Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Оюутолгой” компанийн сарын төсвийг баталжээ

“Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн хурал хоёр өдөр үргэлжилж, түр завсарлаад байна. Өчигдөр Хувь нийлүүлэгчдийн хурлын зүгээс компанийн ТУЗ-ийг хуралдуулж, зарим асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн. Үүний хүрээнд өчигдөр орой хуралдсан “Оюутолгой” компанийн ТУЗ компанийн нэг сарын төсвийг баталжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард ТУЗ-ийн зүгээс компанийн бүтэн жилийн төсвийг батлахаас татгалзаж, эхний хоёр сарын төсвийг баталж байсан билээ. Анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум доллараар нэмэгдсэн шалтгааныг тайлбарлахыг шаардаж, ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн ийм шийдвэрт хүрсэн юм.

Тэгвэл өчигдөр орой ТУЗ гуравдугаар сарын төсвийг нь баталж өгчээ. Ингэхдээ энэ сард багтаан анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг Монголын талд тайлбарлах болзолтой дээрх шийдвэрт хүрсэн байна. Одоогоор хувь нийлүүлэгчдийн хурал албан ёсоор дуусаагүй, түр завсарлаад байгаа аж. Дараагийн хурал хэзээ болох нь тодорхойгүй байгаа юм. Ямар ч байсан хоёр тал тавьсан асуудлуудаа нэг тийш нь шийдвэрлэж байж Хувь нийлүүлэгчдийн хурлыг дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

С.Болд-Эрдэнэ