Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ” ХАМТРАН АМЬДРАГЧ ”

Ашигт  малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр үргэлжилж байна. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com сайтын "Хууль, төсөл" булангаас үзнэ үү.

Санал бодлоо www.mongolianminingjournal.com-ийн "Хэлэлцүүлэг" булан  болон info@mongolianminingjournal.com хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.



1994 оны Ашигт малтмалын тухай хуульд анх удаа “стратегийн ашигт малтмал” гэсэн нэр томъёо хуульчлагдаж дараа нь 2006 оны Ашигт малтмалын тухай хууль  батлагдан мөрдөгдөж эхэлсэнээс хойш “стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд”-н  тухай хүн болгон ярьдаг болсон бөгөөд дараа нь “стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгж” гэж баахан ярьж байгаад багадсан юм байлгүй “стратегийн ач холбогдолтой аж ахуйн салбар”- тай болж авч хуульчлав. 

Одоо тэгээд яах юм бол “стратегийн ач холбогдолтой  эдийн засаг”, эсвэл “стратегийн ач холбогдолтой засгийн газар, УИХ” гээд, аягүй бол   “стратегийн ач холбогдолтой хамтран амьдрагч” гэсэн нэр томъёог Гэр бүлийн тухай хуульд оруулж хуульчлах нь холгүй болжээ.  Тэгэхээр “стратег” гэдэг үг их чухал үг бололтой юм. Цахим хуудсуудаар аяалж уг үгийн утга учир, гарал үүслийн тухай болон  цаашилбал стратегийн ашигт малтмалын тухай мэдээлэлийг олж уншиж ойлгосоноосоо  уншигч та бүхэнтэй хуваалцахыг хүсэж энэ нийтлэлийг тэрлэж байна.  

Стратег   гэдэг  нь "στρατηγία" (strategia)” гэсэн  грек гаралтай үг байх агаад түүнийг  “ Төвөгтэй  зорилтыг шийдвэрлэхийн тулд явуулж буй  урт хугацааг хамрах  тулалдаан ( үйл ажиллагаа)- ы бүдүүвч төлөвлөгөө; байлдааны болон цэргийн жанжны урлаг “ гэж тайлбарласан байна. Түүнчлэн “стратег гэдэг нь  байгаа боломжтой бүх нөөцөө үр ашигтай дайчлан үндсэн гол зорилтод хүрэх арга зам бөгөөд тактик гэдэг нь тэр арга замыг хэрэгжүүлэх хэрэгсэл юм” хэмээн дэлгэрүүлэн тайлбарлажээ. 

Ашигт малтмалтай холбоотойгоор “стратег” гэдэг үг хайхад  “strategic minerals“ (стратегийн ашигт малтмал) , “critical minerals“ (нэн чухал ашигт малтмал) гэж хоёр нэр томъёо голчлон таарах ба стратегийн ач холбогдолтой орд гэдэг нэр томъёо Орос, Монголын ашигт малтмалын тухай хуультай холбогдон олдож байх юм. Эргэцүүлээд бодоход уг нь ойлгомжтой юм шиг, яагаад вэ гэвэл Орос улс болон манайд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед улсын төсвийн хөрөнгөөр нээсэн ашигт малтмалын ордуудтай,  (манай Тавантолгойн нүүрсний орд, тэдний Удаканы зэсийн орд мэт ) тэдгээр нь нээгдснээс хойш ашиглалтанд оролгүй удсан, төрийн өмч давамгайлсан компаниар ашиглах бодлогоор  дээрх ангиллыг буй болгож хуульчилсан боловч ашиглалтанд оруулж чадахгүй удсаар байгаа адил тал байна.

Харин стратегийн ашигт малтмалын талаар маш олон нийтлэл, судалгаа байх ажээ. Испани улсын Геологийн албанаас 2011 онд гаргасан “Стратегийн ашигт малтмал: Өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөв” гэсэн нэртэй судалгааны 70 хуудас тайлан ч бас байна. Энэ тайланд ашигт малтмалыг стратегийн ба нэн чухал гэж хоёр ангилсан байна. Тайланд тухайн ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн хомсдолын эрсдэл  ба түүний эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь  бусад төрлийн түүхий эдтэй харьцуулахад өндөр байвал нэн чухал ашигт малтмал гэж тайлбарлаад стратегийн болон нэн чухал ашигт малтмалын ялгааг дараах байдлаар тодорхойлсон байна.

Батлан хамгаалахын зориулалтаар ашигладаг ашигт малтмалыг стратегийн (strategic),  нийлүүлэлтийн хомсдол нь эдийн засагт хохирол учруулж болох ашигт малтмалыг нэн чухал (critical) гэх ба нэн чухал ашигт малтмал нь стратегийн байж ч болно байхгүй байж ч болно  харин стратегийн ашигт малтмал нь үргэлж нэн чухалд тооцогдно гэсэн байх юм.

Түүнчлэн Wikipedia.org веб хуудсанд “стратегийн ашигт малтмалыг  тухайн улсын хөгжлийн төвшинг харгалзан тодорхойлдог” гээд стратегийн гэж тодорхойлсон ач холбогдолыг нь хоёр жишиг болгон авч үзсэн байна.

