Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

МОНГОЛЫН УУЛ УУРХАЙ ХОТТОЙ ХОНЬ РУУ ХАРИЙН ЧОНО ОРСОНТОЙ АДИЛ БАЙНА

Монгол улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа. Тэрээр, улс орныхоо хөгжил, чиг хандлагын талаар байнга анализ хийж, түүнийгээ хэний ч талд орохгүйгээр шийдмэг илэрхийлдэг Монгол төрийн эрхэм дээд зүтгэлтнүүдийн нэг билээ. Уул уурхайн хөгжлийн нэн сонирхолтой энэ цаг үед Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн ярилцлагыг MMJ уншигчдадаа хүргэж байна.

Ярилцсан Н.Ариунтуяа          

Монгол орон хүчирхэг сэтгэлгээтэй, маш түргэн хувьсах чадвартай нийгэм


Монгол улсын 17 дахь Ерөнхий сайд улс орныхоо өнөөгийн хөгжил, чиг хандлагын талаар ямархуу санаа бодол тээж явна вэ?

Монгол орон нийгмийн байгууллын шинэ тогтолцоонд шилжээд 20 гаруй жил боллоо. Бид тогтолцооны шилжилтийн хамгийн хүнд хэцүү үеийг тууллаа. Энэ шинэ нийгмийн байгуулал дээрээ тогтворжиж, түүнд амьдралаа зохицуулах өөрийн хууль дүрэмтэй болж, чиг хандлагаа оллоо. Хуучин тогтолцооны үед Монгол орон зөвхөн социалист хамтын нөхөрлөлийн хүрээгээр хязгаарлагдсан битүү харилцаатай байлаа. Битүүгээр барахгүй ЗХУ-ын (хуучнаар) хараат, дагуул орон байсан. Ардчилсан хувьсгалын ач буянаар дэлхий нийттэй нээлттэй харилцах боломж олж, өнгөрсөн 20 жилд нээлттэй харилцааны арга барил, туршлагад сурч байна. Монгол орон нийгмийн байгууллынхаа чиг хандлагыг нэгэнт олсон болохоор цаашдын хөгжлийн замд орох, өөрийгөө шинэ орчинд боловсруулах үүд хаалга нээгдэж байна. Нэг ёсондоо цаашдын эрчимтэй хөгжлийн замд орох чиг хандлага тодорч байна гэсэн үг юм.

Гэхдээ бид өсөлт, хөгжил хоёроо төдий л ялгахгүй байна. Жилд арван хэдэн хувиар өслөө гэх юм. Өснө гэдэг хөгжинө гэсэн үг биш. Өсөлт нь баяжих гэдэгтэй дөхөж очиж болох юм. Орлого олж байна, баяжиж байна гэдэгтэй адил. Харин хөгжинө гэдэг нь хийж бүтээж чаддаг болно гэсэн үг. Газрын гүнд байгаа баялгийг ухаж гаргаад гадагш ачих нь хөгжил биш. Өмнө нь ачдаг л байсан. Тэр үйл ажиллагаа л өргөжин тэлж байна. 10 эксковатор ажилладаг байснаа 100 болсныг хөгжил ирлээ гэж хэлэхгүй.

Монгол орны нийгэм, эдийн засгийн байдлыг бүхэлд нь авч үзвэл дэлхий нийт нэлээд өөдрөг сэтгэгдэлтэй байдаг. Саяхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан Арабын орнуудад хандаж, “Та нар монголчуудыг хар” гэсэн нь олон нийтэд хүрлээ. Энэ бол Монголын замналыг дэлхий нийт хүлээн зөвшөөрснийг илтгэсэн үг. Үнэхээр өнгөрсөн 20 жилд туулсан зам мөрийг үзвэл зөвшлийн, тайван хувьсгалын замаар үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж ирлээ. Гэхдээ тайван хувьсгал сунжруу аажим хувьсалтай байдаг болохоор хугацаа зарцуулсан тал бидэнд бий.

