Ашигт
малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр
үргэлжилж байна. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com
сайтын "Хууль, төсөл" булангаас
үзнэ үү.
Санал бодлоо www.mongolianminingjournal.com-ийн
"Хэлэлцүүлэг" булан болон info@mongolianminingjournal.com
хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.
С.Болд-Эрдэнэ
“Файрбөөрд Менежмент” сангийн үүсгэн байгуулагч Жеймс Пассинтай Монголын хөрөнгө оруулалтын орчин, Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярилцлаа.
Та хэзээнээс Монголд хөрөнгө оруулж эхлэв? Хэчнээн төсөл дээр ажиллаж байгаа вэ?Манайх Монголын хамгийн том хөрөнгө оруулагч биш ч гэсэн Монголын Хөрөнгийн бирж дээр 2006 оноос нэлээд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. “Рио Тинто” гэх мэт том компаниудтай харьцуулахад мэдээж бага. Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын хувьцааг худалдаж авч эхэлсэн нь бидний Монголын зах зээлд өрсөлдөх эхлэл болсон.
Манай хамгийн том төслийн нэг бол “Шарын гол” хувьцаат компани. “Шарын гол”-ын хяналтыг 2010 онд авсан. Тухайн үед “Шарын гол”-ыг дампуурах гэж байна, үйл ажиллагаа нь зогсох гэж байна гэж их ярьж байлаа. Байдал хүнд байсан нь үнэн. Өнөөдөр олборлолтын хэмжээ нэмэгдэж, компанийн зах зээлийн үнэлгээ бараг 10 дахин өссөн байна.
Уурхай дээр байгаа 370 гаруй ажилтнаас та нар 2010 оны үеийнх шигээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн нь дээр байна уу, эсвэл “Файрбөөрд” шиг компани орж ирээд хөрөнгө оруулалт хийгээд өнөөдрийнх шиг болсон нь дээр үү гээд асуувал хариулт нь ойлгомжтой байх. Бид хөрөнгө оруулалт хийснээр ганц ажилчид төдийгүй, ойр орчмын бүс нутагт эдийн засгийн үр ашгаа өгч байна. Бодоод үзэхэд гадаадын, дотоодын ямар хөрөнгө оруулагч байх нь чухал биш. Гол нь хөрөнгө оруулалтаа яаж удирдаж байна, мэргэжлийн түвшинд, хариуцлагатай байна уу гэдэг л чухал.
Монголын Ашигт малтмалын хууль өөрчлөгдөхөөр ярьж байна. Гадны хөрөнгө оруулагчийн хувьд уг хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлээч?Миний бодлоор ерөнхийдөө хэрэгцээтэй хууль. Гэхдээ зарим тодорхой заалтууд муу үр дагавар авчирч болзошгүй байгааг анзаарах хэрэгтэй. Хэрэв зарим заалтуудыг нарийн нягталж үзэхгүй энэ хэвээр батлах юм бол Монголын уул уурхайн салбар, түүнийг дагаад эдийн засагт муугаар нөлөөлөх болно.
Тухайлбал ямар заалтууд нь муу үр дагавар авчирна гэж?Хэдэн гол заалт бий. Жишээлбэл, Засгийн газар хөрөнгө оруулагчийн хайгуул хийж олсон нөөцийг, мөн хайгуул хийж байгаа тухайн талбайн лицензийг шууд авахаар байна. Авахдаа зүгээр зардлыг нь төлөөд авна гэнэ. Уг нь тухайн ордыг нөөцөд авах бол нөөцийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж нөхөн олговрыг олговол арай утгатай болно. Мэдээж хайгуулын зардлаас зах зээлийн үнэ их байна. Энд нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Гадаад, дотоод хамаагүй ямар ч хөрөнгө оруулагч ашиг олохгүй л бол ямар ч хайгуулд хөрөнгө оруулалт хийхгүй. Бусад салбарт ч ялгаагүй. Зүгээр хийх ажилгүйдээ, эсвэл буян болох гээд Монголд ирж хөрөнгө оруулалт хийж, баялгийг нь олж өгөөд зардлаа аваад гарна гэж байхгүй шүү дээ.
