Оюутолгой ХХК шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулжээ. Энэхүү арга хэмжээгээ “Эрдэнийн говь” хэмээн нэрлэсэн бөгөөд ёслол өнгөрсөн лхагва гаригт Дуурь бүжгийн эрдмийн театрт болов. Энэ үеэр Трансвест Монголиа компани нь“Орон нутгийн нөөц боломжийг хамгийн өндөр түвшинд ашиглагч шилдэг ханган нийлүүлэгч” байгууллагаар шалгарчээ.
Трансвест Монголиа ХХК нь уул уурхай, барилгын тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлэгч Комацу компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр 2009 оноос ажиллаж байгаа бөгөөд тус брэндийн техник хэрэгсэл болон баталгаат сэлбэг, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлдэг. Уул уурхайн салбарын компаниудад үйлчилгээнийхээ цогц шийдлийг санал болгодог.
Трансвест Монголиа нь Оюутолгой компанид уул уурхай болон баяжмалын тоног төхөөрөмж нийлүүлэх, засвар үйлчилгээг үзүүлэх тендерт 2010 онд оролцож ялсан бөгөөд 2012 онд гэрээний дагуу тус компанид Комацу маркийн 10 загварын нийт 54 машиныг хугацаанаас нь сар гаруйн өмнө угсарч, туршин ашиглалтад өгсөн аж. Тус компани нь Оюутолгой ХХК-д нийлүүлсэн бүх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийг ханган нийлүүлэх 5 жилийн гэрээтэй ажиллаж байна.