Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Оюутолгойн маргаан “хит” болж байна

Монголын Засгийн газар болон “Рио Тинто”-гийн хооронд үүсээд буй маргаантай асуудлын талаар олон улсын хэвлэлүүд ид “сенсацилж” байна. The Mongolian Mining Journal сэтгүүл эдгээр нийтлэлээс хоёр өгүүллийг онцлон хүргэж байна. “Энтри Гоулд" (Антри Гоулд) компанийн лицензийг барьцаалах, бусдад худалдахыг хориглосон шийдвэрийг гадаадын хэвлэлүүд нэлээд “сенсацилж” тайлбарласныг энд онцолъё.

Оюутолгойн хэлэлцээрийн өмнө Монголын тал “Рио Тинто”-д дарамт үзүүлэв

Ройтерс 2013.02.27

Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан, “Рио Тинто”, Turquoise Hill Resources компаниудын удирддаг Оюутолгой төслийн талаар Монголын Засгийн газар гомдол мэдүүлсэнтэй зэрэгцэн нэгэн лицензийг цуцалж байна.

Энэ тэмцэл хоёр талд аль алинд нь амин чухал юм. Оюутолгой төсөл бүрэн хүчин чадлаараа хэрэгжих үед Монголын эдийн засгийн гуравны нэг хэсгийг бүрдүүлнэ. Харин Рио Тинто” төмрийн хүдрийн томоохон төслүүдээ урагшлуулах эсэх нь Оюутолгойг эргэлтэд оруулахаас хамаарч буй.  

Монголын Уул уурхайн сайд 2009 онд “Оюутолгой” болон “Энтри Гоулд” компанийн эзэмшдэг Шивээтолгой, Жавхлант хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгохоор гаргасан нэгэн шийдвэрийг хүчингүй болгосноо энэ долоо хоногт мэдэгдсэн. Монголын тал одоогоор энэхүү алхам хүчин төгөлдөр болохыг бататгахын тулд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд туссан уг асуудалтай холбоотой шийдвэрээ хянаж үзэж байна.

Эдгээр ашиглалтын лицензийн 80 хувийг “Оюутолгой”, харин “Энтри Гоулд” 20 хувийг эзэмшдэг юм. Одоогийн байдлаар “Энтри Гоулд” Засгийн газрын аль нэг агентлагаас тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэг албан ёсны мэдэгдэл хүлээн аваагүй бөгөөд асуудлыг тодруулахыг эрэлхийлж байна гэж Торонтогийн хөрөнгийн биржид мэдээлжээ. Шивээтолгой, Жавхлант ашиглалтын лицензийн тухайд хийсэн алхам нь ээдрээтэй байгаа Оюутолгой төслийг нэмэлт олон асуудлаар нэрмэсэн хэрэг болов.

“Рио Тинто” компани төслийн талаарх маргаан шийдэгдтэл зэсийн баяжмал худалдаалахгүй гэж мэдэгдсэн бөгөөд төслийн талаарх баримтуудыг хамгаалахын тулд тун няхуур хэлэлцэнэ гэж ам гараад буй. Эдгээр маргаантай асуудлыг шийдсэн нөхцөлд, Оюутолгойн анхны борлуулалтыг энэ оны зургадугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөөд байгаа гэж “Рио Тинто” энэ сарын 14-нд мэдэгдсэн юм.

Монголын Засгийн газрын тавьсан асуудалд жилдээ 425 мянган тонн зэсийн баяжмал, 460 мянган унц алт үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэгч “Оюутолгой” компани татвар төлөөгүй, төслийн хөрөнгө оруулалтыг хэтрүүлсэн явдал багтаж буй юм.

Хоёрдугаар сарын 8-нд болсон Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн анхны хурлын дараа, Сангийн сайд Ч.Улаан өнгөрсөн 2012 онд тус компани огт татвар төлөөгүй гэж мэдэгдсэн.

Харин “Рио Тинто” компани үүнийг ташаа мэдэгдэл хэмээн мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, 2010 онд Засгийн газарт 250 сая ам.долларыг татвараас суутгах зарчмаар урьдчилгаа татвар төлөлтийн хэлбэрээр зээлэхээр харилцан тохиролцсон юм.

Мөн төслийн бүтээн байгуулалтын зардлыг хэтрүүлсэнтэй холбоотой маргаан бий. Монгол улсын Ерөнхийлөгч төслийн зардал 7 тэрбум доллараас давсан гэж мэдэгдсэн бол “Рио Тинто” төслийн зардал 6.2 тэрбум ам.доллар байгаа гэж хариу мэдэгджээ.

Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэнээр “хөрөнгө оруулагч тал анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл ногдол ашиг олгогдохгүй” гэсэн гэрээний заалтын дагуу Монголын талын ногдол ашиг хүртэх хугацаа 14 жилээр уртасч буй гэж мэдэгдэж буй. Мөн Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн банкны дансыг хааж байдлыг улам хурцатгаж буй талаарх мэдээлэл ч байна. “Оюутолгой”-н хэвлэлийн төлөөлөгч энэ талаар мэдээлэхээс татгалзсан. Монголын Татварын газар ч шууд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

Монголын тал гэрээний агуулга улсын эрх ашигт төдийлөн нийцэж чадаагүй гэж үзэж буй юм. Засгийн газрын зарим төлөөлөл 34 хувийг нь төр эзэмшиж буй уг төслийн хяналтын багцыг төр авах ёстой гэсэн саналтай байгаа юм. Зарим хүмүүс энэ түрэмгий үйлдлүүдийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийж буй үндэсний үзлийг дөвийлөхөд зориулагдсан үйл ажиллагаа гэж үзэж байна. Өнгөрсөн онд УИХ-ын сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчид санал авахын тулд уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хаах амлалт өгөх аргыг ашиглаж байжээ.

Энэ маргаан Ерөнхийлөгчийн сонгууль дуустал үргэлжлэх биз. Дараа нь бид мэдэгдэхүйц өөрчлөлт болон Оюутолгой төсөл урагшлахыг харах болно. Би Оюутолгой төслийн тухайд зарим зүйлс өөрчлөгдөнө гэж бодохгүй байна” гэж Mongolian Investment Banking Group-ын Ерөнхий захирал MacDougall хэлжээ.

Монголын тал Оюутолгойн гол лицензүүдийг цуцаллаа

Файнэншл Таймс 2013.02.27

Монголын тал “Рио Тинто” компанитай нэмэлт зардал, татвартай холбогдуулан үүсгээд буй маргааны улмаас Оюутолгой зэс, алтны ордын гол хэсгийн лицензүүдийг цуцаллаа.

“Рио Тинто” компани Монголын Засгийн газартай энэ лхагва, пүрэв гаригт уулзалт хийж буй. Хоёр тал 6.6 тэрбум долларын төслийн санхүүжилт дуусахаас өмнө амжиж тохиролцоонд хүрэх “дарамт”-д байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэв хоёр тал тохиролцоонд хүрч чадахгүй бол ордын үйл ажиллагааг түдгэлзүүлэх ажээ.

Монголын талын 34 хувийг эзэмшиж буй бөгөөд “Рио Тинто”-гийн удирдаж буй Оюутолгой бол дэлхийн хамгийн том ашиглагдаагүй байгаа зэсийн ордуудын нэг юм. Төслийн бүтээгдэхүүний борлуулалтыг ирэх зургадугаар сард эхлүүлэх юм. Гэвч уг төсөл Засгийн газар “Рио Тинто”-гийн хооронд улам бүр ээдрээтэй болж буй маргааны “шавар”-т шигдлээ. Учир нь Монголын Засгийн газар төслийн зардал хэтэрсэн, ногдол ашиг хүртэх хугацаа хойшлохтой холбоотой асуудлыг тавьж байна.

Монголын эдийн засаг уул уурхайн салбар хөгжсөнөөр өссөн ч Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулахтай холбоотой шинэ хуулийг өнгөрсөн онд баталснаар гадны хөрөнгө оруулалт эрс багасчээ. Зарим хөрөнгө оруулагч улам бүр хүндрэлтэй болж буй хөрөнгө оруулалтын орчинд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж буй юм.

Оюутолгойн маргаантай холбоотой хамгийн сүүлд өрнөсөн үйл явдал нь мягмар гаригт мэдэгдсэн Монголын Засгийн газрын мэдэгдэл байв. Энэ нь Оюутолгойн лицензийн эргэн тойронд байсан Канадын “Энтри Гоулд” компанийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон тухай байсан юм.

Хэдийгээр “Рио Тинто” эдгээр лицензийг шууд эзэмшдэггүй ч Оюутолгой компани “Энтри Гоулд” компанитай Оюутолгойн хэсгийн орчин дахь баялаг нөөц бүхий ордуудыг хамтран ашиглах гэрээ байгуулсан байсан юм. “Рио Тинто” нь “Энтри Гоулд”-ын 23.6 хувийг эзэмшдэг хамгийн том хувьцаа эзэмшигч учир уг алхмаас хохирол амсана. Энэхүү тусгай зөвшөөрөл нь Оюутолгойн судал орчмын таамаг нөөцийн 25 хувийг агуулж буй хэсэгт хамаарч байна.  