Хоёр дахь том асуудал нь Тогтвортой байдлын гэрээтэй холбоотой. Одоогийн төслийг харахад Тогтвортой байдлын гэрээ гэсэн ойлголтыг нэлээд сулруулж, өөр зарчим оруулж ирж байх шиг байна. Тогтвортой орчин бүрдүүлэхгүй, Засгийн газар дуртай цагтаа өөрчилж болдог гэрээ байвал том хэмжээний хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт би эргэлзэж байна. Миний бодлоор аливаа нэг хөрөнгө оруулагч Тогтвортой байдлын гэрээг Монголын төртэй байгуулах эрх нь байх хэрэгтэй. Энэ бол ганцхан хөрөнгө оруулагчдад ч муу зүйл биш. Монгол улсын эдийн засагт ч муугаар нөлөөлнө гэж бодож байна. Яагаад гэхээр энэ том уурхай, төслүүдийг санхүүжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэтэл гаднаас тийм хөрөнгийг татаж чадахгүй бол тэр том уурхайнууд, төслүүд эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй, цаашлаад эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлөх болно.
Гурав дахь том асуудал нь гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмшлийн хувийг тодорхой хэмжээгээр хязгаарласан хязгаарлалт. Монголын аж ахуйн нэгж, хуулийн этгээд гэхгүйгээр иргэн хүн тодорхой хэмжээний хувьцаа эзэмших ёстой гэсэн заалтыг оруулснаар нэлээд тогтворгүй байдлыг бий болгож байна гэж гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд харж байна. Ер нь том хэмжээний хөрөнгө оруулагч тухайн компанийн хяналтыг бүрэн авахгүйгээр хөрөнгө оруулалт хийнэ гэдэг юу л бол. Тухайн компанийн хувьцаа эзэмшигч монгол хүн байна уу, гадаад хүн байна уу бараг ялгаагүй болчихсон орчин үед бид амьдарч байна. Цаашдаа аливаа нэг компанийн хувьцааг худалдаж авах, зарахыг яаж хянах вэ гэдэг их асуудалтай. Хянаж болохгүй хууль гаргавал алсдаа бүр л буруу нөлөө үзүүлэх болно.
Дөрөвдүгээрт, бас нэг гайхаж байгаа заалт бол хайгуулын ажлын зардлын доод хэмжээг заагаад өгчихсөн. Миний бодлоор хайгуулын төслүүд байршил, геологийн тогтоц, компанийн үйл ажиллагаа гэх мэт олон зүйлээс хамаараад олон янз байдаг. Тийм байхад бүгд адилхан хөрөнгө оруулалт хийнэ гэдэг хэцүү шүү дээ.
Яах вэ, хуулийн төслийн бүх зүйл муу биш. Дэмжмээр заалтууд олон бий. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр хүчтэй заалтууд оруулж байгаа нь сайн хэрэг. Мөн тайлан мэдээллүүдийг нэг дор нэгтгэж төвлөрүүлж байна, орон нутгийн удирдлагын эрх мэдлийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаа нь тийм ч муу асуудал биш.
Монголын Засгийн газар Тогтвортой байдлын хэд хэдэн гэрээ хийж, алдаанаасаа суралцсан гэж төсөл боловсруулагчид хэлсэн. Ганцхан Тогтвортой байдлын гэрээ хийхгүйгээр хуулиараа зохицуулж, тэр хуулиа урт хугацаанд тогтвортой байлгахад хөрөнгө оруулагчдад харин ч ашигтай биш гэж үү? Одоо Оюутолгойн гэрээг шүүмжилж байгааг харахад Тогтвортой гэрээ гэхгүй тогтвортой хуулиар зохицуулбал аль аль талдаа ашигтай байх боломжтой юм биш үү гэсэн үг л дээ?Хуульд Тогтвортой байдлын гэрээ гэж байхгүй байгаа. Үүн дээр нэмээд хуулийн бусад заалтууд нь тогтворгүй байдлыг өөрөө үүсгээд байгаа. Тогтвортой байдлын гэрээгүйгээр томоохон хөрөнгө оруулагч орж ирэхгүй байх аа. Тогтвортой байдлын гэрээ гэдэг бол хөрөнгө оруулагч орж ирээд ажиллах тогтвортой орчинг л бүрдүүлж өгч байгаа хэрэг шүү дээ.
