Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Төмрийн хүдрийн үнэ 70 доллар болж буурна

Дэлхийн зах зээлд өчигдрийн байдлаар 62 хувийн агуулга бүхий нэг тонн төмрийн хүдрийн үнэ 150 гаруй ам.долларын үнэтэй байна. Гэхдээ цаашдаа төмрийн хүдрийн нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр энэ оны гуравдугаар улирал гэхэд нэг тонн түүхий эдийн үнэ 50 гаруй хувиар буурч, 70 ам.долларт хүрэх тооцоог олон улсын санхүүгийн байгууллагууд гаргажээ. Өнгөрсөн жил дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн нийлүүлэлт эрэлтээсээ 40 орчим сая тонноор бага байсан бол энэ жил 20 сая тонноор ахиу байх төлөвтэй  байна. Хятадын түр зогсолт хийгээд байсан томоохон хэмжээний төмрийн хүдрийн уурхайнууд ирэх сараас эргэн ажиллаж эхэлснээр нийлүүлэлт 100 сая тонноор нэмэгдэхийг шинжээчид тэмдэглэж байна. Өнгөрсөн есдүгээр сарынхтай харьцуулахад одоо төмрийн хүдрийн үнэ 75 хувиар өсөөд буй ч энэ нь түр зуурын шинжтэй гэдэгт “UBS”, “Morgan Stanley”, “Macquarie, Goldman Sachs зэрэг санхүүгийн томоохон байгууллагын шинжээчид санал нэгдээд байна.

Манай улсын хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар Хятад руу 332 мянган тонн төмрийн хүдэр экспортолсон тухай Үндэсний статистикийн газар мэдээлсэн. Энэ нь хэдийгээр өнгөрсөн оны мөн үеийнхээс доошилсон дүн боловч, ерөнхийд нь авч үзвэл сүүлийн гурван жилийн хугацаанд төмрийн хүдрийн экспорт эрс өсч буй бөгөөд улсын нийт экспортод жин дардаг болоод буй. Гэхдээ зах зээл дэх үнэ шинжээчдийн таамаглаж буйгаар ийнхүү огцом унавал төмрийн хүдэр экспортлох нь  манай улсад ямар ч ашиггүй болох магадлал өндөр байна. Нөгөөтэйгүүр төмрийн хүдрийн нөөц багатай улсын хувьд цаашдаа багахан баялгаа арвилж хямгадах шаардлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.

 

Б.Төгс