Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Бодлого гарсны дараа хуулийг хэлэлцэн батална

Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Ашигт малтмалын хуулийн хэлэлцүүлэг болж байна. Уг хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэлсэн бөгөөд тэрбээр Ашигт малтмалын хуулийн төсөлд талууд нэгдсэн ойлголтод хүрээгүй байгааг сануулсан юм. Ерөнхийлөгчийн тайлбарлаж буйгаар юун түрүүнд Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого гаргахын зэрэгцээ геологийн асуудлыг тун чухалчлах ёстой юм байна. Иймд энэ хавар уг хуулийг өргөн барихгүйгээр тогтож буй ажээ. Харин хууль гарсны дараа Уул уурхайн яамны нэрэнд геологи гэсэн нэр томъёо орж магадгүй байна.

Өөрөөр хэлбэл эхлээд уг салбарт төрөөс баримтлах бодлого гаргаад, дараагаар нь одоогийн хуулийн төслийг хэлэлцэх ажээ. Хэлэлцүүлгийн явцад тус тусдаа хуулийн төслүүд орж ирснээр нарийн боловсронгуй хуулийг гаргах нөхцөл бүрдэх ажээ.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөж Ажлын хэсгийг дахин шинээр байгуулах юм байна. Гол нь бодлогоо гаргаж асуудлыг томоор харж үзэх ёстойг Ерөнхийлөгч тодотголоо. Харин Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг Уул уурхайн яаманд ид боловсруулж байгаа юм байна.

Үүнээс гадна, цаашдаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх хоригийг үргэлжлүүлэх чигийг барих нь зүйтэйг Ерөнхийлөгч дурдаж байв.

Стратегийн ордын хувь эзэмшлийн тухайд тэрбээр “Стратегийн ордын хувь гэж хашгирдаг хүний тоо цөөрч буй” гэсэн санаагаа тэрбээр хэлэлцүүлэгт тодорхой илэрхийлсэн юм.

Хувь хүний үзэмжээр шийддэг асуудлыг хуулиар хааж өгөх нь зүйтэйг ч тэрбээр ярьсан. Жишээ нь ордын нөөц буруу тогтоосон хувь хүн болон зөвлөлд хариуцлага тооцдог болох ёстойг дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм.

Харин хэлэлцүүлэгт оролцогчдын зарим нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг энэ хуулиар зохицуулбал барилгын салбар зогсох аюултайг сануулж байв.

Цаашдаа уул уурхайн салбар дахь төрийн оролцоог дүрмээр зохицуулахгүй бол энэ салбар авлигын талбар болж болзошгүйг ч мөн зарим төлөөлөл анхаарууллаа. 

Б.Төгс