Нэгд нь, эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудад ашигт малтмалыг батлан хамгаалахын үйлдвэрлэлийн зорилгоор, эсвэл эдийн засагт  нэн чухал  ач холбогдол бүхий  үйлдвэрлэл, худалдаанд хэрэглэгддэг бол; хоёрт нь, үндэсний нэн тэргүүний  ашиг сонирхолыг хангахад шаардлагатай (дотоодын зах зээлийг эрдсийн бүтээгдэхүүнээр хангах, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх зэрэг) гэж  нэн чухалд тооцож болох ашигт малтмалын нөөц болон нийлүүлэлт хомсдолтой бол стратегийн гэж тодорхойлсон байх юм.

Улс орнууд ашигт малтмалд ач холбогдол өгч стратегийн гэж үзэн төрийн бодлогоо тодорхойлж хэрэгжүүлэхдээ дараах арга хэрэгсэлийг хэрэглэдэг байна.

Богино хугацаанд:
1.    Үндэсний батлан хамгаалах үйлдвэрлэлд ашигладаг ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх
2.    Дотоодын зах зээлд шаардагдах ашигт малтмалын нөөцийг бий болгох
3.    Ашигт малтмалын дотоодын үйлдвэрлэлд улсын төсвөөс татаас өгөх
4.    Ашигт малтмалын хайгуул, олборлолтыг хөхүүлэн дэмжих

Урт хугацаанд:

1.    Ашигт малтмалын нийлүүлэлтийн эх үүсвэрийг олшруулж нэмэгдүүлэх
2.    Металл болон материал судлалыг эрчимжүүлж зарим ашигт малтмалын бүтээгдэхүүнийг орлуулах боломжийг судлах
3.    Гадаад худалдааны бодлогоор зохицуулах

Дээрх бодлогын нэг жишээг манайхан их иш татдаг даа. АНУ нь гангийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг жоншийг стратегийн ашигт малтмал гэж тодорхойлон ихээхэн хэмжээгээр нөөцөлдөг гэж. Гэвч АНУ зөвхөн жонш бус бас боксит (14 1/2 сая тон), манган  (2.2 сая тон), хром (1.8 сая тон),  цагаан тугалга (185 мянган тон), кобальт (19 мянган тон), тантал (635 тон), палладий (1.25 сая трой унц), цагаан алт (453 мянган трой унц)  улсын нөөцөд хадгалдаг байна.

Ер нь аж үйлдвэрлэлд түүхий эд болгон хэрэглэдэг 80 гаруй төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний 30-50 хувийг  ямар нэг байдлаар экспортоор авч хэрэглэдэг тулд стратегийн   малтмалд хамааруулж ирсэн байна.

Манай улсын хувьд эдийн засгийн хөгжлийн талаарх төрийн бодлогын хувьд үндэсний эрх ашиг маань яг өнөөдөр юу байна аа? Хөгжлийн стратег нь юу байна аа?

Ойрын 10-20 жилд манай улсын эдийн засгийн хөгжлийн хөдөлгөх хүч нь мөн гэж нийтээр хүлээн зөвшөөрсөн уул уурхайн салбарын хувьд энэ нь юу байна аа?

Ашигт малтмалын хайгуулыг дэмжиж хүний нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй нийтийн өмч болох ашигт малтмалын ордыг хайж, олж нээн, олборлож, борлуулж экспортын орлогоо нэмэгдүүлэхэд байна уу? ( энэ асуудлыг зохицуулах гэж 1994 оноос хойш Ашигт малтмалын тухай хуулиудаар төрийн бодлогоо тодорхойлж ирсэн бөгөөд одоо дөрөвдэх хуулийн төслийг нийтээр хэлэлцүүлж буй )

Эсвэл хүний нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй монголын газар нутгийн хаана нь байгаа нь мэдэгдэхгүй тэр ашигт малтмалын ордыг Модун Шанью, Эзэн Чингисээс маань үлдээсэн баялаг гэж өхөөрдөн хойч үедээ хадгалахад байна уу? (иргэний хөдөлгөөнийхэн болон популист улс төрчдийн үзэл бодол)

Эсвэл олборлосон ашигт малтмал маань дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах нэн тэргүүний шаардлагад байна уу? (нүүрсний хувьд дотоодын зах зээлийн хэрэгцээг бүрэн хангаж байгаа, харин барилгын үйлдвэрлэлд шаардлагатай цемент, арматурын төмөр гэх мэт зарим эрдсийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах шаардлага бол байгаа )

УИХ-аас баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” гэдэг баримт бичигт “Монгол Улс экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн  өсөлт, хөгжлийн стратегийг сонгож байна.” гэж тодорхойлоод улмаар “Хөдөлмөрийн бүтээмж, хөрөнгө оруулалтын үр ашгийг тасралтгүй дээшлүүлж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгоно.  Эхний үе шатанд уул уурхайн олборлох үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, цаашид бүтээгдэхүүнээ гүн боловсруулдаг болно.” гэсэн байх юм.

