Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Шилжүүлэн ачих байгууламжийн өртөг 680 сая ам.доллар

Монголын уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрсний экспорт дагасан төмөр замын ачаа эргэлтийг жилд 30 сая тоннд хүргэнэ гэж төлөвлөж буй. Энэ ачаа эргэлтийг УБТЗ компани дангаар зөөж чадахгүй нь тодорхой юм. Тэд өнгөрсөн онд 20.3 сая тонн ачаа тээвэрлэснээ түүхэн амжилт гэж тодотгоод, энэ онд 21 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавьж буйгаа мэдээлсэн. Тус компанийн ачаа эргэлтийн дээд хэмжээг 23 сая тонн гэж салбарын сайд А.Гансүх хэлсэн билээ.

Төмөр замаас хараат уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, түүнийг дагасан эдийн засгийн өсөлтөө боомилохгүйн тулд шинэ төмөр зам байгуулахаар ярилцсаар даруй гурван оныг үджээ. Тодруулбал, Сайншанд-Тавантолгойн чиглэлд 468 км, Сайншанд-Хөөт 450 км, Хөөт-Чойбалсан 155 км, Хөөт-Нөмрөг 380 км, Тавантолгой-Гашуунсухайт 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 46 км зам тавихаар “Шинэ төмөр зам” төсөл боловсруулж, эхний санхүүжилтийг “Монголын төмөр зам” компанид олгоод байгаа. Энэхүү санхүүжилтээр төмөр зам тавих бэлтгэл ажлыг ерөнхийд нь хангахаар болсон юм.

Төрөөс, эхний ээлжинд урагшаа төмөр зам тавих хэрэгтэй гэж үзэн Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн 267 км замын барилга угсралтын ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлэх төлөвтэй байна.

Шинэ баригдах төмөр замаар урд хөрш рүү нүүрс тээвэрлэхдээ төмөр замын цариг нь нарийн буюу 1435 мм-ийн өргөнтэй учир шилжүүлэн ачих байгууламж зайлшгүй барих шаардлагатай болж байна. Жилд 30 сая тонн нүүрс шилжүүлэн ачих чадалтай байгууламж барихад 680 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо бий. Мөн шилжүүлэн ачих байгууламжаар нэг тонн нүүрс ачуулахад гурван ам.долларын нэмэлт зардал гарах тооцоо гарчээ. Бага тоо мэт боловч жилд тээвэрлэх нүүрсний хэмжээтэй харьцуулаад үзвэл нэлээд их хэмжээний нэмэгдэл зардал үүсэхээр байгаа. Тодруулбал, 90 сая ам.доллар нэмэлт зардал болон салхинд хийсэх нь.

Түүнчлэн уг байгууламж жилд 25-35 мегаватт эрчим хүч хэрэглэх тооцоо гарчээ. Энэ нь арав орчим аймгийн цахилгааны хэрэглээтэй дүйж байгаа юм. Үүнээс гадна байгууламжийг барьснаар байгаль орчинд хортой үр дагавруудыг бий болгоно гэсэн судалгаа, дүгнэлтүүд ч байна. Тухайлбал, нүүрс ачих буулгах явцад гардаг их хэмжээний тоосыг дарах болон нүүрсийг түр хадгалах байгууламжаас тоосжилт үүсэхээс сэргийлэхийн тулд усыг асар их хэмжээгээр ашиглах болно. Манайд байгуулах байгууламжийн усны хэрэглээ өдөрт 900 тонн байх тооцоо гарсан байна. 

Э.Хулан

  • Зочин (124.158.73.39)
    ssdsd
    2013 оны 02 сарын 20 | Хариулах