Энэхүү маргаан саяхан шинэ албан тушаалдаа томиглогдоод буй “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш, тус компанийн Зэсийн хэлтсийн тэргүүн Жан -Себастьян Жак нарын хувьд том шалгалт болж байна. Шинжээчдийнхээр бол Оюутолгой төсөл нь “Рио Тинто” компанийн өсөлтөд хамгийн чухал төслүүдийн нэг юм. Учир нь тус компани өөрийн орлогын эх үүсвэрийг Австралийн Пилбара орчим дахь төмрийн хүдрийн ордуудаар хязгаарлалгүйгээр илүү өргөжүүлэхийг эрэлхийлж байгаа.  

Мягмар гаригт Флоридад болсон хөрөнгө оруулагчдын нэгэн хуралд Сэм Уолш “Саяхны Монголын Засгийн газрын улс төрийн дохио сануулга нь “Рио Тинто” болон Монголын Засгийн газрын хооронд хийсэн Хөрөнгө оруулалтын гэрээний зарим зүйл заалтыг дахин нягтлахад хүргэсэн” гэж мэдэгдсэн байна. “Энэ нь зөвхөн “Рио Тинто”-гийн ч бус, Монголд хөрөнгө оруулахаар судалж буй бусад талуудын ирээдүйн хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулж байна” хэмээн хуралд оролцогчдод хэлжээ.

“Энтри Гоулд” компани нь “Оюутолгой” компанитай 20:80 хувийн эзэмшилтэйгээр Heruga болон Hugo North Extension-ий хэсгийг хамтран ашиглахаар гэрээ байгуулсан юм. Техникийн судалгааны дүгнэлтээр энэ хэсэгт нийтдээ 12 сая орчим тонн зэсийн таамаг нөөцтэй ажээ.

“Энтри Гоулд” олон нийтэд хийсэн мэдэгдэлдээ лицензийн асуудлыг тодруулахыг эрэлхийлж байгаа бөгөөд Засгийн газрын аль нэг байгууллагаас тусгай зөвшөөрөлтэй холбоотой албан ёсны мэдэгдэл хүлээж аваагүй гэдгээ тодотгожээ. Монголын Засгийн газрын мэдэгдэж буйгаар тус улс “Энтри Гоулд”-ын лицензүүдийг “Оюутолгой” компанийн мэдэлд шилжүүлэхийг хүсч буй юм.  Ингэснээр Засгийн газар Heruga болон Hugo North Extension-ий хэсгээс илүү ашиг хүртэх боломжтой болох юм.

“Рио Тинто” төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлж, далд уурхайг өргөтгөх шийдвэр гаргахаа хэдийнэ хойшлуулаад буй. Тус компани энэ талаар техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусах үед буюу ирэх жилийн эхний хагаст багтаан мэдэгдэх юм.

Дээрх хоёр нийтлэл “Энтри Гоулд” компани Ашигт малтмалын газраас албан ёсны мэдэгдэл хүлээж авсан тухайгаа зарлахаас өмнө нийтлэгдсэн юм. “Энтри Гоулд”-ын мэдэгдэлд MV-15225A болон MV-15226A ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлаагүй. Харин 2009 онд Эрдэс баялаг, Эрчим хүчний яамны гаргасан хайгуулын лицензийг ашиглалтынх болгосон шийдвэрийг хүчингүй болгосныг тэмдэглэсэн тухай дурджээ. Одоогоор “Энтри Гоулд” компани тус компанийн энэхүү ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг түр хугацаанд түдгэлзүүлж байна гэж үзэж буйгаа тэмдэглэжээ. Энэ хүрээнд “Энтри” компани нь лицензүүдийг бусдад худалдахгүй байх ёстой. Гэхдээ “Энтри Гоулд” компани өөрийн эзэмшиж буй энэхүү лицензүүд нь Монголын Засгийн газар, “Оюутолгой” компани, “Рио Тинто”, Turquoise Hill Resources (Айвенхоу Майнз) компаниудын хооронд хийсэн Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тус компанид олгогдсон болохыг онцолжээ.

Б.Төгс

  • нүдэнд ил (103.11.195.189)
    яаждээ
    2013 оны 07 сарын 11 | Хариулах
  • sfg (122.201.17.110)
    mmhn
    2013 оны 02 сарын 28 | Хариулах