Дээр дурдсаныг болгоовол манай улсын хувьд ашигт малтмал хайх, олборлох талаарх төрийн бодлогын хувьд үндэсний эрх ашиг маань яг өнөөдөр “хувийн хөрөнгө оруулалт давамгайлсан экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн уул уурхайн олборлох үйлдвэрлэл” байх нь ойлгомжтой байна.    

Тэгвэл  бодит  нөхцөл, байдал,  боломж нь өнөөдөр ямар байна вэ?

1000 оролдлого дутмаас аз таарвал 9 жилд, аз муутай бол 50 жилд манай Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойтой дүйцхүйц орд нэгийг  нээж олох боломжтой гэж судлаачид хэлж байна. Монгол улсын нийт газар нутгийн 15% нь тусгай хамгаалалттай газар нутаг (манай улс энэ хэмжээг 30% -д хүргэхээр олон улсын өмнө амлачихсан тул удахгүй 30%- д хүрэх байх), 30 гаруй хувьд нь хайгуул, олборлолт хийхийг “урт нэртэй хууль”-иар хориглочихсон, 20 гаруй хувийг нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авчихсан тул ойрын болон дунд хугацаанд ашигт малтмал хайх газар нутаг үндсэндээ 20 гаруй хувь л байна гэсэн үг. 2012 оны байдлаар манай улсын нийт газар нутгийн 13% -д нь 3000 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл (орд олохын төлөөх 3000 гаруй оролдлого ) олгогдсон байгаагийн бараг 1200 нь “урт нэртэй хууль”-иар хориглочихсон бүсэд байгаа, хайгуулын тусгай зөвшөөрлийн ихэнх нь дуусгавар болох хугацаандаа дөхчихсөн (хайгуулын тусгай зөвшөөрлийг нийт 9 жилийн хугацаагаар олгодог ) зэрэг бодит нөхцөл байдлыг тооцвол том орд нээх боломж ойрын 50 жилд байхгүй болж байгаа юм байна.

УИХ-н тогтоолоор батлагдсан стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын алдартай 15 ордоос 1992 оноос өмнө ашиглаад эхэлчихсэн нь Тавантолгой (жижиг ),  Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний ордууд, Эрдэнэтийн зэсийн орд (төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжүүд), зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш ашиглаж эхэлсэн нь Нарийн сухайтын нүүрс,  Оюу толгойн зэс,  Бороогийн алтны орд, Төмөртэйн овооны цайрын орд (хувийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжүүд), Тавантолгойн нүүрсний орд (том ), Төмөртэйн төмрийн орд (төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжүүд) зэрэг ордууд байна. Ашиглаж эхлээгүй нь Мардай, Дорнод, Гурванбулагийн ураны ордууд, Цагаан суваргын зэсийн орд,  Бүрэнхааны фосфоритын орд,  Асгатын мөнгөний орд л байх шив дээ. 

Сүүлийн хорь гаруй жил үе үеийн Засгийн газар болгоны мөрийн хөтөлбөрт эргэлтэнд оруулах ордын жагсаалт дотор ёс юм шиг байж л байдаг, хувийн хэвшлийнхэн ашиглалтанд оруулах гэж олон жил зүтгээд дийлэхгүй л байна даа. Яагаад болохгүй байна вэ маш сайн бодох л асуудал даа. Эдгээрийг стратегийн ач холбогдолтой ордод хамааруулаад ч ашиглалтанд орно гэж итгэхэд бэрх байна. Учир нь гэвэл ураны ордуудад ашиглалт явуулах төслийн 50-с багагүй хувийг төр үнэ төлбөргүй эзэмшинэ гэж хууль гаргасан тул хөрөнгө оруулалт нь зогсчихоод байна.  Нөгөө гурван орд ашиглахад төр оролцоно гээд хөрөнгө оруулалтыг зогсоох (Асгат шиг ), эсвэл оролцож эхэлсэнээр том Тавантолгойн араас явах магадлал өндөр байх шив дээ.  Экспортын орлогыг эрс нэмэгдүүлэх бодит боломж нь өнөөдөр тусгай зөвшөөрөл нь хувийн хэвшилд байгаа хэдэн нүүрсний ордууд байна даа. Стратегийн ач холбогдолоо гэж.

МУУҮА-н Гүйцэтгэх захирал  Н. Алгаа





  • Strategiin gedeg tomyogoo oilgoj bgaa um bolov uu? (202.126.89.212)
    Delhiin dainii ued strategiin ach holbogdoltoi uildver ded butesig n suutgej baisan jisheetei Gevch ter ued strategiin ashigt maltmalin suutgeh bolomjgui gazar door bayalag bolohoor Harin ezlen avah sonirhol medeej urgelj aguuldag bsan Tiimd uildver ded butetsee baiguuilchihaad strategin ach holbogdoltoi gej toyogoo uguhun iluu onovchtoi sanagdaj bna
    2013 оны 02 сарын 18 | Хариулах