Монгол улсын хувьд уул уурхайн салбарын түүх шинээр бичигдэх сонирхолтой цаг үе ирж байна. Уул уурхай эрчимтэй хөгжлийн замдаа орж зөвхөн олборлоод гадагшаа зөөх биш, үйлдвэрлэлийн шатанд шилжих сайн эхлэлүүд бий болж байна. Дэлхийн уул уурхайн хөгжлийн шинэ техник, технологи, стандарт, үзүүлэлтүүд үндэсний шилдэг компаниудаар дамжин нэвтэрч, уул уурхайн үндсэн болон дагалдах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд олон улсын түвшинд хүрч хөгжиж байна.
Та бүхэнд уул уурхайн катерингийн ажил, үйлчилгээ эрхэлдэг “Лоудстоуне Могул” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Түвшинбаяртай хийсэн ярилцлагыг хүргэе.
Манай сэтгүүлийн энэ удаагийн дугаарт зочноор оролцож ярилцлага өгч байгаад талархал илэрхийлье. Юуны өмнө катеринг үйлчилгээ болон танай байгууллагын талаар уншигчдад товч мэдээлэл өгч, яриагаа эхлэх үү?Катеринг нь хоол үйлдвэрлэн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн байгаа газарт хүргэх үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын ялгаатай байдлаас хамааран хэд хэдэн төрөлд хуваагддаг.
Манай компанийн хувьд 2007 онд байгуулагдан, төв суурин газраас алслагдмал бүсүүдэд үйл ажиллагаа явуулж буй эрчим хүч, зам, барилга, геологийн хайгуул, уул уурхайн компаниудад тохилог орчин бүрдүүлсэн хээрийн болон суурин кемпүүдийг байгуулах, нийтийн хоол, угаалга цэвэрлэгээ, кэмп менежмент, катерингийн үйлчилгээг цогцоор нь үзүүлсээр ирсэн үндэсний компани юм. Бид байгуулагдсан цагаасаа хойш Монгол орны өнцөг булан бүрт орших 30-аас эхлээд 400 хүртэлх хүнтэй 30 гаруй жижиг, том төслүүдэд катерингийн үйлчилгээ үзүүлсний ихэнх нь геологи хайгуул, уул уурхайн компаниуд байна.
Катерингийн цогц үйлчилгээ гэхээр яг юуг хамруулан ойлгох вэ?Алслагдмал байршдаг уул уурхайн кемпийн хувьд катеринг үйлчилгээ нь чухал ач холбогдолтой. Зөвхөн хоол хүнсээр үйлчлээд зогсохгүй орон байрын цэвэрлэгээ, ажлын болон өдөр тутмын хувцас угаалга, аж ахуйн завсар үйлчилгээ, хэрэгцээт бараа материал хүнсний хангамж, агуулах, цэцэрлэгжүүлэлт, худалдааны цэг, чөлөөт цаг өнгөрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, харуул хамгаалалт, эрүүл мэнд, унаа тээврийн үйлчилгээ, нислэг улмаар кемпийн байгууламж барих болон кемп менежменттэй холбоотой бүх л ажлыг хариуцан ажилладаг.
Нэг үгээр хэлэхэд, тухайн уул уурхайн кемпэд буй компанийн ажилтан албан хаагч нарын амьдрах, ажиллах таатай нөхцөлийг бүхий л талаар хангаж өгснөөр тус салбарын ажлын бүтээмж нэмэгддэг. Гол анхаарлаа үндсэн үйл ажиллагаандаа хандуулах боломжийг харилцагч байгууллагадаа олгодгоороо уул уурхайн катеринг нь бусад үйлчилгээнээс ялгарах бөгөөд үүнд гол давуу тал, ач холбогдол нь оршиж байгаа юм.
Монгол улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор энэ салбарын хөгжилд ямар өөрчлөлт мэдрэгдэж байна вэ?Уул уурхайн салбарын эрчимтэй өсөлт нь түүнд нийлүүлэх катерингийн үйлчилгээг бий болгох улмаар хөгжүүлэх, сайжруулах чухал суурь үндэс болж байна. Өнөөгийн байдлаар гадаад дотоодын хөрөнгө оруулалттай 400 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээрийн 30 гаруй хувь нь гэрээт компаниас катеринг үйлчилгээ авч байна. Катерингийн үйл ажиллагаа эрхэлдэг 100 орчим компани байна. Сүүлийн жилүүдэд олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд Монголд салбараа байгуулан катерингийн зах зээлд өрсөлдөөн хүчтэй байна.
Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд Монголын үндэсний компаниудын хооронд ажил үйлчилгээний чанарын ялгаа хэр байдаг вэ?Гадаад дотоодын гэсэн үндсэн ялгаа бараг байхгүй болсон. Харин тухайн компанийн хувьд л сайн, муу чанарын ялгаа гарч байгаа байх. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас илүү чанартай ажил, үйлчилгээг хүргэж хэрэглэгчийнхээ талархлыг хүлээн ажиллаж байгаа үндэсний компаниуд олноор бий болж байна. Миний бодлоор гадны хөрөнгө оруулалттай компаниуд Монгол газар нутагт монгол хүний уламжлалт хэрэглээ, соёл, заншил, физиологид нийцсэн хоол ундаа, аж ахуйн үйлчилгээг хүргэх тал дээр үндэсний компаниудаас суралцах зүйл бий. Харин үндэсний компаниудын хувьд чанарын өндөр стандартын дагуу ажил үйлчилгээгээ явуулах арга, туршлагаас нь суралцах зүйл их байна. Ерөнхийд нь дүгнэхэд, үндэсний компаниудын өрсөлдөх чадвар олон улсын түвшинд хүрч очсон гэж хэлж болно.
Ямар компаниуд катеринг үйлчилгээний компаниудаар үйлчлүүлдэг вэ?Судлаад үзэхэд уул уурхайн компаниуд катеринг үйлчилгээг өөрсдөө болон гэрээт компаниудаар гэсэн хоёр хувилбараар шийдэж байна. Уурхайн сайтдаа 500-гаас дээш хүнтэй томоохон уул уурхайн компаниудын хувьд тендер зарлан сонгон шалгаруулж хамтран ажиллахаас гадна дотооддоо хоол үйлдвэрлэл хангамжийн албыг бий болгон шийддэг бол дунд болон жижиг хэмжээний уурхайнууд өөрсдөө голчлон хийж байна. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд том, жижгийн ялгаагүй катеринг үйлчилгээг гэрээгээр, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх сонирхол өндөр байдаг.
Өөрсдөө катерингаа хийх, гэрээлэн гүйцэтгэгчээр хийлгэхийн давуу болон сул талыг тодруулаач?Катерингээ өөрсдөө хийх гол шалтгаан нь зардал хэмнэх юм. Мэргэшсэн байгууллагаар хийлгэж байгаа компаниудын хувьд үндсэн бизнестээ анхаарлаа хандуулах, хэмнэсэн зардлаасаа илүү ашиг, амжилт олоход өндөр ач холбогдол өгдөгт гол ялгаа байгаа болов уу. Нарийн тооцоод, ажлынхаа эцсийн үр дүнг үнэлээд үзэхэд мэргэшсэн байгууллагаар катеринг үйлчилгээ хийлгэх, өөрсдөө хийх хоёр сонголтын аль нь илүү үр дүнтэйг сайн тооцох хэрэгтэй байх.
Сул талд нь хяналт сулардаг түүнийгээ дагаад эрсдэл алдаа их гардаг, үндсэн бизнесээсээ гадна олон зүйлд толгойгоо өвтгөх, цаг зарцуулах, үйлчилгээний чанар муудаж ажилчдын ажлын бүтээмж, сэтгэл ханамж буурах гэх мэт олон зүйлийг дурдаж болно.
Энэ бизнест хүч сорьж байгаа компаниудын амжилтын гол түлхүүр нь юү вэ?Манай хамт олон энэ асуултад “Чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг найдвартайгаар боломжит үнээр хүргэх” гэсэн хариулт өгсөн. 2013 онд чанарын удирдлагын тогтолцоо ISO 9000-2008 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэгчийнхээ найдвартай ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч байж, талархлыг нь хүлээж ажиллахыг зорьж ирсэн.
Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа.