ОПЕК-ийн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхтэй зэрэгцэн Хятад улсын үйлдвэрлэлийн идэвхжилт буурч байгаа тухай мэдээлэл дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ буурахад нөлөөлөв. Даваа гаригийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр WTI маркийн газрын тос нэг баррель нь 90,52 ам.доллар, Brent маркийн газрын тос 110,34 ам.доллараар тус тус арилжаалагдаж байна.
Дэлхийн хамгийн том эдийн засаг АНУ-ын газрын тосны хэрэглээ 16 жилийн хамгийн доод түвшиндээ хүрч буурчээ. Тус улс өдөрт 18,56 сая тонн баррель газрын тос, 8,7 сая тонн баррель бензин хэрэглэж байгаа тухай АНУ-ын газрын тосны хүрээлэнгээс мэдээлсэн байна.
Газрын тосны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч ОХУ-ын хувьд энэ сарын 1-нээс газрын тосны экспортын татвараа тонн тутамд 17,3 ам.доллараар нэмэгдүүлэн 420,6 ам.доллар болгоод байгаа юм. Харин БНХАУ-ын эрх баригчид он гарсаар анх удаа бензин, дизель түлшний үнээ нэмэх шийдвэр гаргав. Ингэснээр тус улсад бензины үнэ тонн тутамд 300 юань буюу 48 ам.доллар, дизель түлш тонн тутамдаа 90 юаниар нэмэгдсэн байна.
Э.Од