Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Д.Бат-Эрдэнэ: Бид ард түмнээ л бодож хуулийн төсөл бичсэн

Ашигт  малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр үргэлжилж байна. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com сайтын "Хууль, төсөл" булангаас үзнэ үү.

Санал бодлоо www.mongolianminingjournal.com-ийн "Хэлэлцүүлэг" булан  болон info@mongolianminingjournal.com хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.




Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төслийг боловсруулах Ажлын хэсгийн гишүүн,  Монголын Үйлдвэрлэлийн геологчдын холбооны тэргүүн Д.Бат-Эрдэнэтэй   Г.Идэрхангай ярилцлаа.


Ерөнхийлөгчөөс санаачилж боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж, багагүй санал шүүмжлэл өрнөж байна. Тэр дундаас эрэл, хайгуулын компаниудаас ирж байгаа шүүмжлэлийг Та хэр үндэслэлтэй гэж үзэж байна вэ?

Энэ хэлэлцүүлгийн дараа Монголын геологчдын холбооноос зохион байгуулсан хурал дээр би очиж нэлээд ярилцсан. Геологчид маань хуулийн төсөлтэй сайн танилцаагүй юм шиг санагдсан.  Ямар ч байсан Монголын геологийн холбоо энэ хуулийг хүлээж авах боломжгүй гэж байна лээ. Геологчид тодорхой хэмжээний хууль эрх зүйн мэдлэгтэй байх хэрэгтэй. Нөгөө талаасаа хуулийн төсөл лицензийн наймаачдад маш хүндээр тусч байгаа. Тэд бухимдаж байна. Монголын геологийн нэлээд компани талбай дээрээ хайгуул хийчихээд, түүнийгээ гадны компаниудад зардаг. Тэд зөвхөн мөнгөний төлөө явдаг. Эцсийн дүндээ гадныхан лицензүүдийг нь  авдаг шүү дээ.  Хууль батлагдвал энэ мэт  бизнесийг мэдээж саатуулна.   Үүнд хүмүүс бас дургүйцэж байна. Зарим геологичид энэ ажлаараа бизнес хийж амьдардаг.

Иймээс шинэ хуульд дургүй байхаас аргагүй. Амьдралд нийцэхгүй, геологи хайгуулын ажлыг боомилсон хуулийн төсөл байна, даруй буцаая гэж тэд хэлж байгаа. Би хариуд нь энэ хууль ганцхан геологичдод, уулынханд зориулагдаагүй, иргэний хөдөлгөөн, орон нутаг, мэргэжлийн байгууллагаас бүгдээс нь санал авч байж боловсруулсныг хэлж байгаа. Тэгээд ч хуулийг буцаалаа гэхэд хэн түүнийг бичих вэ. Хууль бичнэ гэдэг тийм амар ажил биш. Хуулийн хэлэлцүүлэг дээр нэг хэсэг нь стратегийн орд огт хэрэггүй гэж байхад нөгөө хэсэг нь  нэм, нэм гэх жишээтэй. Эдгээр саналын алийг нь авах ёстой вэ. 

Би Стратеги судалгааны хүрээлэнгийн Ажлын хэсэгт ажиллахдаа нэлээд материал цуглуулсан. Их эвгүй дүр зураг харагдаж байна лээ. Компаниуд зөвхөн өөрсдийгөө л боддог. Бүгдийг нь нэгтгээд харахаар огт өөр зураг гарч байгаа.

Ямар дүр зураг харагдаж байна вэ?


Хятадын  компаниуд асар олон лиценз авчихаж. Тэд аажмаар, ялангуяа говийн ихэнх хэсгийн хил дагуух талбайнуудыг янз бүрийн аргаар авсан байна. Хойд зүг рүү ороогүй ч нутагтайгаа ойрхон, өмнөд хэсэг рүү нэлээд гүн гүнзгий орсон байна. Би үүнийг зохиож хэлээгүй, цэвэр судалгааны үндсэн дээр гарч ирсэн баримт нотолгоо.  

Монгол улс бодлоготой байхгүй бол хайгуулын шатанд бүх лицензээ ингэж хамаа замбараагүй өгөөд, тэр нь ашиглалт болж хувирвал зогсоож чадахгүйд хүрнэ. Ирээдүйн ийм хэд хэдэн болзошгүй аюулыг бид тодорхойлж гаргасан. Үүн дээр үндэслэн хуулийг ганц нэг жилээр биш, тав арван жилээр бодож бичин улсын бодлого болгох ёстой.

Эрлийн лицензийг сонгон шалгаруулалтаар олгох нь  зөвхөн Ажлын хэсгийнхний гэхээсээ  нийт геологичдын ярьж хэлэлцсэн санаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас бас ийм санал чиглэл орж ирсэн. Тийм болохоор хуулийн төсөл тодорхой тооны хүмүүст таалагдахгүй байж болох ч энэ бүлгийг оруулахаас аргагүй байлаа. Цаашдаа  төсөл УИХ-аар орно, Засгийн газраар хэлэлцэнэ. Ажлын хэсэг дээр саналуудын боломжтойг аваад, боломжгүйг нь орхино.    

Тэгэхгүй бол Авлигатай тэмцэх хууль, Эрүүгийн хууль гээд баахан хуулийг Ашигт малтмалын тухай хууль руу чихээд оруулчихвал хууль биш зүгээр л “резинен шуудай” болно.  Ямарваа хуулийг өөрийн гэсэн бүтэц, хил хязгаартайгаар бичдэг.

Орон нутгаас маш их санал ирж байгаа. Нэг үе Дундговь аймаг лиценз өгөхгүй гээд аймгаа тэр чигт нь хамгаалалтад авч байлаа шүү дээ. Хувийн бодлоо хэлэхэд, төр засаг хаана, юу хийхээ шийдэх цаг иржээ. Өмнөговьд дахиж лиценз олгох хэрэг байна уу, үгүй юу. Лиценз өгчихвөл тэнд очиж ухна гээд дайрцгаах байх. Өмнөговийн иргэд үүнийг хүсч байгаа юу, үгүй юу. Заамар сум баяжина гээд л байсан. Сүүлдээ ямар замбараагүй юм боллоо. Өнөөдөр бичил уурхайчид гээд л ярьж байна. Тэд техникжчихлээ. Алтаа болиод нүүрс, жонш руу орж дуртай газраа ухахад бэлэн байгаа. Тийм учраас аль болох олон хүний санал авч, нэг талыг баримтлахаас зайлхийсэн хуулийн төсөл боловсруулсан. 