Хүмүүс Оюутолгойн гэрээг маш муу болсон, Монголд ашиггүй гээд янз янзаар л ярьж байна. Гэхдээ бодит амьдралд дэлхий дээрх хамгийн том уул уурхайн төсөл болж байгаа. Одоо үйл ажиллагаа нь эхлэхэд бэлэн боллоо. Уурхай эргэлтэд орсноор маш их хэмжээний орлоготой ажиллана. Энэ маань эргүүлээд Монголын эдийн засгийг шал өөр түвшинд авчирна. Яалт ч үгүй Монголын эдийн засаг хөгжиж, сайжрах болно.
Хэрвээ Тогтвортой байдлын гэрээ байгаагүй байсан бол ийм хэмжээний том хөрөнгө оруулалтыг Монголд хийнэ гэдэгт би эргэлзэж байна.
Хуулийн төсөлд бас нэг анхаарал татсан асуудал бол төрийн өмчит компаниуд давуу эрхтэйгээр лиценз авах боломжийг нээлттэй болгож өгч байна. Төрийн оролцоотой компани хувийн хэвшлийн компаниас илүү нээлттэй, үр дүнтэй ажиллана гэдэгт итгэхгүй байна.
Та Mонголчуудын амьдралыг хэр сайн мэдэх вэ? Өнөөдөр баян хоосны ялгаа их болж, нийгмийн олон асуудал бий болж байна. Үүнийг даган нийгмийн зүгээс уул уурхайн салбарыг эсэргүүцэх нь нэмэгдлээ шүү дээ?
Өөрийгөө Монголыг сайн мэднэ гэж хэлэхгүй. Би 2006 оноос ирэн очин байна. Улаанбаатарт байртай, оффистой. Манай охин компаниудад 500 гаруй монгол хүн ажиллаж байна. Монгол хэлийг бага багаар сурч байгаа. Зарим нэг хүн Монголын өвөл хүйтэн, утаа нь хэцүү гэдэг ч надад өвөл, утаанаас халширч зугтаасан юм алга. Ингээд бодохоор би Монголыг миний хоёрдогч гэр гэхгүй ч миний шинэ гэр гэж л хэлнэ.
Миний харж байгаагаар сүүлийн 6 жилд Улаанбаатар хот маш их өөрчлөгдлөө. Нүдэнд ил харагдаж байна. Монгол улс дэлхий дээр хамгийн их хөгжиж, өөрчлөгдөж байгаа улсын нэг. Бусад улсыг харахад эдийн засгийн хямрал гэх мэт маш хүнд нөхцөлд байна шүү дээ. Гэтэл Монголын эдийн засаг өсч байна, өсөхдөө бүр маш их өсч байна. Мэдээж ингэж их хурдан өсч байхад нийгмийн янз бүрийн асуудал заавал гарч ирдэг. Ганц Монголд ч биш аль ч улсад ийм асуудлууд бий. Харин ийм өсөлттэй үед төрөөс бэлэн мөнгө тараах биш дэд бүтэцдээ маш их хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байсан. Ер нь Засгийн газар эдийн засгийг аль болох хурдацтай өсгөх бодлого барих хэрэгтэй. Гэхдээ нөгөө талд нь инфляцийг давхар барьж чадвал маш сайн.
Монголчуудын хувьд нэг зүйлийг бодох хэрэгтэй байх. Монголын эдийн засгийг аваад үзэхэд Оюутолгой шиг төсөл байгаагүй бол, уул уурхайн салбар хөгжиж ийм их хөрөнгө оруулалт татаагүй бол Монгол ямар байх байсан бол? Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт байгаагүй бол дэд бүтцийн том хөрөнгө оруулалтууд, янз бүрийн шинэ бизнесүүд ингэж хурдан хөгжиж энэ түвшинд хүрэх байсан болов уу?