Монгол орон ядуу буурай гэсэн хаягтай, Зөвлөлтийн Монгол уу, Хятадын Монгол уу гэж ярьдаг байсан үе бий. Одоо бол дэлхийн аль ч өнцөг буланд Монгол орныг хүчирхэг сэтгэлгээтэй, маш түргэн хувьсах чадвартай нийгэм гэж хүлээн зөвшөөрч байна. Монгол орны хөгжилд нэн тус болж байгаа нэг зүйл нь дэлхий нийтээр тусгаар тогтнол, бүрэн эрхийг хүндэтгэж, хүлээн зөвшөөрсөн явдал. Манай хэвлэл мэдээллийнхэн жаахан бага анхаарсан болов уу.

Өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн 5 орон Монгол улсын цөмийн зэвсэггүй бүс нутгийн статусыг хүлээн зөвшөөрч, Элчин сайдуудын хэмжээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Монгол орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг дэлхийн улс орнуудад уриалсан. Миний бодоход, Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүнээр нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо баталгаажуулсан орон дэлхий дээр Монголоос өөр байхгүй байх. Энэ бол Монгол орны хувьд маш таатай нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Бид хоёр их хөршийн дунд оршдог тул санаа зовох зүйл бишгүй их байдаг. Энэ бүхэн нэг тийшээ шийдэгдэж байна гэсэн үг юм.

Нөгөө талаасаа Монгол орны одоогийн байдлыг гадаад орчинтой холбож авч үзэх хэрэгтэй. ОХУ, Хятад улс хоёулаа Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн боллоо. Монгол орны хувьд асар том хоёр зах зээл нээгдэж байна. Бид далайд гарцгүй гээд жаахан бэрхшээл тоочих дуртай. Гэтэл далайд гарахаас өмнө хэчнээн хөдөлмөрлөж бараа нийлүүлээд ч дүүргэж чадахааргүй хоёр том зах зээл нэн таатай нөхцөлөөр нээгдэж байна. Одоог хүртэл энэ байдал их түвэгтэй явж ирсэн. Ерээд онд Монгол орон Зөвлөлтийн хараат байдлаас гарах эрмэлзлээ илэрхийлж эхэлсэн үеэс уламжлаад Оросын үед эдийн засгийн хориг  эмбаргогийн нөхцөлд харьцаж ирлээ шүү дээ. Гаалийн асар өндөр татвартай, импортын нийлүүлэлт дээр үнийн дэмпингээр жаахан ташуурдах байдалтай явж ирсэн. Хятад орны хувьд нэг үе худалдааны нэлээд хязгаарлалттай бодлого явуулсан. Одоо байдал өөр болж байна. Энэ бүхэн Монгол орны одоогийн дүр төрхийг тодорхойлоод зогсохгүй цаашид хөгжил явах зам мөрийг тодотгож байна гэж хэлж болох байх.

Түүхий эдийн оронд технологи гэсэн зарчмаар явбал хөгжинө 

Уул уурхайн салбарын хөгжил эрчимжиж, Монгол улс эрдэс баялгийнхаа нөөцөөр дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Үүнээс үүдэн уул уурхайг Монгол улсын хөгжлийн тэргүүлэх салбар гэж үздэг, бичдэг, ярьдаг боллоо. Та үүнтэй санал нийлэх үү? Эсвэл өөрөөр харж байна уу?

Уул уурхайг Монголын эдийн засгийн тэргүүлэх чиглэл гэж хэлэхэд би болгоомжтой ханддаг. Монголд үндсэн гурван баялаг бий. Нэгдүгээрх нь манай газар нутаг, түүнд түшиглэсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл. Энэ нь монголчуудыг хүнс тэжээлээр гачигдуулахгүй, нийгэм эдийн засгийн ямар ч хямралын үед өлсгөлөнд оруулахгүй аваад гарчихдаг загвар. Хоёр дахь нь уул уурхай. Энэ бол хүний гараар бүтээгүй, дахин нөхөн сэргэхгүй баялаг. Нэг ашиглавал тэгээд л дуусдаг. Монгол орон заяа тавилангаар асар их баялагтай өргөн уудам нутаг эзэмшиж байна. Ёстой л “Яндаж болшгүй далай шиг Яасан баян нутаг вэ” гэмээр улс. Тиймээс ч уул уурхай эдийн засагт ач холбогдолтой. 1990-ээд оноос хойшхи шилжилтийн хамгийн хүнд үеэс “Эрдэнэт үйлдвэр” Монголыг тэтгэж ирлээ.