Ерөнхийлөгчийн хоригоор өнөөдөр хайгуулын лиценз ч буурлаа, талбай ч багаслаа. Хуулийн төслийг харахад дахиад хайгуулын ажил эрс буурах нь ээ гэсэн дүр зураг харагдаж байна. Үндсэндээ Монгол улс хайгуул хийхээ болих нь гэж ойлголт төрүүлж байна?


Улс өөрөө асуудлаа шийддэг байя. Анхнаасаа тийм тийм газар лиценз олгохгүй гэвэл мэдээж хүмүүс тийшээ очихгүй. Харин  тухайн газар руу хүмүүсийг оруулчихаад жилийн дараа хөөж гаргаад байвэл утгагүй. Арван зургаан жилийн турш Монгол улс задгай явж ирлээ. Чадлаараа аваад хий гэсэн  байдлаар хандаж ирсэн. Хүмүүс ч авах юмаа авлаа. Үүний үр дүнд Оюутолгой зэрэг хэд хэдэн ордыг оллоо. Энэ бол маргашгүй үнэн. Гэвч энэ бүхнийг дагаад маш их сөрөг зүйл бий боллоо.

Өнөөдөр улсаас Увс, Ховдод гээд том талбай дээр сонгон шалгаруулалт зарлаж болно. Гэхдээ үүнийгээ зорилготой өгөхгүй бол болохгүй. Хэн түрүүлж ирсэнд нь лиценз өгвөл  шударга ёсонд нийцнэ гэж ярьж байгаа хүмүүс байна. Тэдэнд би уучлаарай, ийм байдлаар ямар луйврууд хийгдсэнийг та нар мэднэ дээ гэж хэлж байгаа.

Гадны хөрөнгө оруулагчид ч  Монгол авлигад идэгдсэн орон гэж харж байна. Үнэхээр тийм бол бид юу ч хийж чадахгүй биз дээ. Юм бүхнийг авлига энэ тэртэй холбоод байвал манай УИХ, Засгийн газарт хэн ч итгэхээ болино.

Жил бүрийн хавар харьяа яамнаас эрлийн талбай зарлаж, сонгон шалгаруулалт  хийхийг хуулийн төсөлд тусгасан ч бодит амьдрал дээр орон нутаг зөвшөөрөхгүй бол яах вэ? Хайгуулын ажил гацаанд орох юм биш үү гэсэн болгоомжлол байна. 2006 оны хуульд иймэрхүү заалт орсны дараа нэг сум руу 30 хайгуулын зөвшөөрөл явуулахад бүгдийг буцаасан тохиолдол гарч байсан санагдана?

Мэдээж иймэрхүү байдал гарч болно. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Жишээ нь, өөрийн чинь эзэмшлийн газрыг хэн нэгэн этгээд өрөмдөөд тэслээд эхэлбэл дургүйцэнэ биз дээ. Геологи, уул уурхайн компани хэдэн жил ажиллаад яваад өглөө гэхэд тэнд үлдсэн хүмүүс яах вэ гэдэг том асуудал. Аймгаараа, сумаараа хайгуул хийлгэхгүй гэвэл хүлээж авахаас аргагүй. Орон нутгийнхан эрхээ эдлэх ёстой. Геологи, уул уурхайн компаниудад хэт давамгай байдал үүсгэж болохгүй. Орон нутгийнханд эрх мэдэл өгвөл бүх ажил зогсоно гэж зарим хүн ярьж байгаа. Эцсийн эцэст бид тэдний төлөө л ажиллаж байгаа биз дээ. Үндсэн хуульдаа байгалийн баялаг бол ард түмний өмч, төрийн хамгаалалтад байна гэж заасан.  

Өнөөдөр олон лиценз бий болсноор хулхи компаниуд ч олширсон. Ашигт малтмалын газрын геологийн хэлтэс дээр зарим үед тав, зургаан мянган тайлан орж ирдэг гэсэн. Тэд энэ бүгдийг үзэж судалж амжихгүй. Өвөрхангайд хийсэн тайланг Өмнөговийнх гээд оруулаад ирэх жишээтэй. Үүнийг  зогсоох хэрэгтэй.  

Эрэл, хайгуулын тусгай зөвшөөрлийг хоёр салгаад хугацааг нь нийт есөн жил болгосон. Энэ хугацаанд хайгуулын зардлын хэмжээг нэлээд өндөр дүнтэй тавьж өгсөн байна. Хайгуул дээр 12000 га буюу хамгийн их талбайг авлаа гэхэд жилдээ 3,6 тэрбум төгрөг зарцуулахаар байна.  Энэ нь хэр боломжтой тоо вэ?

Эрэл, хайгуул гэж салгах тухайд цэвэр геологчдын саналаар оруулж ирсэн зүйл. Жил бүрийн Монголын геологчдын хурлаар энэ тухай маш олон хүн ярьдаг. Өнөөдрийн мөрдөж байгаа Ашиг малтмалын хуульд заасанчлан есөн жилийн хугацаатай хайгуулын ажил геологчдыг үнэхээр баллаж байгаа. Социализмын үед эрэл, хайгуулыг шинжлэх ухааны үндэслэлттэй хийдэг байсан.

Хайгуулын зардлын тухайд, мөн одоогийн хуульд  25 гектар газарт есөн жил хайгуул хийхээр байгаа. Нарийвчилсан хайгуул бол маш их өрөмдөж байж хийдэг ажил. Үүнд ердөө 213-хан доллар зарцуулдаг.  213 доллар  бол цагаан сарын ууц худалдаж авахад ч хүрэхгүй мөнгө. Үүн дээр есөн жилийн зардал нэмэгддэг.  12000  гектарыг  есөн жилээр  хамгийн бага зардлаар бодоод үзэхэд ердөө 142 сая төгрөг болно. Өнөөдөр нэг метр кернт өрөмдлөг  хийхэд ойролцоогоор 150 доллар шаардагддаг. Гэтэл хайгуул дээр гайгүй компани наад зах нь 5000- 100000 метр өрөмдөж байгаа шүү дээ. Бодит амьдрал ийм байхад өмнөх зардлаараа явъя гэсэн саналууд гарч байна. 142 сая төгрөг өнөөдөр юу юм бэ. 1000-хан метр өрөмдөөд дуусчих мөнгө. 1000 метр гэдэг чинь өрмийн сайн компанид бол дөрөвхөн өдрийн ажил. 1000  метр өрөмдлөө гэхэд нөөц яаж бодох билээ.  Тийм учраас бодит байдалд үндэслэн хайгуулын зардлыг нэмсэн юм. Энэ нь хоёр талтай. Зардал нэмсэнээр геологчдын цалин нэмэгдэнэ. Ядахнаа есөн жил хийх ажлыг гуравхан жилийн дотор сүнгэнүүлчихье гэсэн компаниуд байна.

