Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН САЛБАР ГАРААНЫ ШИНЭ НӨХЦӨЛД ИРЛЭЭ

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяртай ярилцлаа.


Тусгайлсан хууль эрхзүйн орчинтой болж, хариуцах газар агентлагийг бий болгосноор цөмийн энергийн салбарт бодитой эерэг сайн хандлага, үр дүн гарч чадав уу?

Олон эерэг сайн үр дүнг харж байна. Замбараагүй тусгай зөвшөөрөл олголт цэгцэрлээ. Тусдаа явж байсан салбарын бодлого, хяналт хоёр нэгдсэнээр тандан судалгаа, эрэл, хайгуул, олборлолт хийгээд цөмийн технологийг өдөр тутмын амьдралд нэвтрүүлэх үйл ажиллагаа, түүний хяналтыг нэгдсэн бодлогоор зангидаж байна. Ураны олборлолт, боловсруулалт эхэлсэн үед хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн явуулна. Цөмийн энергийн салбар нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш чухал салбар. Эмзэг ч салбар. Улс төр, орон нутаг, дэлхий, хөрш орнуудын “ньюанс” байна. Тиймээс баланс их сайн барих ёстой. Одоо энэ салбар үндэсний аюулгүй байдлын түвшинд бүрэн хараа хяналтад орж чадсан. Салбарын бодлого, хууль эрх зүйн орчин бүрдээгүй байхад, хэн юу хийж байгаа нь мэдэгдэхгүй, бусад салбарын хавсарга төдий явж ирсэн шүү дээ.

Мөн ураны ордуудын нөөц бүртгэгдэж байна. Өнөөгийн байдлаар Дорнод, Гурванбулаг, Мардай, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан Уул зэрэг ураны ордуудын нөөц Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэгдэж, улсын эрдэс баялгийн санд бүртгэгдээд байна. Зөөвч овоо ордын нөөц удахгүй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэх байх. Монгол улс хөрсөн дороо юу байгааг мэдэж авч байгаа нь хамгийн том ололт юм. Ингэснээр салбарын дараагийн хөгжлийг тодорхойлох гарааны шинэ нөхцөлд ирээд байна.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан компани бий юү?
Цөмийн энергийн агентлаг байгуулагдаж, цацраг идэвхт ашигт малтмалын асуудлыг хариуцаж ирсэнээс хойш, өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч компанид ураны ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоогүй.

Цаашид нөөцөө тогтоосон ураны хайгуулын компаниудад ашиглалтын лиценз өгөх үү?

Хуулиараа л шийднэ. Цөмийн энергийн тухай хуулинд тусгагдсан шаардлагыг хангасан аж аж ахуйн нэгжүүдэд ашиглалтын тусгай зөвшөөрлийг өгнө. Манай агентлагт хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх нь бий. Харин олгох эрх дангаар байхгүй. Тагнуулын байгууллага, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хамаардаг. Монгол улс өөрийн юмаа ингэж мэдэж, хэнд өгөх, өгөхгүйгээ хэд хэдэн түвшинд ярьж байж шийддэг нь их зөв систем юм.

Хувь хүнд олгогдсон олон зөвшөөрөл байсан. Эдгээр зөвшөөрлийн хувь заяа хаашаа эргэсэн бол?

Манай агентлаг байгуулагдсанаар Ашигт малтмалын газраас 164 тусгай зөвшөөрөл шилжиж ирсэн. Хуулиараа хувь хүнд тусгай зөвшөөрөл олгох заалт байхгүй. Шилжиж ирсэн тусгай зөвшөөрлүүд бүгд аж ахуйн нэгжид бүртгэлтэй тусгай зөвшөөрлүүд байсан. Өнөөгийн байдлаар манай агентлаг дээр бүртгэлтэй, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл 83 болоод байна. Тусгай зөвшөөрлийн тоо буурсан нь аж ахуйн нэгжүүд хайгуулын ажил хийж үзээд ашигт малтмалын хувьд хэтийн төлөвгүй нь тогтоогдвол буцааж өгч байна. Мөн хуулиар заасан үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь ч байна.

Үлдсэн 83 лиценз дээр бүгд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна уу? Идэвхгүй лицензүүд бий юү?
Бүгдээрээ хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлангаа хянуулж, батлуулаад хайгуулын ажлаа хэвийн явуулж байна.

