Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Михаил Прохоров алтны компанийнхаа хувьцааг зарав

Оросын тэрбумтан, ОНЭКСИМ группын эзэн Михаил Прохоров алтны “Polyus Gold” компанийн 37,8 хувийн эзэмшил хувьцаагаа 3,6 тэрбум ам.доллараар худалдсан байна. Хувьцааны 18,5 хувийг тэрбумтан Зелимхан Муцоевын эзэмшил “Lizarazu лимитед”, 19,28 хувийг Гавриил Юшваевын удирдлагад байдаг “Receza” компаниуд тус тус худалдан авчээ. Алтны “Polyus Gold” компанийн хяналтын багц хувьцааг Михаил Прохоровоос гадна Сулейман Керимов эзэмшдэг бөгөөд түүнд 40,22 хувь ногддог юм. Тус компанийн 37,8 хувийн хувьцааг худалдан авагчид Сулейман Керимовын бизнесийн ойрын түншүүдэд тооцогддог байна. Дээрх наймаа хийгдсэнээр компанийн хувьцаа 4,2 хувиар өсчээ.

Оросын тэрбумтан Михаил Прохоров алтны компанийн хувь эзэмшлээ зарах тухай өнгөрсөн жилийн намраас яригдаж эхэлсэн ч худалдан авагчдын нэрс энэ оны нэгдүгээр сард л тодорхой болсон юм. “Polyus Gold” компани нь Оросын алтны тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд Красноярскийн хязгаар, Иркутск, Магадан, Амур болон Якутын газар нутагт алтны олборлолт явуулдаг байна.

Михаил Прохоров
- 13,2 тэрбум ам.долларын хөрөнгийн хэмжээгээр Форбес сэтгүүлийн “Оросын хамгийн баян 200 бизнесмен” жагсаалтын долдугаар байрт

Зелимхан Муцоев-ОХУ-ын Төрийн ДУМ-ын депутат, 1,5 тэрбум ам.долларын хөрөнгийн хэмжээгээр Форбес сэтгүүлийн “Оросын хамгийн баян 200 бизнесмен” жагсаалтын 66 дугаар байрт

Гавриил Юшваев
-Хүнсний “Вимм-Билль-Данн” томоохон сүлжээний эзэмшигч байсан. 1,2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

Сулейман Керимов
- 6,5 тэрбум ам.долларын хөрөнгийн хэмжээгээр Форбес сэтгүүлийн “Оросын хамгийн баян 200 бизнесмен” жагсаалтын 19 дүгээр байрт оржээ.

Э.Од