Өмнө нь гурван сая гектар газар авчихаад юу ч хийхгүй зөвхөн лицензийнхээ мөнгийг төлчихөөд сууж байдаг улс байсан. Өнөөдөр  хагас дутуу  тайлангууд нэлээд орж ирдэг. Мөнгөндөө л тааруулж байгаа хэрэг. Ашигт малтмалыг бүрэн дүүрэн судалж ашиглах хэрэгтэй.  Түүхийгээр нь зөөгөөд байх биш нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгоё гэвэл зайлшгүй цогц ажиллагаа шаардлагатай. Өрөмдлөг хийнэ, дээжлэлт явагдана, гидрогеологи, инженер-геологи, баяжуулалтын туршилтууд зэрэг хэд хэдэн ажил хийгддэг. Энэ бүхэн асар их мөнгө шаарддаг.  Нэг квадрат метр газарт хайгуул хийхэд хоёр тэрбум төгрөг зарцуулж байсан тохиолдол ч бий.

Нөгөөтэйгүүр бид Монголынхоо эрдэс баялгийг тодорхой хэмжээгээр хамгаалахгүй бол болохгүй нь. Малайзын ашигт малтмалын хуульд гадаадын хөрөнгө оруулалтыг ердөө 20 хувь байхаар заачихсан. Түүнээс дээшээ гаргахгүй. Тухайн компанийн захирал заавал малай үндэстэн байх жишээтэй. Хайгуулын зардлыг нэмснээр монгол компаниуд ажилтай болно, ажлын нөхцөл нь сайжирна. Монгол компаниуд мөнгөгүй гэж ярьдаг цаг ард хоцорч байна.

Дөнгөж эхлэлээ тавиад томрох гэж ядаж байгаа хайгуулын компаниуд нэлээд байдаг. Ийм компаниуд олон тэрбум төгрөг гаргаад ажиллаж чадах уу?

Өөрийн гэсэн лицензгүй, жижигхэн компаниуд голдуу том компаниудын талбай дээр үйлчилгээ үзүүлэх, тайлан бичиж өгөх төдийхнөөр ажиллаж байгаа. Лиценз эзэмшдэг нь ерөнхийдөө том компаниуд. Нэгэнт лиценз авчихсан бол тэр ажлаа хийнэ л биз дээ. Хамгийн гол нь бидэнд шаардлага хангасан мэдээлэл чухал байна.  Ганц нэг цооног өрөмдчихөөд нөөц бодуулна гээд байж болохгүй. Дараа нь ашиглалт явуулах компани ёстой “шатаж” эхэлдэг байхгүй юу. Ийм жишээ өдий төдий байна. Дандаа хуурамч ордууд. Яг очоод ухах гэхээр юу ч байдаггүй. Өнөө геологийн компаниуд нь алга болчих жишээний. Жижиг компаниудыг хайрлахгүй байгаадаа биш. Том жижиггүй, хуульд захирагдаж ажиллах ёстой.

Геологичдын хурал дээр “Сонгон шалгаруулалт хийх нь буруу. Түрүүлж өгсөнд нь лиценз өг. Лицензийн хязгаар битгий тавь. Зардлыг хамгийн бага болго. Орон нутгийнхныг оруулах хэрэггүй” гэсэн яриа их гарсан. Энэ юу гэсэн үг вэ. Ард түмнээ бодох цаг болсон шүү дээ.

Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын хугацаа есөн жил байгаа. Шинэ төсөлд эрлийг дөрөв, хайгуулыг тав гэж хуваасан нь ямар үндэслэлээр гарч ирсэн хугацаа вэ?

Энэ бол шинжлэх ухааны үндэстэй, олон жилийн геологийн туршлагад үндэслэж гаргасан хугацаа. Хайгуулаас өмнө эрлийн шатны ажлыг зайлшгүй хийдэг. Бөөн мөнгө оруулж ирээд өрөмдөөд эхэлнэ гэж байхгүй. Хүдэржилт хаана байгааг олоход эрлийн ажил гол үүрэгтэй. Социализмын үед эрлийн ажлын үр дүнг үзэж байж хайгуул руу ордог байсан. Юм гарч ирвэл хайгуул хийнэ гэсэн үг. Өнөөдөр юм байсан, байгаагүй заавал есөн жил хайгуул хийх ёстой. Хоосон талбайг авахын тулд хуурамч ордууд хийж эхэлдэг. Миний мэдэхийн нүүрс авчирч булчихаад “Нүүрст хонхор” гэсэн нэр өгч байсан тохиолдол ч бий. Тайлан бичихдээ өөр тайлангуудын мэдээллийг хуулж тавиад өгчихдөг байсан. Эрлийг дөрвөн жил болгосны учир нь энэ хугацаанд идэвхтэй ажиллахыг шаардаж байгаа хэрэг.

9 жилийн хугацаанд юм олбол ашиглалтын лиценз аваарай гэж хэлнэ. Холбогдох байгууллага  ашиглалтын лиценз өгөхөөсөө өмнө өнөөх талбайг нь очиж шалгана. Хоосон талбай байвал  “Та ашиглалтын лицензээр нь яах гэж байгаа юм бэ” гэж асууна. Гэхдээ зүгээр асуугаад л өнгөрөхгүй, янз бүрийн асуудлууд ундарна.  

Хайгуулын хувьд эрчимтэй явбал таван жилийн хугацаанд хийдэг ажил. Оюутолгой дээр сайндаа таван жилийн хугацаанд хайгуул хийсэн шүү дээ. Бусад нь өөр лицензийнх. Оюутолгойг тав, зургаан лицензээр хуваачихсан хэрэг. Тавантолгой дээр бүр социализмын үед хайгуул хийж байсан. Тэр үед техник, технологи ямар байв. Тэгвэл өнөөдрийн нэг өрмийн хүчин чадал хуучны өрмийн хоёр бригадын хүчин чадалтай тэнцэж байгаа. Маш хурдтай өрөмддөг. Нэг метр цооног өрөмдөхөд бүтэн сар болдог байлаа. Тийм учраас 5 жилийн хугацаа хайгуул хийхэд хангалттай.