Шүүхийн шатанд явж байгаа маргаантай асуудлууд бий юү?
“Ханресурс” компанийн асуудал арбитрын шүүх дээр явж байна. Нэг үеэ бодвол, шүүхддэг асуудал нэлээд цэгцэрсэн. Хуульд нийцүүлж арга хэмжээ аваад байвал шүүхдээд байх нь гайгүй. Хувийн үзэмжээр ч юм уу, хэн нэгний хэл ам, өргөдлөөр асуудалд хандаад байвал мэдээж хэл ам гарна. Хамгийн гол нь хуульд нийцэх ёстой. Хуулийн дагуу ажиллаж байгаа бол дэмжинэ. Хууль бусаар ажиллавал хэний хэн байсан ч үйл ажиллагааг нь зогсооно гэсэн зарчмаар ажилладаг.

Нөөц тогтоосон компаниуд бүгд гадны хөрөнгө оруулалттай компаниуд байна. Ураны хайгуулын салбарт ер нь үндэсний компани ажиллаж байна уу?
Тусгай зөвшөөрөл эзэмшиж цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуйн нэгжүүд байлгүй яахав, гэхдээ цөөн. Ер нь цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр геологийн судалгаа явуулахад их хэмжээний зардал гардаг, өндөр шаардлага тавигддаг. Гэхдээ Цөмийн энергийн тухай хуульд үндэсний компаниудад нэг талаар хаалт болдог заалт бий. Цацраг идэвхт бодисын салбарт ажилласан туршлага гэхээр Монголын үндэсний компани лиценз авах боломжгүй болчихдог. Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг дагуулаад Цөмийн энергийн хуулиа илүү боловсронгуй болгож, бодлогоо сайжруулаад авах сан гэж бодож байна.

Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт гэснээс шинэчилсэн найруулгын төслийн хувьд ямархуу байр суурьтай байна вэ? Цөмийн энергийн салбарын хууль эрхзүйн орчинтой хэр нийцэж байна? Зөрчилдөх тал байна уу?
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтээр хэлэлцүүлж байгаа нь сайн эхлэл юм. Олон нийтийн оролцоог бий болгож байгаа зөв жишиг. Энэ хууль геологи, уул уурхайн салбарыг зөв тийш нь хөтлөх ёстой. Хууль нь, бодлого нь зөв учраас үйл ажиллагаа нь зөв явж байна шүү гэсэн итгэл үнэмшлийг өгдөг хууль баймаар байна.   

Үндэсний эрх ашгаа харгалзах ёстой. Хэн нэгэнд зориулж давуу эрх олгож болохгүй. Гадны хөрөнгө оруулалт харилцан ашигтай байх хэрэгтэй. Гадны ч бай, дотоодын ч бай явуулж буй үйл ажиллагаандаа итгэлтэй байх хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх ёстой. Төр оролцохоосоо илүү хяналтаа сайн тавьдаг байх ёстой. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй байх хэрэгтэй. Байгаль орчин, хүн амд ээлтэй байх ёстой. Нийгмийн хариуцлагатай байх ёстой гэсэн суурь зарчмуудыг хуульд сайн оруулж өгөх ёстой юм.
Шинэчилсэн найруулгын төсөлд уран, газрын ховор элементийн асуудлыг Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулна гэж оруулсан нь сайн хэрэг. Гэхдээ анхаарах нэг зүйл нь эрэл, хайгуулын үе шат нь Ашигт малтмалын тухай хуулиар, ашиглалт, боловсруулалтаас хойших үе шат нь Цөмийн энергийн тухай хуулиар явахаар хуулийн төсөлд заачихсан байгаа. Стратегийн ач холбогдолтой энэ салбарыг цогц байдлаар, нэгдсэн бодлогоор зохицуулах шаардлагатай. Тусгай зөвшөөрөл олгохдоо үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эсэхийг тагнуулын байгууллагаар шалгуулаад Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлөөр орж байж шийддэг систем энэ салбарт үйлчилдэг. Үнэхээр шалгарсан систем гэдэг нь харагдаж байна. 1997 оны Ашигт малтмалын  хуулиар түрүүлж өргөдөл өгсөн бол хэн дуртайд нь лиценз олгодог байлаа. Тухайн компани санхүү болон хүний нөөцийн чадвартай эсэх, салбарын туршлага байна уу гэдгээс үл хамааран түрүүлж өргөдөл өгсөнд нь лиценз өгч байсан энэ жишиг одоо үгүй болсон. Гэтэл буцаад хуучин байдал руугаа орох болчихож байна. Энэ талаар манай агентлаг албан ёсоор саналаа өгч байгаа.

