ийг эзэмшинэ

Хятадын газрын тосны салбарт эхнээсээ гуравт буюу “PetroChinaболон “Sinopec компанийн дараа орох CNOOC Канадын газрын тос, байгалийн хийн магнат Nexen Inc”-ийг 15.1 тэрбум ам.доллараар худалдаж авах зорилт бүрэн хэрэгжихэд тун ойртсоныг өчигдөр мэдэгдэв.  Энэхүү худалдааны хэлцлийг өнгөрсөн долдугаар сард анх зарлаж байсан ажээ. Харин “Nexen”-ий хувьцаа эзэмшигчид есдүгээр сард уг худалдааны хэлцлийг дэмжих шийдвэрт хүрснээ мэдэгдсэн байна. “CNOOC” буюу “China National Offshore Oil Corporation” нь Канадын “Nexen”-ийг нэгж хувьцаа бүрийг нь 60 гаруй хувиар илүү буюу 27.5 ам.доллараар  үнэлэн, 15.1 тэрбум ам.доллараар худалдан авахаар хоёр тал тохиролцжээ. Уг худалдааны хэлцлийг ирэх гуравдугаар сар гэхэд эцэслэх бөгөөд өчигдөр АНУ-ын Гадаадын хөрөнгө оруулалтын хороо энэхүү хэлцлийг дэмжин баталснаар “CNOOC” үндсэндээ “эцсийн хүндхэн даваа”-гаа давжээ. Учир нь уг худалдааны хэлцлийг өмнө нь “Nexen”-ийн хувьцаа эзэмшигчдээс гадна, Канадын Засгийн газар, тус улсын орон нутгийн шүүх, Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо зэрэг байгууллагаар хянуулан зөвшөөрлийг нь аваад байсан юм. “Nexen” нь Хойд Тэнгис, Баруун Африк, Канадын баруун хэсэг, Мексикийн буланд газрын тос болон байгалийн хийн баялаг бүхий талбай эзэмшдэг ажээ. “Nexen”-ий эзэмшлийн талбай дахь газрын тосны нөөц 2.02-5.6 тэрбум баррелиар хэмжигдэж байгаа юм. Харин “CNOOC”-ын хувьд одоогийн байдлаар 3.2 тэрбум баррель орчим газрын тосны батлагдсан нөөцийг эзэмшиж байна. “CNOOC нь өдөрт 900 мянган баррель нефть үйлдвэрлэдэг бол Nexen нь өдөрт 180-220 мянган баррель нефть үйлдвэрлэдэг ажээ. Энэхүү худалдааны хэлцэл нь Хятадын төрийн өмчийн компанийн гадаадын аж ахуйн нэгжийг худалдаж авахаар зорьсон хамгийн том хэлцэлд тооцогдож буй юм. Тус компани нь 2005 онд АНУ-ын газрын тосны “Unocal” корпорацийг худалдаж авахаар оролдсон ч, амжилттай үр дүнд хүрч чадаагүй юм. Харин “CNOOC”-ийн газрын тос, байгалийн хийн  нөөцөө арвижуулах стратеги энэ удаад амжилттай хэрэгжих нь тодорхой болоод байна.

 

Б.Төгс