Жилдээ бид 9 сая доллар зарцуулж байлаа. Дөрвөн жилийн дотор эрэл, хайгуул ашиглалтаа хийсэн байгаа юм. Ингэх бололцоо одоо ч бий. Зарим хүмүүс хуучин шигээ сэтгээд байна.

Хайгуулын хугацааг хоёр хуваасантай холбоотойгоор гарч ирж байгаа нэг асуудал нь одоогийн “Х” лицензийг “Э”, “Х” рүү шилжүүлэх. Ес, долоо, гурван жилээр үйл ажиллагаа нь явагдсан лицензүүдийг  ямар байдлаар хоёр салгах вэ?


Мэдээж хэрэг, хүмүүсийг хохироох ёсгүй. Лицензүүдийн хугацаа дууссан бол дууссанаараа л байна. Харин дөнгөж авсан лицензүүдийн байдлыг харж байгаад “Э”, “Х” рүү хуваана.  Гурван жилийн өмнө лиценз авсан бол яах вэ гэдгийг лиценз эзэмшигчээс асуух байх. Юм олсон бол цаашаа явна, олоогүй бол лицензээ өгөхөөс яах вэ.

Хуулийн төслийн зарчмын өөрчлөлтүүд дотор тусгай зөвшөөрлийн тоо гэдэгт эрлийнх тав, хайгуулынх хязгааргүй гэж зааж өгсөн байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

Зуугаас нэг нь л орд болдог гэж ярьдаг даа. Гэхдээ 200 лиценз авчихаад юу ч хийхгүй байх нь хэнд хэрэгтэй юм бэ. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 хувьд нь лиценз олгоод, хаана юу байгаагаа ерөнхийд нь мэддэг боллоо. Ямар ч байсан гадаргуу дээрх ашигт малтмалын илрэлүүдийг олсон. Тиймдээ ч хэд хэдэн орд дээр хайгуул дуусаад ашиглалт руу орох гэж байна. Эрлийн таван лиценз байлаа гэхэд тухайн компанийн хүчин чадалд таарч байх хэрэгтэй. Гэтэл 200 лиценз авчихвал 400 геологич хаанаас олох билээ. Тиймээс бид эрлийн лицензийг тав гэж хязгаарласан.

Тухайн компани зэсээр юм уу, алтны эрэл хайгуулаар мэргэшсэн байя гэж бодоход тэр компани талбай руугаа орж болно. Манайх шиг лицензээ ингэж замбараагүй олгодог улс хаана ч байхгүй. Хятад, Орос гэхэд энэ тал дээр маш хатуу бодлоготой. Агуу том орнууд учраас эрдэс баялгаа хэн дуртайд нь зүгээр өгөхгүй. Жишээ нь, Саудын Араб газрын тосны хайгуул дээр гадны компаниудыг ажиллуулдаггүй. Зөвхөн үндэсний компаниуд хайгуул, олборлолтоо хийнэ, гадныхан хамтарч орохоос хэтрэхгүй. Өнөөдөр Саудын Араб төрсөн хүүхэд болгондоо 50 мянган долларын тэтгэлэг олгодог. Нэг ёсондоо ард түмнийхээ эрх ашгийг хамгийн эхэнд тавьж байна. 

Норвегийн сайд саяхан ирэхдээ “Бид хамгийн түрүүнд улс орноо л боддог. Норвегийн газрын тосны компани улсдаа давамгайлчихсан. Бид түүндээ аль сайн юмнуудаа өгдөг” гэж хэлж байсан.

Орост Сахалины орд дээр бөөн хэрэг явдал болж байлаа. Борис Ельциний үед  газрын тосны “Бритиш  Петролиум” компани Оросын хамгийн том ордуудыг авчихсан байсан. Тэгтэл Путин гарч ирээд “Та нар ингэж болохгүй ээ. Оросын эрх ашигт нийцэхгүй байна. Энэ бол бидний баялаг” гэж хэлээд,  үйл ажиллагааг нь зогсоогоод Оросын компаниудыг түлхүү оруулж ирсэн.  Барууны компаниудад зөвхөн оператороор ажиллах л үлдсэн.

Орос бол том гүрэн. Байгалийн баялаг ихтэй, хурдтай өсч байгаа, төрийн бодлого хатуу чанга. Гэтэл манай улсын эдийн засаг сайн бэхжиж чадаагүй байгаа. Ашигт малтмалын хуулийн концепци нь уул уурхайн салбарт брэнд болсон дэлхийн хөрөнгө оруулагчдыг Монголд татаж оруулах гэсэн агуулгатай. Гэвч компанийн 75 хувийг  Монгол хүн заавал эзэмших ёстой гэсэн заалт томоохон хөрөнгө оруулагчдыг  үргээх юм биш үү?

Монголчууд гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр явж чадахгүй гэж манайхан хачин юм яриад байгаа юм. Манай үндэсний компаниуд босч ирээд байгаа биз дээ. “Энержи Ресурс” гэхэд бирж дээр мөнгө босгож чадаж байна. “Монголын Алт” Европын банктай ярьсаар байгаад мөнгө зээлээд авчихлаа. Мөнгө олдож байна. Гадныхан болохоор бид Монгол улсад орж ирэхгүй л бол та нар ажиллаж чадахгүй гэж хэлээд байгаа. Авсрали, Канад улс өөрсдөө зүтгэсээр байгаад босч ирсэн байх аа. Бид энэ замаар  явж болохгүй гэж үү.

Эрэл, хайгуул гэж тусад нь салгачихаар манайхан геофизикийн судалгаагаа ядаж өөрсдөө хийчихдэг болох болов уу?


Ажлаа  сайн хийдэг компаниудыг бол дэмжээд байгаа юм. Гадныхан болохоор монголчуудад 60 хувиа өгч яах юм, ажиллаж чадахгүй гэж хэлдэг. 1990 он хүртэл шороон ордыг зөвхөн “Монголросцветмет” нэгдэл ашигладаг байсан. Монголчууд “Бид ашиглая” гэж олон удаа хэлсэн ч та нар чадахгүй” гэсэн хариу сонсдог байлаа.  Тэгээд дараа нь оросууд яваад өгсөн. Бид өөрсдөө ашиглаад эхэлсэн. Мөн л оросууд явбал Эрдэнэт нураад унана гэж ярьдаг байсан. Өнөөдөр “Эрдэнэт”-ийг монголчууд л ажиллуулж байна.