Эдийн засгийн өсөлттэй холбоотой нийгмийн янз бүрийн асуудлууд гардаг. Жишээ нь, миний харж байгаагаар дэд бүтэц, боловсрол, сургалтын асуудал байна. Боловсрол, сургалтын асуудал маш чухал. Манай компаниудад дандаа монгол залуус ажиллаж байгаагаар би бахархдаг. Гэхдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, боловсон хүчнийг бэлтгэхэд их анхаарах хэрэгтэй.
Ядуурлаас гарах, таны хэлсэн нийгмийн давхаргын зөрүүг багасгах, цаашлаад арилгах нь эдийн засгийн өсөлт, татвараас орж байгаа орлогын хэмжээг ихэсгэхтэй шууд уялдаатай. Уул уурхайд хөрөнгө оруулалт их орж ирвэл, түүнийг зөв удирдах нь энэ асуудлуудыг шийдвэрлэх боломжийг олгож байгаа. Түүнээс биш уул уурхайгаас орж ирж байгаа орлого, хөрөнгө оруулалт дээрх асуудлуудыг үүсгэж байгаа хүчин зүйл биш гэж бодож байна.
Олборлолтын тусгай зөвшөөрлийг эзэмших компанийн 34-75 хувийг Монголын иргэн эзэмшинэ гэсэн заалтыг гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд юу гэж харж байна вэ?Миний бодлоор 34-75 хувь гэсэн эзэмшлийг шууд ингэж зааж өгөх нь буруу. Жишээ нь миний мэдэхээр хоёр улсын иргэншилтэй монголчууд байна. Ийм хүнийг 34-75 хувийг эзэмших эрхтэй Монгол улсын иргэн гэж ойлгох уу? Мөн гадаад хүн Монгол улсын иргэн болсон бол мөн адил хүлээн зөвшөөрөгдөх үү, үгүй юу гэх мэт олон асуудал үүснэ.
Яг ийм хувь эзэмшил тогтоож байсан туршлага цөөнгүй улсад байдаг. Жишээ нь Өмнөд Африк. Тухайн улсын элит гэгддэг цөөхөн хэдэн гэр бүл маш их баяжаад л дууссан. Тиймээс гадаад, Монгол гэдгийг ингэж нарийн зааж өгөх нь гол асуудал биш ээ. Гол нь гадаадын ч бай, дотоодын ч бай компаниуд үйл ажиллагаагаа хариуцлагатайгаар явуулах ёстой гэдгийг л хуульчлах хэрэгтэй.
Оюутолгой бол 5 тэрбум долларын төслийг хэрэгжүүллээ. Ийм том төслийг өөрийнхөө хувьцааны хэмжээнд санхүүжүүлэх хөрөнгө Монголын Засгийн газарт байсан бил үү? Энэ бол ганцхан компанийн жишээ. Гэтэл Монголд олон том төсөл байна шүү дээ. Эдгээрийг хаанаас яаж санхүүжүүлэх вэ? Энэ хуулийн төслийн дагуу Монголын нэг иргэн хувьцаа эзэмшлээ гэхэд тэр хувьцаа эзэмшигчийн хувьд хувьцаа нь ямар үнэ цэнтэй вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Хуулийн дагуу хувьцаа эзэмшлээ ч хувьцааг нь түгжчихнэ. Хувьцаагаа гадаадын хөрөнгө оруулагчдад зарах боломжгүй, Монголын иргэнд л зарна. Түүнийг хангалттай үнээр нь худалдаж авах хүн цөөрч байна гэдэг хувьцаа үнэгүйдэж, зах зээлийн үнэлгээ буурна. Энэ бол Монголын хөрөнгө оруулагчдадаа, хувьцаа эзэмшигчдэдээ ашиггүй болж хувирна гэсэн үг.
