Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадад 5000 нүүрсний уурхай хаагдана

Хятад улс энэ онд 5000 орчим нүүрсний жижиг уурхайг хаахаар төлөвлөжээ. Энэ тухай тус улсын Аюулгүй ажиллагааг удирдах үндэсний газраас мэдээлэв. Хятад улсад 12000 орчим нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрт 5 сая орчим уурхайчин ажилладаг юм. Гэвч уурхайчид амь насаа алдах явдал тасралтгүй гарсаар байна. Зөвхөн 2011 онд гэхэд 2000 орчим уурхайчин ослын улмаас нас баржээ. Тиймээс нүүрсний уурхайнуудын аюулгүй ажиллагааг сайжруулах зорилгоор ийм арга хэмжээ авч буй гэнэ.

Мөн зургадугаар сарын эцэс гэхэд аюулгүй ажиллагааны шинэ системийг нүүрсний уурхайнуудад нэвтрүүлсэн байх шаардлага тавьжээ. Аюулгүй ажиллагааны шинэ системд, хүчилтөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх, агааржуулалтын системийг сайжруулж, хоргодох газар байгуулах зэрэг асуудлууд багтсан байна. Түүнчлэн уурхайчдад аюулгүй ажиллагааны системийн талаар ойлголт өгч, сургалтад хамруулах ёстой болж байгаа юм. 

Нүүрсний жижиг уурхайнууд хаагдсанаар тус улсын нүүрсний импортын хэмжээ эрс өссөн байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 30.5 сая тонн нүүрс импортолсон нь 2012 оны эхний сартай харьцуулахад 56.3 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Э.Хулан