Та Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг дагуулаад Цөмийн энергийн хуулиа сайжруулж, бодлогоо шинэчлээд авах сан гэж ярилаа. Цөмийн энергийн хууль эрхзүйн орчинд зайлшгүй өөрчлөлт оруулах ямар асуудлууд байна вэ?
Цөмийн энергийн тухай хуулиар Монгол улс өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн эсэхээс хамаарч, тухайн орд эзэмшдэг компанийн 34, 51-ээс доошгүй хувийг төр эзэмшинэ гэсэн хуулийн заалт бий. Энэ заалтын дагуу төрийн төлөөллийг хэрэгжүүлэх “Мон-Атом” гэж компани байдаг. Нөөц тогтоогдсон ордууд мэдээж ашиглалтын лиценз авахаар ажиллана. Ашиглалтын лиценз авсны дараа Монгол улс гэрээ хэлэлцээр хийгээд эзэмших хувиа тохирох ёстой. 

Зүй нь эхлээд Монгол улс эзэмших хувиа тодорхой болгож гэрээгээ хийгээд компаниа байгуулсны дараа тухайн компанид ашиглалтын лиценз өгдөг байх хэрэгтэй юм. Хувь эзэмших компаниа Монгол улс эхлээд байгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, тухайн нэг компанитай улс гэрээ хийдэг байж болохгүй. Оюутолгойтой Монгол улс гэрээ хийсэн шиг байж болохгүй. Хоёр улсын холбогдох төрийн байгууллагууд хоорондоо бодлогын түвшинд ойлголцоод, доод талд нь улсаа төлөөлсөн хоёр компани гэрээ байгуулж, түүний хэрэгжилтийг төр хянаад явах ёстой юм. Гэтэл тухайн компанитай Монгол улс гэрээ хийчихээр хяналт тавьж чадахгүйд хүрдэг.

Түүнчлэн цөмийн энергийн салбарт Цөмийн аюулгүйн судалгаа шинжилгээний төв зайлшгүй хэрэгтэй байна. Бид аж ахуйн нэгжүүдийн хайгуулын ажлын гүйцэтгэлд хяналт тавьдаг, тодорхойлоод байгаа элемент, эрдсүүд нь үнэн эсэх, тогтоосон агуулга нь бодитой байна уу,  нөөцөө зөв бодож уу, боловсруулсан техник эдийн засгийн үндэслэл нь хэр үндэслэлтэй байгаад хяналт тавьдаг байх хэрэгтэй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх хэрэгтэй болно. Энэ бүхнийг шинжлэн дүгнэлт гаргахад дээрх төв зайлшгүй хэрэгтэй байна.     

Ураны уурхай аюултай гээд л ярьдаг. Эдийн засгийн хамгийн их өгөөж өгдөг байхын зэрэгцээ хамгийн бага сөрөг нөлөө үзүүлэх тухай бодлого хуульд тусах ёстой юм. Дэлхийд ганц уран биш алт, зэс боловсруулахад ч хүхрийн хүчлийг хэрэглэдэг. Үүнийг стандартад нийцүүлж яаж хэрэглэх тухай асуудал л яригдах ёстой. Эм, шар нунтаг хоёр адил гэж намайг хэлэхээр хүмүүс шүүмжилдэг л юм. Эмийг хүүхдээс хол байлгах ёстой. Эмчийн зааваргүйгээр хэрэглэх ёсгүй. Хэмжээ хэтэрвэл сөрөг нөлөөтэй, хор болно. Шар нунтаг мөн адил. Зориулалтын саванд хадгалах ёстой. Зориулалтын тээвэр байх ёстой. Эсэргүүцэлтэй тулгардаггүй юм гэж байдаггүй. Харин эсэргүүцэлтэй тулгарсан бүхэн муу биш. Зөвшөөрөгдсөн бүхэн ч бас зөв биш. Гол нь шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн төлөө л явах ёстой юм. Тиймээс ч Цөмийн энергийн газрын даргын дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Эрдэмтдийнхээ санаа бодлыг байнга сонсох нь үнэ цэнтэй юм.