Мөнгөтэй томоохон төслүүдийг гадныхан авчихаад байна. Өрөмдлөг дээр гэхэд гадныхан том талбайгаар нь авчихдаг. Цаанаа мөнгө л авч байгаа хэлбэр юм. 100 мянган метрийн өрөмдлөг хийх төсөл байлаа гэхэд гадныхан хамгийн түрүүнд авчихдаг.

Тэгвэл монголчууд том төслөө өөрсдөө авбал мөнгөтэй болно. Мэдээж сайн ажиллахыг л бодно шүү  дээ. Ямагт туслан гүйцэтгэгч байдлаар яваад байвал бид хэзээ ч сайжрахгүй.

Том компаниудын түгээмэл практик бий. 1996 онд би яаманд Ерөнхий геологичоор ажиллаж байхдаа геологийн бүх асуудлыг хариуцдаг байсан. Лицензүүдийг сайдын шийдвэрээр олгодог байсан. Арван компани ирлээ гэхэд Сайдын зөвлөлийн хуралд бид бүх танилцуулгыг хийгээд “Энэ компанид лиценз олгоё, энэ нь шаардлага хангахгүй байна” гэх журмаар лиценз олгодог байв.

Тэгтэл нэг өдөр гадны нэг хүн над дээр “Бат-Эрдэнэ ээ, үүнийг хар даа. Энэ бол хамгийн сайн хууль” гээд нэг хуулийн төсөл авчирч өгсөн юм. Дараа нь, 1997 онд намайг Англид сурч байхад Монголд Ашигт малтмалын тухай хууль батлах юм болов. Яг тэр үед бас л нэг гадны хүн хууль авчирч үзүүлсэн нь нэг л таньдаг хууль харагдаад байлаа. Тэгээд өнөөхийг 1997 онд баталсан хуулийн төсөлтэй харьцуулж үзүүлэхэд хуудас хуудсаараа таарч байж билээ.

Том компаниуд тухайн орныг эхлээд сайн судалдаг нь эндээс ажиглагдсан. Лондонд нэг гадны компанийн захирал “Монгол үнэхээр баян орон юм. Гэтэл танай хууль эрх зүйн орчин орж ажиллахын аргагүй. Тиймээс бид нэвтэрч орохын тулд хуулийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй болсон. Бид Дэлхийн банк энэ тэртэй ярьж, Засгийн газарт чинь тайлбарлаж байгаад хуулиа батлуулчихсан” гэж хэлж билээ.

Өнөөдөр бид хуулиа өөрчилж эхэлж байгааг гадныхан тааламжгүй хүлээж авч байна. Хятадад хайгуулын зөвшөөрлөөр хоёр жилийн хугацаанд юм хийхгүй бол лицензийг нь шууд хураагаад авчихдаг. Ашиглалтын лицензийг гурван жилээр олгодог. Хүн ам олонтой болохоор газар их үнэтэй. Тийм учраас газраа маш хурдан эдийн засгийн эргэлтэд оруулахыг хүсч байгаа хэрэг.              

Хуулийн төсөл дээр орхигдуулсан нэг заалт нь лицензийн наймаа. Лиценз шилжүүлэх тухайд тодорхой заалтууд орсон хэрнээ лицензийн наймааг зохицуулж өгөөгүй юм шиг санагдсан. Өнөөдөр лицензийг компанитай нь хамт бирж дээр зарчихаад яваад өгдөг тохиолдол цөөнгүй гарч байна.  Энэ тохиолдолд татвар авах, бүртгэл хийх гэх зэргээр төсөлд заалт нэмж болох уу?

Энэ нь Компанийн тухай хуулиар зохицуулагдах ёстой.  Ашигт малтмалын тухай хуульд бүгдийг оруулах арга байхгүй. Тодорхой хэмжээгээр оруулах гэж оролдсон ч маш их эсэргүүцэлтэй тулгарсан.  Лицензийг компанитай нь хамт зарах нь миний асуудал байлаа гэхэд төр засаг   энэ талын хууль хяналтаа сайжруулах хэрэгтэй. Монгол компанийг Монголдоо зарвал яах юм, гадаад хүнд зарвал яах юм. Бүр олон улсын бирж дээр гарсан компани худалдаж авбал яах юм. Энэ бүхэн ойлгомжгүй байгаа. Стратегийн салбарын аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль өнгөрсөн оны зун батлагдсан ч  асар их эсэргүүцэлтэй тулгарч байна. 

Австралид гадаадын хөрөнгө оруулалт 20 хувьд хүрэхээр бол Засгийн газар, парламентаар хэлэлцэж шийдвэрлэдэг. “Би Эйч Пи”, “Рио Тинто” хоёрын хэлцлийг Засгийн газар нь зогсоосон шүү дээ.

Ордыг, талбайг улсын нөөцөд авна гэсэн зохицуулалтад бухимдах хэсэг  байна.  1997, 2006 оны хуульд ийм зохицуулалт байсан. Өөрөөр хэлбэл лицензийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор гэсэн тодорхой үндэслэл, зориулалттай байсан. Гэтэл шинэ хуульд  үндэслэл тодорхойгүй байна гэж шүүмжилж байна?

Хуулийн чиглэлийн хүмүүс үүнийг тайлбарлах байх. Тодорхой саналууд өгвөл бид үндэслэлээ тодруулахад бэлэн. Хоосон яриад байх нь тийм ч оновчтой биш. Надад ирж баахан лекц уншихаасаа илүүтэй бичгээр, албан ёсоор өгөх хэрэгтэй байна. 

Хайгуулын талбайг бодит зардлыг нь олгоод нөөцөд авна гэсэн заалтад геологчид гомдож магадгүй юм.  Гэтэл хайгуул хийхэд хэчнээн хэмжээний зардал гаргадаг билээ. Бодит зардал  биш хохирол гэж үзэх ёстой гэсэн саналууд гарч байна?