Энд бас нэг зүйлийг онцолж хэлэх хэрэгтэй. Ашигт малтмалын хуулийн төслийн өмнө батлагдсан Компанийн хууль, Стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуультайгаа зөрчилдөх тохиолдол ажиглагдсан. Шинээр батлагдсан Компанийн тухай хуулийг аваад үзвэл компанийн 10 хувь буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигчид өөрсдийнхөө үйлдлээс болсон хохирлыг хариуцна гэсэн заалтууд бий. Үүнийг аваад үзвэл манай монгол хувьцаа эзэмшигчид эрсдэлд орно гэсэн үг. Магадгүй ганцхан ширхэг хувьцаа зарснаас болж 34-75 хувь гэсэн хэмжээ алдагдвал компани лицензээ алдаж хүнд байдалд орно. Компанийнхаа тухай хуулиар үүнд монгол хөрөнгө оруулагч хариуцлага хүлээх болчихож байна. Монгол хөрөнгө оруулагчдадаа ийм том эрсдэлийг авчирч байна. Хууль боловсруулахдаа ийм санаатай байгаагүй нь мэдээж.
Мөн өнгөрсөн хавар батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах туухай хуультай хэр зохицож байгааг анхаарах хэрэгтэй байх. Стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль маань уул уурхайн компаниудын эзэмшлийн талаар нарийн зохицуулалттай. Хяналтын багцыг эзэмшдэг гадаадын хөрөнгө оруулагч өөрийнхөө хувьцааны тоо ширхэгийг багасгахад Засгийн газраас зөвшөөрөл авна гэсэн заалттай.
Гэтэл Ашигт малтмалын хуулийн төслөөр гадаадын хөрөнгө оруулагч зарим тохиолдолд хувьцаагаа багасгах шаардлагатай болж байна. Энэ хоёр хуулийг зэрэг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Нэг хууль нь хувьцаагаа багасга гээд байдаг. Нөгөөх нь хувьцаагаа багасгахын тулд Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой болчихоод байдаг.
Магадгүй дотоодынхоо компанийг дэмжиж байна гээд энэ хэвээр баталчихвал ямар үр дүн гарах бол?Миний бодлоор ийм шийдвэр гарвал Монголын эдийн засаг ерөнхийдөө дампуурах байх. Тийм болохоор яг энэ чигээрээ батлагдахгүй болов уу гэж бодож байна. Эцсийн байдлаар хувь хэмжээн дээр тодорхой хэмжээгээр засвар орох байх. Би, гадаадын хөрөнгө оруулагч яах вэ гэдгээс илүү монголчууд өөрсдөө ямар байдалд орох вэ гэдэг гол нь юм. Хэрвээ ийм хууль батлагдвал Монголын бизнес, эдийн засаг бүрхэг болж, сүүлийн ганц хоёр жилийн эдийн засгийн өсөлт зогсох болно. Ингэвэл Монголд л хохиролтой.
Монгол улс олон улсын гэрээ, конвеницид нэгдэн орсон байдаг. Энэ хуулийн төслийн зарим заалтууд нь олон улсын гэрээ, конвенциудтай зөрчилдсөн харагдсан. Хуулийг хэрэгжүүлэх явцад янз бүрийн маргаан гарч, олон улсын Арбитрын шүүхэд ч очих тохиолдол гарах байх. Энэ бүхнийг урьдчилж тооцох хэрэгтэй.
Стратегийн хууль батлагдсаны дараа бидний зүгээс ямар нэг шинэ төсөлд хөрөнгө оруулалт хийгээгүй. Бага сага хөрөнгө оруулалт хийж байгаа компаниуд бий. Тэд энэ хуулийг засагдана, өөрчлөгдөнө гэдэгт итгэж бас хүсч байгаа. Хэрвээ тэгж бодоогүй байсан бол уул уурхай гэлтгүй бусад салбарт хөрөнгө оруулалт хийх боломжгүй. Монголын бизнес уул уурхайн салбартай ихээхэн уялдсан байдаг шүү дээ. Энэ хууль бол Монголын компаниуд дэлхийн хэмжээний том компани болж өсөхийг нь боомилж байгаа. Эрх баригчид ийм зорилгоор хууль гаргаагүй, гаргахыг зориогүй байх гэж бодож байна.