Цөмийн энергийн салбарт төрөөс барих бодлогын бичиг баримт 2009 онд батлагдсан. Тэр үеэс хойш нөхцөл байдал нэлээд өөрчлөгдлөө. Энэ бичиг баримт одоо шинэчлэгдэх үү?
Өдөр бүр л өөрчлөлт шинэчлэлт гарч байдаг. Бодлогыг шинэчлээд өмнөхөөсөө сайжруулаад явах ёстой. Ганц цацраг идэвхит бодисын салбарт ч биш. Бүх л салбарт ингэж явах ёстой. Энэ жишгээр ч Ашигт малтмалын хууль явж байгаа гэж ойлгодог.
Цөмийн энергийн салбарт төрөөс баримтлах бодлогоо шинэчлэх Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Цөмийн энергийн тухай хуулийг шинэчлэн найруулах Ажлын хэсэг ч ажиллаж байна. Яам, агентлагууд, төрийн бус байгууллагуудаас санал авч байгаа. Иргэдээс ч санал нээлттэй авч байна. Ер нь салбарын бодлого, хууль тогтвортой байх естой. Зайлшгүй тохиолдолд засч, сайжруулах нь зүй ёсны асуудал.

Монголын цөмийн энергийн салбарын ирээдүйг Та хэрхэн харж, төсөөлж байна вэ?
Хэрэв энэ жилээс аж ахуйн нэгжүүд ашиглалтын тусгай зөвшөөрөл авбал 2016 он гэхэд нөөц тогтоогдсон ордуудын ашиглалт эхэлчих болов уу. Ордууд эдийн засгийн эргэлтэд орсноор Монгол улс дэлхийн стратегийн бодлогын түвшинд ярьдаг улс болно. Хүний амьдрал эрчим хүчнээс улам бүр хараат болж байна. Ийм цаг үед эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэг шар нунтагийг манай улс дэлхий рүү өгдөг болно гэдэг дэлхийн бодлогод оролцдог улс болно гэсэн үг.

Манай улс цөмийн эрчим хүчийг ашиглах уу, үгүй юү гэдгээ шийдэхийн өмнө судалгаануудыг маш сайн хийх хэрэгтэй. Судалж байж л шийдэх ёстой. Дээрээс нь цацраг идэвхит бодисын хяналтын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх ёстой. Аюулгүй байдлын асуудалд анхаарах ёстой. Өнөөдөр дэлхийд цөмийн технологи хэрэглэдэггүй салбар гэж үгүй болчихлоо. Нэг талаасаа технологийг нэвтрүүлэх, нөгөө талаас нэвтрүүлсэн технологийн дагуу хяналтаа сайн хийх ёстой.

Сүүлийн гурван жилд цацрагтай ажилладаг хүмүүсийн тоо Монголд огцом өсч байна. 2003 онд цацрагтай харьцдаг хүний тоо 280 байсан бол 2013 онд 1171 боллоо. Бараг 4 дахин өсчээ. Энэ бол цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмж хэрэглэдэг газрын тоо өсчихөөд байгаа хэрэг. Цацрагийн үүсгүүр хэрэглэдэг 321 байгууллага байна. Барилгын материал үйлдвэрлэл, ураны бус уурхай гэх мэт 241 газарт бид хяналт тавьж байна.

Цацрагийн хяналт тавих боловсон хүчний нөөц хийгээд техник технологи, багаж хэрэгслийн боломж бололцоо ямархуу түвшинд байна вэ?
Бэлтгэгдсэн боловсон хүчнүүд байна. Гэхдээ агентлаг Засгаас тогтоосон тоонд ажиллах ёстой. 96 хүнтэй. Маш их ачаалалтай ажиллаж байна. Цацрагтай ажилладаг байгууллагын тоо 4 дахин өсөхийн хэрээр түүнийг хянах агентлагийн хүн хүч нэмэгдэх ёстой. Бид Цөмийн энергийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу цацрагийн тогтмол хяналтаас гадна албан байгууллага, хүмүүсийн захиалгаар төлөвлөгөөт бус хяналтууд хийдэг. Манай хяналтад байдаггүй салбар, байгууллага гэж бараг үгүй. Эрүүл мэнд, геологи, уул уурхай, эмнэлэг, хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, зэвсэгт хүчин ээд бүх л салбарт манай хяналт явдаг.