Гэхдээ уул уурхай эрсдэл дагуулж явдаг. Уул уурхайн бүтээгдэхүүн нь түүхий ашигт малтмал. Түүнийг цааш металургийн юм уу химийн үйлдвэрт боловсруулбал өөрөөр нэрлээд явах байх. Уул уурхайн бүтээгдэхүүн овор, жин, хэмжээ ихтэй учир дэд бүтцийн маш өндөр шаардлага тавигддаг. Тэгсэн мөртлөө зах зээлийн сонголт багатай. Тавантолгойгоос жилд 20 сая тонн нүүрс олборлолоо гэхэд Хятадаас өөр оронд зарах боломж муу. Орос орон Монголоос авахааргүй хангалттай нүүрстэй. 20 сая тонн нүүрсийг ОХУ, Хятадын нутгаар дамжуулан бусад зах зээл рүү гаргая гэж бодъё. Оросын нутгаар гаргавал нүүрснээсээ илүү зардал гарна. Хятадын нутгаар гаргая гэхэд нэвтрүүлэх боомтын хүчин чадал хүрэхгүй. Тэгэхээр бид Хятадад л худалдана. Өөрөөр хэлбэл, уул уурхайн түүхий эд маань Монгол орныг аль нэг улс гүрний түүхий эдийн хавсарга болгох аюул дагуулж явдаг. Харин уул уурхайгаа түшиглэн боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлбэл сайхан ирээдүйн үндэс суурь болж чадна.

Монголын гуравдахь баялаг нь хүн ардын бүтээх чадвар. Өөрөөр хэлбэл, бүтээх оюуны өв сан юм. Монголын зохион бүтээгчид, технологичид, тэдний бүтээсэн, эзэмшсэн, нутагшуулсан технологи манай хамгийн үнэтэй баялаг байх ёстой. Энэ гуравтаа л  тулгуурлаж хөгжих ёстой. Дотроос нь уул уурхайг сугалаад тэргүүлэх салбар, баялаг гэж хаяглавал гажуудалд ч хүргэж болох.

Уул уурхай тэргүүлэх салбар гэж ярьдгийн цаана нэг талдаа эдийн засгийн гэнэн ойлголт байна. Чингис хааны үед байгуулсан Монгол улсын хил хязгаар дотор байгаа баялгийг ухаад гаргаад байвал Монгол баяжина, хөгжинө гэсэн гэнэн төсөөлөл байгаа юм. Нөгөө талаар эдийн засгийн алуурчид гэгддэг хитмэнүүдийн номлол яваад байна. Байгалийн баялгаа ухаж гаргаад байвал чи сайхан амьдарна гэдэг ойлголт. Үүнийг Арабын орнууд, Ойрхи Дорнодод нефть олборлож байгаа арга туршлагатай холбон, баялгаа ухаж баахан орлого олоод ард түмэндээ хувааж өгөөд, бүгдээрээ баян болоод сайхан амьдарна гэж номлоод байна. Брунейн султан жил бүр иргэн болгондоо 3000 доллар тарааж өгдөг биз дээ. Энэ бол явуургүй юм.

Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдлыг хэрхэн тодорхойлох вэ?

Монголын уул уурхайн салбарт бүрдээд байгаа нөхцөлийг харвал хоттой хонь руу харийн чоно орсонтой адил байна. Нутгийн чоно сүрэг хонь руу дайрахдаа ганц хонь бариад л явдаг. Харийн чоно хоттой хонь руу орвол нэгийн хоолой, нөгөөхийн сүүлийг хазаж сэглэсээр арав хориор нь барьчихдаг. Ийм л байдалтай болчихоод байна. Байгаль орчин асар их сүйдэж байна. Уул уурхайд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Томоор яривал, төрийн философи дутаж байна. 