Бодит зардлыг тухайн үед геологийн тайлан дээрээ маш тодорхой бичдэг. Тэрнээс биш тийм хэмжээний хоол хүнс хэрэглэсэн, сандал ширээ худалдаж авсан гэсэн дэл сул зардлыг тооцож болохгүй. Геологийн бодит зардлыг тооцож гаргах аргачлал гарч ирнэ. Үнэхээр 10 сая доллараар өрөмдөөд нэг саяар нь юм олчихсон бол 10 саяыг нь тухайн компанид хуулийн дагуу өгөх ёстой.  Бодит зардал гэдэгт ирээдүйд олох ашгаа тооцож оруулна гэж хүмүүс яриад байгаа.

Социализмын үед улсын төсвөөр хайгуул хийж илрүүлсэн олон орд бий. Одоо компаниуд ихэнхийг нь ашиглаж байгаа. Тухайн үед энэ бүгдийн бодит зардлыг нь улс  төлчихсөн. Улсаас нэгэнт мөнгө зарсан нь үнэн юм чинь  компаниудаас ирээдүйн ашгаа нэхэж болно биз дээ. Улсын төсвөөр хийсэн ордуудын хайгуулын бодит зардлыг бидэнд өгөөрэй гэж хариуд нь хэлбэл яах вэ. Улсын төсвөөр хийдэг хайгуул бага зардлаар хийгддэг гэж зарим геологич яриад байгаа. Улсын төсвөөр голдуу зураглалын ажил хийдэг юм.  Өмнө нь хайгуулын ажлыг цогцоор нь хийдэг байсан. Өнөөдрийн 50 мянганы зураглалын ажил бол тийм биш. Хайгуулын ажлыг оногдсон талбайдаа л хийж байгаа. Хайгуулын ажлын 70 хувь нь өрөмдлөг байдаг. Өрөмдлөг үнэтэй болохоор зардал мэдээж өснө. Нэг гектар газарт 100 төгрөг гэвэл өрөмдөх үү, үгүй юу.

Эрлийн талбайгаа улс өөрөө сонгоё гэсэн дэвшилттэй зүйл хуулийн төслөөс  ажиглагдаж байх шиг?

Монгол улсад дахиж ийм олон нүүрсний ордыг нэг зэрэг ашиглах хэрэг байгаа юу. Зэс, алт, төмрийн хүдэр рүүгээ түлхүү оръё гэвэл өмнөх нийгмийн үед хийсэн геологийн ажлууд зөндөө байна. Тэгвэл улс тэр тал руу эрлээ түлхүү явуулъя л даа. Баруун Монголд том орд илэрлээ гэхэд тэр орчимд нь хүдрийн бүс байна, эрэл явуулъя гэж зарлая. Өнөөдөр нэг газар дээр хэтэрхий олон хайгуул хийгдсэнээс экологи нь даахаа болилоо. Өмнөговийг хар л даа. Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайт дээр асар их хайгуул хийгдсэн. Өөр бусад нүүрсний ордууд нэлээд байна. Тэр бүгдийг урагш нь зөөнө гэвэл зам харгуй даахаа болино.

Та хятадууд ихэнх лицензийг авсан байна гэж хэллээ. Тэгвэл монголчуудад хэр олон лиценз байна вэ?

Тойм судалгаа хийсэн болохоор монголчууд хэчнээн лиценз эзэмшиж байгааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Үүнийг Ашигт малтмалын газрынхан мэдэж байгаа болов уу. Юутай ч хятадууд стратегийн 15 ордын гурвыг нь эзэмшиж байгаа. Дээрээс нь мана зэрэг бүх эрдэс баялгийг Хятад руу зөөж байгаа.

Өнөөдөр манай нүүрсийг хятадууд авахгүй гэвэл “Энержи Ресурс”, “Монголын Алт”, “Тавантолгой”-н үйл ажиллагаа шууд зогсоно.  Төмрийн хүдэр авахаа болилоо гэхэд Монголын эдийн засаг салгалаад эхэлнэ. Тийм учраас бид энэ хамаарлаа сайн ойлгох хэрэгтэй юм.

Монгол компаниудын цаана хөрөнгө оруулалт хийчихсэн Хятадын өч төчнөөн компани байна. Үүнийг Гадаадын хөрөнгө оруулалтын газраас л асуух хэрэгтэй байх. Хятад улс агуу том эдийн засагтай учраас хүссэн хүсээгүй манайх руу орж ирж байна. 

Жишээ нь, 1997 онд Хонконгийг Хятад Их Британиас шилжүүлж авсан. Хамгийн инээдтэй нь тэр үед Английн сонинд “Хятадууд Хонконгийг шилжүүлж авахаасаа өмнө тус бүс нутагт 100 тэрбум долларын хөрөнгийг нь аль хэдийнэ худалдаад авчихсан юм” гэж бичсэн байсан тухай надад нэг хүн хэлж билээ. Хөрөнгө нь түрүүлээд орчихсон болохоор худалдаж авснаас ялгаагүй болж байгаа юм. Энэ бол сайн бодох л ёстой асуудал. Өнөөдөр дэлхий дээр юу болж байна вэ. Саддам Хусейныг Кувейт рүү дайрахад америкууд нам цохьсон биз дээ. Учир нь Кувейт асар их баялагтай ч америкууд аль хэдийнэ хөрөнгөө оруулаад худалдаад авчихсан юм.  

Тийм учраас Хятадын эдийн засаг Монгол руу орж ирсэн ч бид үүнийг тодорхой хэмжээгээр барьж тогтоож байхгүй бол түүхий эд нийлүүлэгч улс хэвээр байх болно. Үүнтэй холбоотой  нэг сонин бодлого яваад байгаад би гайхдаг. Манайхан хил дээрээ юм барихыг хориод байхад хятадууд яг хилийн шугаман дээрээ баяжуулах үйлдвэрүүд, бүр хот босгоод байгаа. 2004 онд намайг Сэхээд очиход нэг жаахан боомт, хэдхэн шавар байшин, цөлөрхөг газар байсан. Өнөөдөр Улаанбаатараас ч гоё хот болчихлоо. Нисэх буудал, төмөр зам, хоёр шугам бүхий хурдны замтай. Одоо тэнд манайхаас очсон нүүрсний тонн тутмаас орон нутаг 15-20 юанийн татвар авч байна. Түүгээрээ хотоо хөгжүүлээд байгаа юм. Монголын нүүрс орж ирэхгүй бол хятадууд уурлаад эхэлдэг. Нүүрсээ оруул оруул гээд шавдуулна. “Та нар баяжуулах үйлдвэрээ яагаад хил дээр барьж байгаа юм бэ” гэхээр  “Нүүрс оруулж ирээд, шууд буулгаад хуурай баяжуулалт хийгээд аччихдаг. Бид үүнийгээ 20-30 хувь нэмээд зардаг” гэж байгаа юм.  Хятадаас бид дэндүү их хамааралтай болчихоод байна.