Дэлхий терроризмээс айж байна. Хил гаалиар терроризмд ашиглаж болох цацраг идэвхт бодис хууль бусаар гарахаас сэргийлэх тогтолцоо ч манай хяналтад явдаг. Шалгахаас гадна заавар зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулна. Хилийн боомтууд дээрх цацрагийн хяналтын техник тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах ёстой. Түүнчлэн энэ чиглэлийн хүний нөөцийг гадаад, дотоодод бэлтгэх бодлого барьж, тодорхой ажлууд эхлүүлээд байна.

Монголд цацрагтай хамгийн түгээмэл харьцдаг салбар болоод мэргэжлийг нэрлээч?
Ихэвчлэн физикчид, эмч нар, химич, геологич, уулын инженерүүд, хуульч гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс ажиллаж, судалгаа хийж байна. Хөдөө аж ахуйн салбарынхан ажилладаг. Ер нь энэ салбарт ажилладаггүй мэргэжил байхгүй болчихоод байна. Тавьсан замын хатуулгийг шалгахад л цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмжөөр шалгадаг. Тиймээс замын инженер энэ талын ойлголттой байх ёстой. Цацрагийн дозиметр зүүгээд ажиллана гэсэн үг. Онгоцны гадаргууг мөстлөгөөс хамгаалсан төхөөрөмж цөмийн технологи дээр суурилсан байдаг. Эрүүл мэндийн салбарт гэхэд дүрс оношилгоо, туяа эмчилгээ, цөмийн эмчилгээнд хэрэглэж байна. Эдгээртэй харьцдаг мэргэжилтнүүд бүгдээрээ манайхаас зохион байгуулдаг цацрагийн сургалтад суух ёстой.

Ашигт малтмалын эрэл, хайгуул, ураны болоод бусад төрлийн ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын бүх л шатанд цөмийн чиглэлийн тоног төхөөрөмж дээр ажиллаж байна. Геологийн төв лабораторийн дээжийн шинжилгээ хийдэг тоног төхөөрөмжүүд цөмийн технологид суурилдаг. Гоо сайхны бүтээгдэхүүнийг ариутгах технологи хүртэл цөмийн технологи дээр суурилсан байх жишээтэй. Вакциныг цөмийн технологи дээр суурилан гарган авч байна.

Цөмийн технологийн эсрэг хүчтэй эсэргүүцэл явдаг. Эсрэгээрээ бас тэргүүлэх технологитой орнуудын ашигладаг өндөр технологийг бид эзэмших нь зөв гэсэн байр суурь ч бий?
Дэлхий тэр чигээрээ нано технологи, цөмийн технологиос хамааралтай болж байна. Цөмийн технологийн салбарыг эсэргүүцэхээрээ хүмүүс нэг зүйл ярьдаг. Тэр нь сэргээгдэх эрчим хүч. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчийг цөмийн технологи ашиглан гаргаж авдгийг ойлгодоггүй. Нарны эрчим хүч цуглуулдаг дэлхийн бүх батерейг цуглуулаад ч дэлхийн эрчим хүчний хэрэглээг 10 минутаас илүү хангаж чадахгүй гэсэн тооцоо бий. Батерей бол тэр чигтээ химийн элемент шүү дээ. Нар, салхины эрчим хүч экологид 100 хувь ээлтэй гэсэн баталгааг ч дэлхийд гаргаагүй байна.

Үндэсний аюулгүй байдал талаасаа ганцхан төрлийн эрчим хүчнээс хараат байх нь аюултай. Тодорхой хэсгийг нүүрснээс, занараас, нэг хэсгийг цөмийн эрчим хүчнээс, нэг хэсгийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргадаг л байх ёстой. Шинжлэх ухаан дээр суурилсан хөгжлийн төлөө л явах ёстой. Нотлогдоогүй баримтаар аливааг эсэргүүцдэггүй л баймаар байгаа юм. Дэлхий тэр чигээрээ цөмийн эрчим хүчийг хэрэглэж байна шүү дээ. Жишээ болгож хэлэхэд 1 кг мод шатаахад 1 кВт.цаг, 1 кг нүүрс шатаахад 3кВт.цаг, 1 кг газрын тосоос 4кВт.цаг, 1 кг уранаас 50000 кВт.цаг эрчим хүч гаргадаг.