Уул уурхайн салбарын нэг онцлог нь газарзүйн байршлын хувьд биднээс хамаардаггүй. Оёдлын үйлдвэрийг хаана байгуулж, хэнийг ажиллуулахаа сонгож болно. Гэтэл байгалийн баялаг уулын аманд, эзгүй газар байдаг. Дэд бүтэц, зам харилцаа байхгүй. Хүн ам, ажиллах хүчин сийрэг. Энэ бүгдийг цогцоор шийдэхэд төрийн бодлого хэрэгтэй. Бодлогоо боловсруулж байж, тэр бүс нутаг руу гадны хөрөнгө оруулагчдыг оруулах ёстой.

Хүн төрөлхтөний түүхэнд нэг үе байгальтай хатуу ширүүн харьцаж байсан цаг бий. Аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үед уулыг онгичин эргүүлж хүдрийг авах, баахан нүх хонгил үлдээгээд явах, ус гол мөрнийг бохирдуулах явдал гаарсан. Энэ бүхэн хүн төрөлхтөнийг сүйрэлд хүргэх нь нэгэнт тодорхой болсон тул хүн төрөлхтөн байгальтайгаа цуг хөгжих философиор амьдарч эхэллээ. 1992 оны Рио-Де-Жанерогийн Дээд хэмжээний уулзалтаас хойш дэлхийн эдийн засгийн бодлого их өөрчлөгдлөө. Энэ уулзалтад 178 орны төр, засгийн тэргүүнүүд оролцож, хүн төрөлхтөний  XXI зууны хөтөлбөрийг баталсан. Энэ бол тогтвортой хөгжлийн хөтөлбөр. Тогтвортой гэдэг нь дандаа өсч өндийж явна гэсэн үг биш. Даацтай, барагтай сөрөг нөлөөг тэвчин өнгөрөөдөг хөгжил гэсэн утгаар хэрэглэдэг ойлголт. Энэ конвенцид манай орон нэгдсэн. Би очиж гарын үсэг зурсан. Гэтэл энэ конвенци Монголд хэрэгжсэнгүй.

Хамгийн наад зах нь Улаанбаатарын ойролцоох Заамарыг аваад үз. Сарны гадаргуу шиг болчихлоо. 2003 оноос хойш уурхай эзэмшиж байгаа Өмнөговийг аваад үз. Гурвантэс сумд хүн амьдрах эцэсгүй боллоо. Архангайг аваад үз. Энд юу харагдаж байна вэ. Төрийн философи, оршихуй амьдрахуй үгүйгээр уул уурхайд хандаж байгаа нь хамгийн том асуудал болчихоод байна. Өвлөж хадгалж ирсэн баялгаас маань олборлож гадагш зөөхийн зэрэгцээ уул усыг сэвтүүлж, хүн оршин амьдрах орчныг доройтуулж байгаа нь том аюул. Үүнийг хэдэн мянган жилээр засч чадахгүй. Ялангуяа алтны уурхайн хүрээнд байдал их хүнд байна. Гол мөрөн бохирдож байна, газрын хөрсний эвдрэл их байна. Сүүлд Тавантолгой болон бусад газруудад нүүрс олборлохдоо зам тээврийнхээ асуудлыг шийдэлгүйгээр уурхай ажиллуулснаар Өмнөговийн зарим сумын малчид малынхаа дотор махыг идэж чадахгүйд хүрчихлээ. Малын дотор харлачихлаа, уушги нь харлачихлаа гэж ярьж байна. Ийм байдалд орно гэдэг үндэсний гамшиг. Энэ гамшгийн эх үүсвэрийг бид уул уурхай гэж харахаас аргагүй.

Гэхдээ энэ нь уул уурхайг гоочлох юм уу эсэргүүцсэн хэрэг биш. Соёлтой уул уурхай байх ёстой. Бид үүнд анхаарахгүй бол цаг их бага болжээ. Нэг алдсан бол ухаарч ойлгоод засах хэрэгтэй. Хоёр алдчихаад засна гэвэл засагдахаасаа өнгөрнө. Уул уурхайн салбар ашиг орлого өндөртэй, ажиллах хүч бага шаарддаг өвөрмөц онцлогтой ч байгальд их халтай гэдгийг үргэлж бодож явах ёстой.

Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлэг дээр Та алдаанаасаа суръя гэж хэлсэн. Өнгөрсөн түүхээсээ, ямар алдаанаасаа бид сургамж авах ёстой вэ? 

Эрдэнэт үйлдвэрийг ашиглаж эхлэх үеэс монголчууд уул уурхайн салбарыг яавал ашигтай ажиллуулах вэ гэж олон жил бодож ирсэн. Эрдэнэт үйлдвэр 1978 оны арванхоёрдугаар сарын 14-нд нээгдсэнээс хойш 35 жилийн нүүр үзэж байна. Анх байгуулахдаа хажууд нь зэс боловсруулах үйлдвэр байгуулсан бол Монголд юу үлдэх байж вэ.

1980-аад оны үед зэсийн дэлхийн зах зээлийн үнэ 1500 доллар байхад бид зэсийн 35 хувийн баяжмалыг 270 орчим доллараар худалдаж байлаа. Өөрөөр хэлбэл, баяжмал доторх зэсээ 800 орчим доллараар өгч байсан. Хэрэв зэсээ хайлуулсан бол Эрдэнэтийн орлого хоёр дахин нэмэгдэх байлаа. Одоо ч хэвээрээ. Тэр үед Эрдэнэтийн зэсийг дагаад 60-аад тонн цагаан мөнгө гарч байсан. Манайхан Асгатын мөнгөний ордыг эзэмшинэ гэж ярьдаг. 3000 метрийн өндөрт мөнх цасны бүсэд байгаа уул геологийн их хүнд нөхцөлтэй орд газраас жилдээ 60 тонн мөнгө олно гээд хэдэн жил маргалдаж, булаацалдаж, стратегийн орд ч гэж нэрлэж, элдэв өнгийн ааш гаргаж байна. Гэтэл Эрдэнэтийн 60 тонн мөнгө зүгээр л зэсээ дагаад гараад ирдэг. Наяад оны нөхцөлөөр авч үзвэл жилд нэг тонн баяжмалаас 4 грамм алт авч болох байсан. Тэр алт бүгдээрээ үнэгүй гараад явсан. Селен, теллур гээд дагалдах баяжмалууд ч мөн адил. Молибденитэй цуг гардаг рениг ч нэг үе үнэлж чадаагүй. Сүүлд л рениг үнэлдэг болсон. Хэрэв перит (төмөр хүхрийн нэгдэл)-ийг боловсруулсан бол дотоодын төмрийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй фосфоритоо боловсруулах хүхрийн хүчилтэй болчих байсан. Гэтэл түүхийгээр гаргасаар өнөөг хүрлээ. Эрдэнэтийг бид технологийн хувьд бүрэн шийдэж чадаагүй. Энэ бол бидний нэг сургамж.

Нөгөө талаар уул уурхайн үйлдвэрлэл маш их хөрөнгө шаарддаг. Ялангуяа эхний хөрөнгө оруулалт ихтэй. Эрдэнэт үйлдвэрийг байгуулахдаа шилжих рублиэр тооцоо хийсэн. Хожим тогтсоноор 1 шилжих рублийг 1 доллар гэвэл нийт дүнгээрээ 800-гаад сая шилжих рублиэр боссон юм. Гэхдээ төмөр зам, цахилгаан шугам, баяжуулах үйлдвэр, усан хангамжийн систем, өөрийн хоттойгоо нийлээд ингэж боссон. Үйлдвэрийн гэрээ хэлэлцээг анх хийх үед Монголын тал байгалийн нөөц баялгаа үнэлж, эзэмших ёстой гээд үүнийгээ 7 хувиар тооцож байсан. Анхны хөрөнгө оруулалтаа нөхөөд ашигтай ажилласны дараа Монголын талд шилжүүлэх тухай ч яригдаж байсан. Гэтэл тэр үеийн Зөвлөлт гүрэн ноёлох аашаа гаргаад бидний саналыг хүлээж аваагүй юм.

