Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Баяр хүргэе, та нартаа

Монголын сэтгүүлзүй 100 жилийн баялаг намтар туулжээ. Маргааш ирэх ойн өдрөө Монголын хэвлэл мэдээллийн ертөнц амжилтын үнэлэмж шагналын хураар угтаж байна. Цагийн зүүнд баригдалгүй ажилладаг тэдний дунд Mining Journal-ынхан ч бий. Сэтгүүлзүйн салбарын “хамгийн гоё”, “хамгийн нэр хүндтэй” шагналыг эзэгнэсэн та нартаа баяр хүргэе. Үнэр анхилам цэцэгсийн баглаа бэлэглэж, аз жаргалыг ерөөе.

Оюутны ширээнээс Mining Journal-ын халуун ам бүлд багтсан Төгсөө өнөөдөр “Ган үзэг”-ийн эзэн болов. Залуу сэтгүүлчид хамгийн том урам дэмжлэг өгдөг энэ “гоё” шагнал түүнд ирсэн нь бас “гоё”. Тэр сэтгүүлзүйн салбарт шинэ залуу төлөөлөгч боловч Mining Journal-ын шилдэг ажилтны нэг билээ. Оны шилдэг сэтгүүлч, нүүрсний чиглэлээр хамгийн сайн бичсэн сэтгүүлчээр шалгарч байсныг гярхай уншигчид санаж буй бизээ.   

Mining Journal сэтгүүлийн борлуулалтын менежер Ч.Лхагвасүрэн, Mining Journal-ын дэргэдэх телевизийн “Хөгжил” студийн зураглаач М.Энх-Амгалан, найруулагч Б.Байгалмаа, сэтгүүлч Э.Оджаргал, С.Болд-Эрдэнэ нар маань “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнууллаа.    

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллах зам мөрөө “Монгол ньюс”-ээс эхэлсэн Лхагваа ах   Mining Journal сэтгүүлийг түгээх, борлуулах амаргүй ажлыг эрхэлсээр хамт олныхоо хамгийн хүндтэй гишүүн болсон билээ. Энэ салбарт зүтгэсэн нэгэн арван жилийн хөдөлмөр нь түүнийг хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан хэмээн дуудуулах эрхтэй.  

Амгаагийн нуруун дээр “Хөгжил” студийн зургийн бүх ажил буудаг. Ажлын гараагаа MN-25 телевизийн мэдээний зураглаачаар эхэлсэн түүний хувьд яваагүй газар, уулзаагүй хүн цөөхөн үлдсэн байх. Туршлага багатай шинэ залуу сэтгүүлчид бол тэр бөөн туршлагын “хүүдий”.  

Дуурийн театрын туяхан балетчинг сэтгүүлзүйн салбар урвуулчихсан юм. Байгалаагийн тайз одоо “Хөгжил” студи болсон. Долоо хоногийн ням гариг бүрт C1 телевизээр үзэгчидтэй уулздаг “Хөгжил” хөтөлбөрийн шинэ нэвтрүүлгүүд түүний уран бүтээл нь.

Одко, Болдоо хоёр бараг нэг өдөр нэг редакцид ажилд орсон байх. Тэр өдрөөс тэдний нөхөрлөл бас эхэлсэн. Харин энэ өдөр тэдний нөхөрлөлийн түүхэнд тод мөр нэмэх бизээ. Хожим нэг өдөр хоёул хамтдаа салбарынхаа тэргүүний ажилтны шагналаар шагнуулах юм хэмээн төсөөлөө ч үгүй байх. Манай редакцийн хамгийн хөдөлмөрч залуусын тоонд та хоёр орно. Бичсэн нийтлэлүүдийг чинь уншигчид мэднэ. Энэ бол хамгийн том үнэлгээ шүү. Та нараараа хамт олон чинь бахархаж байна.   

100 жилийн өмнө Монголын анхны тогтмол хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг” нэртэйгээр хэвлэгджээ. Энэ өдрийг Монголын сэтгүүлзүйн салбар мэндэлсэн өдрөө хэмээн тэмдэглэн дурсаж байна. Ертөнцийн сонинг түгээн, амсхийх завгүй явдаг сэтгүүлч Танд энэ баярын мэндийг илгээе. Монголын хэвлэл мэдээллийн өргөн фронтод мөр мөрөө түшин зүтгэж яваа бүх хүмүүст, тэдний халуун бүлийнхэнд аз жаргалыг хүсье. Зуун өртөөлсөн Монголын сэтгүүлзүйн хөгжил мянганыг өртөөлөн мэдээлэл түгээхийн ерөөлийг бас өргөе.    

  • mongol (122.201.17.110)
    bayah hurgiy
    2013 оны 03 сарын 05 | Хариулах