Цацрагийн хяналтаар зөрчил дутагдал хэр илэрдэг вэ? Цацрагт хордлоо гэх баталгаагүй сэжиг таамгууд явдаг. Нотлогдсон зөрчил байна уу?
Цацрагтай дурын хүн ажилладаг юм шиг ойлгоод байна. Нэгдүгээрт, цөмийн энергийн газраас цацрагийн хамгаалалт болон аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байгууллага, аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог. Цацрагийн үүсгүүртай харьцаж ажиллах хүмүүсийг сургалтад хамруулдаг. Хоёрдугаарт, хэдийгээр тусгай зөвшөөрөлтэй ч үйл ажиллагаанд нь төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, аюулгүй байдлыг хангуулдаг. Мөн цацрагтай ажиллагчдын хувийн тунг тогтмол бүртгэж хянаж байна. Тэд өөрийнхөө болоод бусдын эрүүл мэндийн төлөө энэ үүргийг хүлээдэг. Нөгөө талаараа цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангаж байгаа асуудал юм.

Манай газрын улсын байцаагчид хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь болон  хугацаатай албан шаардлага хүргүүлэх замаар арилгуулахаас гадна шаардлагатай гэж үзвэл тухайн байгууллагын үйл ажиллагааг түр буюу бүрмөсөн зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Одоогоор цацрагийн бохирдлоос болж мал амьтан үхсэн, байгаль орчин бохирдсон асуудал гараагүй.

Ураны хайгуул хийж байгаа газруудад нөхцөл байдал ямархуу байдаг бол?
Агентлагийн зүгээс тогтмол хяналтаа хийгээд явж байна. Ураны хайгуул судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтад тогтмол хамруулж байгаа.

Хяналт шалгалтын шаардлагатай уялдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн захиргааны байгууллагууд, орон нутгийн мэргэжлийн хяналтын газар, удирдлагууд болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллаж ирсэн.

Тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор боловсруулж батлуулсан төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, тухайлбал Цөмийн энергийн газрын Цацраг идэвхт ашигт малтмалын хэлтсээр хянуулж батлуулсан “Хайгуулын ажлын төлөвлөгөө”, ЦЦХГ-аар хянуулж батлуулсан “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны хөтөлбөр болон дотоод дүрэм” болон БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газраар хянуулж батлуулсан “Байгаль орныг хамгаалах төлөвлөгөө, Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд тавих төрийн хяналт шаардлагын түвшинд хийгдэж байна.

Манай газраас хийгдэж буй хяналт шалгалтын дүнгээс харахад цацрагийн аюулгүйн дүрмийн хэрэгжилтэд тавих дотоодын хяналтыг хангалтгүй гүйцэтгэх, тухайн талбайг газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд бүрэн хамруулдаггүй зэрэг зөрчил илрэх тохиолдол байдаг ч сүүлийн үед эдгээр зөрчлийн тоо эрс багассан. Үүнийг аж ахуйн нэгж, байгууллага бүр цацрагийн хэмжилтийн багаж төхөөрөмжөөр хангагдаж, дотоодын болон хүрээлэн буй орчны цацрагийн хяналтын тогтолцоо бүрдүүлсэнтэй холбоотой гэж үзэж болно. Одоогоор хүн болоод байгаль орчинд нөлөөлсөн зөрчил гаргасан зүйл байхгүй. Гэхдээ хүн л ажиллаж байгаа болохоор зөрчил дутагдал гарах тал бий. Тэр нь анхааруулах тэмдэг тавиагүй ч юм уу жижиг сажиг дутагдал байдаг. Газар дээр нь очиж арилгуулдаг. Онцгой шаардлагатай гэвэл бид хаах хүртэл арга хэмжээ авдаг.  

Атомын цахилгаан станцын судалгаа хийж байсан. Тэр ажил үргэлжилж байгаа юу? Зогсчихсон уу?
Бид цогцоор нь судалгаа хийдэг. Цогцоор хийж байж сая бодлого болно. Дотроос нь аль нэгийг сугалж аваад ч юм уу, хаяснаар цогц болохгүй. Цацраг идэвхт бодисын тандан судалгаа, эрэл, хайгуул, ашиглалт, экспорт, тээвэрлэлт яаж явах ёстой юм, түүнийг ашиглаад гаргах энергийг хэрхэх, энерги гаргасан хойно үнэ нь ямар байх ёстой гээд бүгдийг цогцоор судалж байна. Зөвхөн хуруу судлаад эмч болдоггүй. Бүх эд эрхтэнээ судалж байж нэгээр нь мэргэшдэг биз дээ. Түүнтэй л адил цогц судалгаа явуулж байж, яаж хөгжүүлэх бодлогоо гаргана шүү дээ. Манай агентлаг бодлого хэрэгжүүлнэ, тэгээд хяналтаа хийж тохируулдаг онцлогтой газар.

