Орос, Хятад хоёр улс эрчим хүчний хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Энэ сонирлоо хэрэгжүүлэх үүднээс ОХУ-ын Шадар сайд А.Дворкович Хятадад Дээд хэмжээний айлчлал хийсэн байна. Айлчлалын үеэр Хятадын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Цзиньпинтэй уулзаж, эрчим хүч нийлүүлэлтийн гэрээ үзэглэжээ. Гэрээний дагуу энэ онд оросууд 38 тэрбум кубметр байгалийн хийг Хятад руу экспортлох болсон юм. Ингэснээр Оросын эрчим хүчний хамгийн том хэрэглэгч нь Хятад болжээ.
Өнгөрсөн онд Хятад улс 145 тэрбум кубметр байгалийн хий ашигласан бөгөөд энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байна. Дараа жил гэхэд 78.5 тэрбум куб метр байгалийн хий импортолж авах тооцоо гарчээ. Үүний 70 тэрбум кубметр байгалийн хийг оросууд нийлүүлж магадгүй. Учир нь хоёр улсын 2009 онд байгуулсан гэрээний дагуу 2014 оноос Оросын тал 70 тэрбум кубметр байгалийн хийг жил бүр нийлүүлэх болсон юм.
Түүнчлэн газрын тос, цөмийн энерги, нүүрсний салбарт ч хоёр улс хамтарч ажиллах сонирхолтой байгаа гэнэ. Хятадууд энэ онд нүүрсний 5000 жижиг уурхайгаа хаах болсон нь тус улсын эрчим хүчний нүүрсний импорт өсөхөд нөлөөлж байгаа юм. Хятадын эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтийн хомсдлыг оросууд нөхөж магадгүй байна.
Э.Хулан