Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш зэсийн үнэ эрчимтэй буурлаа. Өнгөрсөн сарын дундуур нэг тонн нь 8300 орчим ам.долларын үнэтэй байсан зэсийн үнэ өнөөдрийн байдлаар 7660 гаруй ам.доллар/тонн байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр зэсийн үнэ 7800 гаруй ам.долларын үнэтэй болж буураад байсан юм. Зэсийн үнийн бууралтад Хятадын Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн татварын асуудлыг хэлэлцэж эхэлсэн нь шууд нөлөөлжээ. Мөн АНУ-ын Холбооны нөөц эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээгээ удахгүй зогсоож магадгүй гэсэн мэдээлэл цацагдсан нь ч нөлөөлсан байна.
Түүнчлэн Хятад, Европын эдийн засгийн төлөв байдал төдийлөн сайнгүй байгаа. Хятадын Худалдааны менежерийн индекс (PMI) буюу хувийн хэвшлийн чадавхид үндэслэн гаргадаг эдийн засгийн энэхүү үзүүлэлт өмнөх хоёрдугаар сард 50.2 болж буурсан юм. Шинжээчид үзүүлэлтийг 52.2 байна гэж таамаглаж байсан ч урьдчилан төсөөлснөөс хавьгүй доогуур гарчээ. Хятадын Худалдааны менежерийн индекс өнгөрсөн нэгдүгээр сард 52.3 гарсан нь нэлээд өндөр өсөлтөд тооцогдоод байсан юм. Мөн АНУ-ын төсөв 85 тэрбум ам.доллараар танагдаж магадгүй нь байдлыг бүр ч дордуулж буйг шинжээчид тэмдэглэж байна.
Гэхдээ нөгөө талд зэсийн хамгийн том нийлүүлэгч Чили улсын “Codelco” компани үйлдвэрлэлээ өргөтгөхөөр энэ жил 5 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдээд байгаа.
Зарим шинжээчид зэсийн зах зээлд илүү итгэлтэй байна. Тухайлбал “VTB Capital” санхүүгийн байгууллагын эрдсийн шинжээч Виктор Белски “Хятадын эдийн засгийн өсөлт болон тус улсын зэсийн агуулах дахь нөөцөө арвижуулах худалдан авалтын үр дүнд тун удахгүй зэсийн зах зээл сэргэнэ гэдэгт найдаж байна.” гэжээ.
Б.Төгс