Оюутолгой ордын ашиглалтын асуудлаар хувь нийлүүлэгч талууд хоёр дахь өдрөө ярилцах гэж байна. Хувь нийлүүлэгч Рио Тинто ба Монголын Засгийн газрын өндөр түвшний хэмжээнд уулзалт эхэлсэн бөгөөд эхний өдрийн тухайд талууд өөрсдийн хатуу байр сууриа илэрхийлцгээжээ.
Монголын Засгийн газар Рио Тинто-д хоёр гол шаардлага тавьж байна. Манай улсын хууль тогтоомжийн дагуу татвараа төлөх, хөрөнгө оруулалт, санхүүгийн зарим мэдээллийг нээлттэй болгохыг шаардаж байна. Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээний биелэлтийг хувь нийлүүлэгч нэг тал нь хянаж байх зүй ёсны явдал хэмээн манай Засгийн газар байр сууриа илэрхийлж буй юм. Өдийг хүртэл ОТ төслийн санхүүгийн хяналтыг Монголын эрх бүхий байгууллагууд хянаж чадахгүй байгаа юм. Монголын талын энэхүү тодорхой шаардлагыг Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж УИХ-ын нэгдсэн чуулган дээр илэрхийлсэн бөгөөд тиймээс хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож буй Засгийн газрын танхимын гишүүд нь Ерөнхийлөгчийн өгсөн тэрхүү чиглэлийг тууштай баримталж буй юм.
Харин Рио Тинто компанийн хувьд 6.6 тэрбум ам. долларын хөрөнгө оруулсан, бүтээгдэхүүнээ гаргахад бэлэн болсон, тус компанийн хувьд хамгийн ашиг, ирээдүйтэй төслөө эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна. Гэхдээ Рио-гийн дэлхийн дахин дахь цөөнгүй төслийн хувь заяа ОТ төслийн жишгээр орчих вий гэсэн болгоомжлолын дагуу Монголын Засгийн газарт буулт хийх бодолгүй байгаа юм. Монгол улсын Засгийн газрын тодорхой байр суурийг барууны хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр өчигдрөөс эхлэн илт “сүржигнэн” мэдээлж эхэлсэн ба Монгол дахь уул уурхайн төслүүд хүнд нөхцөлд орлоо гэсэн ерөнхий агуулга тэдгээрт давамгайлжээ.
ОТ төслийн хувь нийлүүлэгчдийн хурал эхэлснээс хойш дэлхийн хэвлэлээр цацагдсан мэдээллийн тоймыг The Mongolian Mining Journal уншигчдадаа өнөөдөр дэлгэрэнгүй хүргэнэ.
Энтри компанийн хувьцааг тойрсон “хэл амыг” жишээлэн гадаадын хэвлэлүүд шуугиж байгаа. Гэвч энэ нь 2013 оны эхнээс тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хориглосон манай талын шийдвэртэй холбоотой, төрийн шийдвэр журам хэрэгжиж буй ердийн процедур юм. Харин энэ мэт шинэ дүрэм журам, ялангуяа уул уурхайн салбарт хэрэгжиж эхэлж буй талаар манай холбогдох төрийн байгууллагууд “тоож” мэдээлдэггүй, эрх ашиг нь хөндөгдөж буй аж ахуйн нэгж, хувь хүнд урьдчилан дуулгаж тайлбарлаж сураагүй хүнд суртлаас үүдээд Монголын Засгийн газар ОТ-ын хувь нийлүүлэгчдийн хурлын өмнө шантааж хийж буй мэт сэтгэгдлийг олон улсад төрүүлээд байна. Олон улсын хөрөнгө оруулагчдад хатуу шаардлага тавьж эхэлсэнтэйгээ зэрэгцээд Монголын төр өөрөө мөн наад захын бизнесийн соёлд суралцах ёстойг энэ хэл ам харуулав.
Манай талаас Хувь нийлүүлэгчдийн хурлын өмнөхөн ОТ төслийн Улаанбаатар дахь банкны гүйлгээний дансыг хааж, сануулга өгсөн юм. Энэ бүх халуун үйл явдал нь Монголын төрийн уул уурхай, хөрөнгө оруулалтын салбартаа баримталж эхэлсэн шинэ чиг хандлага дор өрнөж буй тул гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд анхны хүнд цочрол болоод байна. Рио Тинто компанийн хувьцаа хурал эхэлснээс хойш тасралтгүй унаж байгаа ба Монголын бондын хувьд ч Рио-гийн хувьцаатай ижил савлагаа үүсэх вий гэсэн болгоомжлол бий.
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том кампани ба ашигт малтмалын арвин нөөцөөрөө дэлхийн хөрөнгө оруулагчдыг татсан Монголын талын яриа хэлэлцээр үргэлжилж байна. Хэн хэний өндөр эрх ашиг энд байгаа тул талууд харилцан буулт хийж, ойлголцолд хүрэх буй за.
Л. Болормаа