Төгсгөлд нь Монголд олон жил ажиллаж, олон төсөлд хөрөнгө оруулалт хийсэн хүний хувьд Монголын төр засаг хөрөнгө оруулагчдыг үргээлгүйгээр тулгамдсан асуудлаа шийдэх, томоохон төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд ямар бодлого баримтлаасай гэж бодож байна вэ? Миний бодлоор хулийн төслийн бүх юм муу биш. Эзэмшлийн хэмжээг нээлттэй байлгах, байгаль орчныг хамгаалах, төрийн хяналтыг сайжруулж, хүчтэй болгох зэрэг нь зөв. Гол нь зарим заалтыг нь хэрэгжүүлэх боломжгүй хуулийг батлах нь муу. Мэдээж олон улсын туршлагад ч байдаг, хаана ч гэсэн байх ёстой зүйл бол стратегийн ач холбогдолтой уул уурхайн компанийн эзэмшил өөрчлөгдөж байгаа үед түүнийг хянах, зөвшөөрөл өгөх нь ойлгомжтой.
Ер нь бодлогоор гадаадын хөрөнгө оруулалтыг аль болох их татахыг зорих хэрэгтэй болов уу. Гэхдээ орж ирж байгаа хөрөнгийг хариуцлагатай зарцуулах, хөрөнгө оруулалт хариуцлагатай байх ёстой гэсэн шаардлагыг тавьбал над шиг өсч байгаа зах зээлд хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийг татахад их хэрэгтэй.
Яг одоо Ашигт малтмалын хуулийн энэ төсөл арай түргэдэж байгаа юм болов уу гэж бодож байна. Засаг төр нь эхлээд уул уурхайн бодлогоо боловсруулж батлаад дараа нь энэ хуулиа бодлоготойгоо уялдуулаад гаргавал илүү ойлгомжтой тодорхой болох байх. Мэдээж Засгийн газарт бодлого огт байхгүй байна гэж юу байхав. Гэхдээ хөрөнгө оруулагч миний хувьд ямар ч бодлого байхгүй байна л гэж харж байгаа. Бодлого нь тодорхой ойлгомжтой үед хууль батлах амархан. Ямар нэг буруу, зөв ойлголцол, эсэргүүцэл бага байх болно. Батлагдсан хуулийг дагаж мөрдөх бүр ч амархан. Тийм болохоор эхлээд төмөр замын талаар баримтлах бодлогыг баталсан шигээ ашигт малтмалын салбарт баримтлах бодлогоо гаргах хэрэгтэй байх.
Би олон монгол бөхтэй найз. Монгол бөхийн нэг сонирхолтой санагддаг зүйл нь ямар ч жингийн хуваарилалт байдаггүй. Барууныхан шиг жингээр ангилсан зүйл байхгүй. Ямар ч жинтэй байсан хамаагүй хоорондоо барилдаад хамгийн хүчтэй, хамгийн шилдэг нь давдаг. Бизнесийн орчин яг л Монгол бөхтэй адилхан байх ёстой. Нээлттэй, өрсөлдөөнтэй, тэмцэж байж монгол эзэдтэй дэлхийн зиндааны том компаниуд бий болно. Гол нь нээлттэй орчинд өрсөлдөх чадвартай болох ёстой. Төрийн бодлого ч ийм боломжийг бий болгоход чиглэх нь зүйн хэрэг болов уу.
Америкийн түүхийг аваад үзвэл Английн нэг ядуу колони байсан улс. Яаж өнөөдрийн Америкийн түвшинд хүрсэн бэ гэвэл бизнесийн эрх чөлөө, боломж олгосонтой холбоотой. Хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих бодлогыг зоригтой явуулсан нь өнөөдрийн үр дүнд хүрсэн шүү дээ.
Ярилцсанд баярлалаа.