Нэг жишээ хэлэхэд, “Саусгоби Сэндс” компани “Чалко”-той сэмхэн гэрээ хэлцэл хийх гэж оролдсон шүү дээ. Энэ бол маш аюултай. “Саусгоби Сэндс”-ийн эзэмшилд байгаа 600-700 сая тонн нүүрс тэр гэрээгээр “Чалко”-гийн мэдэлд очсон бол хятадууд Монголын нүүрсний үнийг унагах байлаа. Өөрөөр хэлбэл, Монголын нүүрсний зах зээлд асар том тоглогч орж ирэх байсан. Энэ мэтийгээ бид бодохгүй бол бараг л оройтоод байна.

Бид ядахнаа зарим  зүйл дээрээ давамгайлах хэрэгтэй байна шүү дээ. Ашигт малтмалын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хэдэн хүн гадныхныг хөөж гаргах гээд байгаа юм биш ээ. Хариуцлагатай компаниудыг Монголд ажиллаач л гээд байгаа хэрэг. Орчин үеийн технологи авчир, монголчуудыг сурга, бэлтгэ. Хуулийн дагуу ажилла. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хэлэлцүүлэг дээр “Ард түмнээ хамгийн түрүүнд бод” гэж хэлсэн. Бид ч ард түмнээ л бодож хууль бичсэн. Гэтэл зарим хүмүүс бүх юмыг чөлөөтэй тавих ёстой гэж яриад байгаа. Европ өнөөдөр Скандиновын орнуудын эдийн засгийн хөгжлийн загварыг судалж,  хэрэгжүүлж байна. Ерөнхийдөө социалист маягийн загвар л даа. Төрийн эрх үүрэг, хяналт давамгайлчихсан.

1998, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас юу ажиглагдав гэхээр үнэт цаас хол явахгүй нь тодорхой  болчихлоо. Нэг компани дампуурахад л бүгдээрээ сүйрч байх жишээтэй. Гэтэл алт бол мөнхийн цаасан мөнгө биш. Алт их худалдаж аваад байгаа нь энэ. Тэгэхээр эцсийн дүндээ геологи, хайгуул ямар байхаас эрдэс баялгийн салбарын дүр зураг тодорхойлогддог. Үндсийг нь зөв тавьчих юм бол цаашаа зөв явна. 

Эргээд хуулийн төсөлтэй холбоотой зарим заалт руу оръё. Эрлийн үйл ажиллагаан дээр ажил гүйцэтгэх зөвшөөрөл шаардлагагүй гэсний учир юу вэ?


Эрэл бол ерөнхий ажил. Хэдэн геологич гурван сар ажиллаад юм гарахгүй бол яваад өгчихөж болдог. Тэр утгаараа эрэл дээр ажил гүйцэтгэх зөвшөөрөл өгөх шаардлагагүй гэж үзсэн.

Үндэсний эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байх шиг байна?

Тийм ээ. Өнөөдөр ашигт малтмалын мэдээлэл гурван газарт тараад байгаа. Цөмийн Энергийн газар, Газрын тосны газар, Ашигт малтмалын газарт тарсан байна. Социализмын үед геологи, уул уурхайн бүх ажлын үр дүн Геологийн фондод төвлөрдөг байсан. Жил болгон балансаа хөдөлгөнө гэж ярьдаг даа. Хэдэн тонн нүүрс нэмэгдэв, хэдийг нь ашиглав гээд бүгдийг нь багтаасан цогц мэдээлэл тэр фондод байдаг байлаа. Ингэснээр Монгол улс өөрийнхөө ашигт малтмалтай холбоотой бүх мэдээллийг хянаж, зохицуулдаг байв.

Одоо хувийн хэвшлийнхний хийсэн ажлууд нууцлагддаг нь судалгаа шинжилгээний ажил  хийхэд хүндрэлтэй болоод байна. Үүн дээр маш олон лиценз юу болоод байгаа нь мэдэгдэхээ байсан. Үүнийг хянадаг нэгдсэн сан зайлшгүй хэрэгтэй. Нэг ёсондоо орд болгон дээр байнгын хөдөлдөг “паспорт” нээж өгч байна гэсэн үг. Бүх мэдээллийг нэгтгэснээр улс дүгнэлт гаргаж, бодлого боловсруулахад дөхөм үзүүлнэ.

Хуучин цагт геологийн бүх мэдээллийг цуглуулаад дүн шинжилгээ хийдэг, бүр хариуцсан эрдэм шинжилгээний байгууллагуудтай байсан. Жонш, төмөр, алтаар дагнаж мэргэшсэн, дүн шинжилгээ хийдэг хүмүүс ажилладаг байв. Тэр хүмүүс Засгийн газар болон Сайд нарын зөвлөлийн хуралд Монголд тийм тийм ордууд байна, ирээдүйд ийм орд гарч ирэхээр байна,   төчнөөн тонныг олборлосон гэсэн мэдээллээ танилцуулдаг байсан. Энэ систем өнөөдөр бүрэн алдагдсан. Үүний хор уршиг их. Бодлогыг бодит мэдээлэл дээр тулгуурлаж хийх ёстой. Өнөөдөр хэдэн ордтой, хэчнээн нөөцтэй, хэдийг нь зарсныг хэн ч мэдэхгүй. Монголын нүүрсний нөөцийг 150 тэрбум тонн гэж ярьдаг.

Тэгвэл үүний хэчнээн тонныг ашиглаад байгааг жил бүр хянаад явах  ёстой. Урт хугацааны болон богино хугацааны бодлого боловсруулахад үүнд зайлшгүй тулгуурладаг. Төмөр зам гэхэд замд нь ямар ордууд байгаа, ирээдүйд юу олдохыг тодорхойлж гаргахгүйгээр хүссэнээрээ ийшээ тийшээ тавьдаг зүйл биш л дээ.