Газрын ховор элемент танай салбарт хамаардаг? Гэтэл нэг л эзэнгүйдээд байх шиг санагддаг?
Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиар манайд хамааруулахаар заачихсан боловч, хуулийн заалтуудын утга агуулга тодорхой бус байгаагаас манайд шилжиж ирээгүй байна.

Газрын ховор элементийн тусгай зөв­шөөрлийг одоо хаанаас олгож байна вэ?
Ашигт малтмалын газраас олгож байгаа.

Та физикч үү?
Тийм ээ, физикч. МУИС-ийг төгсөөд дараа нь магистр хамгаалсан. Өмнө нь төрийн өмчит “Мон-Атом” компанийн Стратеги хөгжлийн газрын дарга, Дэд захирлаар ажиллаж байсан.
Цөмийн энергийн салбар бол цээжний пангаар явдаг салбар биш. Бүх зүйл нь олон улсын стандартаар явдаг. Энэ салбарыг авч явахад нэг талаасаа физик, нөгөө талаасаа геологи, уул уурхайн мэдлэг, дээр нь нэмээд салбарыг авч явах ур дүй хэрэгтэй юм. Ганц физикч хүний хийх ажил биш. Манай агентлагт маш чадварлаг мэргэжилтнүүд ажиллаж байна. Дубнад олон жил ажиллаж, доктор хамгаалаад, Америкийн цөмийн судалгааны төвд ажиллаж байсан мундаг залуу манай Цөмийн технологийн газрын даргаар ажилладаг. Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн, салбартаа олон жил ажилласан, цацрагийн хяналтын салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд манайд ажиллаж байна.  

Та аль нутгийнх вэ?
Яагаад ийм асуулт тавьж байгааг ойлгож байна. Би Увсын Өмнөговийнх. Норовын Тэгшбаяр гэхээр Н.Алтанхуяг сайд дүүгээ тавьчихаж гэж хардаг шиг байгаа юм. Хардах эрхтэй л дээ. Тэр харыг тайлж байх ёстой юм гэсэн. Овог нэгтэй болохоос садан төрлийн ямар ч холбоо байхгүй.Тохиолдлоор хоёулаа бас физикч юм. Сонирхуулахад, манай сумаас Бугын Дэжид, Сангийн сайдаар ажиллаж байсан Э.Бямбажав нарын төрийн 12 сайд төрсөн байдаг юм.

Монголчууд хүний удам судрыг чухалчилдаг нь зүгээр ч нэг хэрэг биш. Манай овог Их тугтан. Монгол үндэстэн түүхэндээ тугаа буулгаж үзээгүй ард түмэн. Манжууд Монголыг эзлэхэд ч тугаа буулгаж өгөөгүй. Тугтангууд нь тугаа аваад явсан. Тэр л хүмүүсийн үр сад. Манай буурал аав Монгол улсын түүхэнд хамгийн их мал, хамгийн их мөнгийг фронтод өгсөн. Эхнэр нь фронт Бадам гээд кинонд гардаг даа.

Ээжийн маань аав баян Гончиг гэж алдартай хүн байсан. Хошуу нутаг бүү хэл хотноосоо ховор гардаг байсан тэр цагт Түвдэд очиж ном сурч байсан хүн. Ном сурахын тулд Түвд хүртэл мориор явсан гэдэг юм. Ийм удам судраараа бахархаж явдаг. 

  • Зочин (86.7.23.173)
    цөмийн эрчим хүчийг жинхэнэ лоббидаж байна аргагүй дээ ажилгүй болчих гээд байгаа биз Монгол хочр том хөршийнхөө дунд байж үхсэн элэнцгээ хийж дэлхийн бодлогыг тодорхойлох ёстой лоббидох гэж нүдээ ухаж өгөх нь холгүй байх шив
    2013 оны 03 сарын 05 | Хариулах