Хятад улсын эрчим хүчний нүүрсний импорт өнгөрсөн нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 56 хувиар өсч, 30.55 сая тоннд хүрчээ. Тус улс нь эрчим хүчний нүүрсний нөөцөөр баялаг хэдий ч байгаль орчинд сөрөг нөлөөтэй, аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангаагүй олборлолтыг цэгцлэх үүднээс жижиг уурхайнуудыг хаах бодлого баримталж байгаа юм. Хятадын Аюулгүй ажиллагаа хариуцсан газар энэ онд гэхэд нийт 5000 жижиг уурхайг хаах бодлого барин ажиллах тухай энэ сарын дундуур мэдэгдсэн билээ. Энэхүү арга хэмжээ нь цаашид Хятадын эрчим хүчний нүүрсний импорт өсөхөд тодорхой хэмжээнд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдэгдэж буйгаар өнгөрсөн 2012 онд тус улс нийт 235 сая тонн эрчим хүчний нүүрс импортолсон байна. Энэ нь өмнөх 2011 оныхтой харьцуулахад 28.3 хувийн өсөлт ажээ. Одоогийн байдлаар Хятадын хойд хэсгийн нутгаар эрчим хүчний нүүрсний үнэ нэг тонн нь 350-400 юань байгаа бол эргийн мужуудад 640-660 юань/тонн байна.
Манай улсын хувьд Хятад руу зөвхөн сайн чанарын коксжих нүүрс болон хагас коксжих нүүрс экспортолж буйг холбогдох төрийн байгууллагын хүмүүс ярьдаг. Цаашдаа Хятад руу манай улс эрчим хүчний нүүрс нийлүүлэх боломж бий бөгөөд энэ чиглэлд хэд хэдэн компани ажлаа эхлүүлээд байгаа юм.
Б.Төгс