Д.Бямбасүрэн гуайн хэлсэнтэй холбогдуулаад нэг зүйл хэлэхэд, манай борлуулж байгаа зэсийн мөнгө Монголын банкинд биш, гадаадын банкаар дамжаад явчихаж байгаа. Жишээ нь, би энэ сард зуун сая долларын зэс зарлаа гэхэд тэр нь шууд гадны банкаар явдаг. Хэрэв үүнийг Монгол банкиндаа байршуулсан бол тэр банк дорхноо л босоод ирнэ. Бороогийн алтыг яалаа даа. Алтыг нь “машиндаж” аваад мөнгө нь Монголын банкинд ороогүй.  Оюутолгойн зэс ч ийм замаар явна. Тийм учраас бид Эрдэс баялгийн бирж байгуулахыг хуулийн төсөлд тусгаж өгсөн байгаа.





Хууль өөрөө их том хүрээг хамрах гэж оролджээ. Бүлэг бүлгээр нь салгачихвал яасан юм бэ? Геологийн, боловсруулалтын, олборлолтын гээд салгачихвал илүү оновчтой юм биш үү гэсэн саналууд гарч байна?

Геологийн хуулийн тухайд бид бүр 2002 оноос ярилцаж байсан. Энэ хуулийг бичлээ гэхэд өнөөдрийнхтэй л ойролцоо гарч ирнэ. Хуулийн төслийг эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт, боловсруулалтын хууль гээд таван хэсэгт хувааж бичиж болно. Маш жижигхэн тус тусдаа хуулиуд гарч ирнэ.  Гэхдээ эдгээрийг хооронд нь уялдуулах асуудал дахиад л босч ирнэ. Түүний оронд таван хууль бичих гэж байгаа хүмүүсээ цуглуулаад нэг хууль бичүүлсэн нь хамаагүй дээр. Эрүүгийн хуулийг яагаад эдийн хулгай, малын хулгай гээд тус тусад нь салгаагүй юм бэ. Болохгүй л байсан хэрэг. Уул уурхайн салбар томорсон учраас том хууль бичихээс аргагүй. 1994 оны Ашигт малтмалын тухай хуулиар явж болох ч үнэндээ салбарын хэмжээнд зохицуулж чадахгүй байна.

Энэ хуулийн нэг давуу тал нь гадны ямар нэгэн санхүүжилт болон зөвлөгөөгүй, Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэд Ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Өөрөөр хэлбэл, өндөр түвшний институт боловсруулсан гэдгээрээ ихээхэн онцлогтой болж байна?

1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг гадныхнаар бичүүлсэн. Тэгвэл шинэ хуулийг монголчууд өөрсдөө бичсэн. Дэлхийн банкныхан хуулийн төсөл дээр Засгийн газрын оролцоо их байна гэж шүүмжилж байна лээ.

Эрэл, хайгуулын ажил гүйцэтгэх, ажлын тайлан бичих эрх бүхий мэргэшсэн этгээд гэж шинээр оруулж иржээ?


Монголын уул уурхайн салбар өсч томорч байгаа энэ цаг үед Монголын үндэсний компаниуд гадаадын зах зээл дээр зайлшгүй гарч, хөрөнгө босгоно. Хөрөнгийн зах дээр гарахад ямарваа нэгэн баталгааг геологич юм уу, уулын инженер зэрэг мэргэшсэн хүмүүс л өгдөг.  Монголд өнөөдөр ийм мэргэшсэн хүмүүс байдаггүй. Засгийн газраас ямар бодлого баримталж байна вэ гэхээр геологи хайгуул, эрлийн ажлыг  маш өндөр түвшний хүмүүсээр хийлгүүлж, тайлан бичүүлдэг болъё. 

Олон улсын нөөцийн ангиллын комисс гэж бий. Үүнд бид монгол инженерүүдийн гарын үсэгтэйгээр нэгдсэнээр бирж дээр гардаг болно. Энэ нь олон сайн талтай. Өөрөөр хэлбэл, монгол инженерүүдийн нэр хүнд, цалин өснө. Монгол компаниуд ганц нэг гадаад хүний гарын үсэг авах гэж маш их мөнгө төлж байна шүү дээ. Тийм учраас монгол компаниудын ажлын чанарыг сайжруулж, Монголд мэргэшсэн инженерүүдийн институт байгуулъя гэж байгаа юм. Монголын бирж дээр ч гэсэн үндэсний компаниуд гаръя гэхээр зайлшгүй энэ нь хэрэгтэй болчихоод байгаа. Үүнийг хуулиар зохицуулж өгч байгаа юм. Геологичид ч ийм механизмыг хүсч байна.

Манайд яг ийм мэргэшсэн геологичдыг бий болгох боломж бий юү?

Байлгүй яах вэ. Хорь гаруй зөвлөх инженер бий. Уул уурхайн салбарт бүх насаараа ажиллачихсан, маш олон ордын нөөц бодож гаргасан хүмүүс. Дээр нь бид мэргэшсэн гэдгийг сургалтаар сайжруулах бодолтой байна. “Хулхи” тайлангууд олон байгаа учраас итгэлтэй, мэргэшсэн хүмүүсийн гарын үсэгтэйгээр хөрөнгийн бирж дээр гарах цаг компаниудад ирнэ. Тэр хүмүүст хуулиар хариуцлага ногдуулж байгаа. Буруу зүйл хийвэл эдийн засгийн гэмт хэрэг болж, хуулийн шийтгэл амсана.

  • Anita (94.242.62.132)
    Сайн уу миний нэрийг Анита Женсен би Орос улсад Америкаас амьдардаг энэ зээлийг бүх зээлдэгч нарт сэрэмжлүүлэхийг хүсч байна Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байсан бөгөөд цөхрөнгөө барж байсан болохоор би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчид шалгагдаж байсан Найзынхаа найз маань Foxx Loan Firm нэртэй итгэмжит зээлдүүлэгч гэж нэрлэсний дараа надад 45000 еврогийн зээл олгосон юм Стрессгүй ажлын хоёр өдөр Хэрэв танд ямар нэг төрлийн зээл хэрэгтэй бол foxxloanfinancialaidgmailcom дээрээс энэ боломжийг ашиглан энэ боломжийг ашиглахын тулд бодит зээл хайж хайж байсан хүнд анхааруулж Foxx Loans Firm Зээлийг зөвхөн ажлын 2 хоногт авах боломжтой Баярлалаа Э-мэйл foxxloanfinancialaidgmailcom Анита Женсен
    2017 оны 09 сарын 07 | Хариулах