1990 он хүртэл Эрдэнэт үйлдвэр алдагдалтай явж ирсэн. Монголын төсвөөс 932 сая төгрөг буюу тэр үеийн төгрөг долларын албан ханшаар 300 сая долларын дотаци авдаг байлаа. 1991 онд шинэ нөхцөлд гэрээ хэлэлцээрээ шинэчилсэн. 1978-1990 оныг дуустал олборлосон бүх бүтээгдэхүүнд 9 хувиар бодож нөөцийн төлбөр тогтоосон юм. Эрдэнэт үйлдвэрийг байгуулахад Монголын талын эзэмших хувьд авсан зээлийг түүгээр дарахаар тооцсон. 1991 оноос хойш 6 хувийн нөөцийн төлбөр тогтоосон. 1990 он хүртэл нөөц баялгийнхаа сорыг ашиглаад агуулга багатай, зардал ихтэй хүдрийн нөөц рүү шилжлээ гэсэн утгаар нөөцийн төлбөр буурсан хэрэг.

Энэ бол үйлдвэр байгуулахдаа анхнаасаа гэрээ хэлцлээ зөв хийж, хөрөнгө оруулагчидтай зөв тохирохгүй бол алдагдалтай ч байж болдгийн тод жишээ. Монголд хөрөнгө дутагдалтай байгаа учраас гадны хөрөнгө оруулагчдыг татах сонирхол байна. Тэдэнд ч Монголд ажиллах сонирхол байгаа. Гэхдээ хэн хэнийхээ эрх ашгийг бодолцож, зөв тооцоо хийж, гэрээ хэлцлээ байгуулахгүй бол их алдаж болдгийг анхааруулсан сургамж.

Нэгэнт нөхөн сэргэхгүй баялгийг ашиглаж байгаа учраас түүний хэрээр Монголд өөр баялаг хуримтлагдах ёстой. Тэр бол өндөр технологи, мэдлэг чадвар. Монгол төр байгалийн баялгаа олборлох бодлогоо түүхий эдийн оронд технологи гэсэн зарчмаар хэрэгжүүлбэл их ашигтай. Мэдээж, Хятад улс манайхаас нүүрс авъя гэж байхад бид өгөхгүй гэж гэдийхгүй нь ойлгомжтой. Бидэнд нүүрсээ гаргах сонирхол байна. Нүүрсний нөөц ч их байна. Тиймээс нүүрсээ өгөөд оронд нь технологи авъя. Хятадууд зэсийн үйлдвэрээ ажиллуулахын тулд баяжмал авах сонирхолтой байгаа. Баяжмалынхаа талыг өгөөд талыг нь дотооддоо боловсруулъя. Технологи авахад баяжмал авч байгаа орон бидэнд туслаг л дээ. Үүнийг төрийн дээд түвшинд зохицуулах хэрэгтэй байх. Тэгвэл ашигтай ажиллаж болно.

Ашигт малтмалын олборлолт явуулахдаа түүхий эдийг дотооддоо боловсруулахад анхаарах ёстой гэж би ерээд оны үед номдоо бичиж байлаа. Улс орны эдийн засгийг тэжээж тэтгэх мөнгө зайлшгүй хэрэгтэй гэвэл түүхийгээр гаргаж таарах байх. Гэхдээ үүнийгээ сайн бодож, олон түмэнд ил тод байдлаар явуулах ёстой юм. Манай улс уул уурхайн ил тод байдлын тухай хэлэлцээрт нэгдэн орж, түүнийг түшиж явахгүй бол алдах юм их болоод байх шиг санагдах юм. 

Хүн өөрийн алдаанаас биш бусдын алдаанаас ч сурах ёстой. Дэлхийн туршлагыг үзэх ёстой. Чадахгүй бол өөрийн алдаанаас суръя. Гэтэл өөрийн алдаанаас сурах чадвар байхгүй. Бүр дордоод өөрөө алдсанаа ч мэддэггүй. Бүр тэрнээсээ дордоод өөрийн алдаагаар бахархдаг байж болохгүй. Алдсанаа мэдэхгүй хүнийг маанаг гэж хэлнэ. Алдаагаараа бахархвал солиотой гэж хэлнэ биз дээ. Монгол ийм байр суурин дээр очиж болохгүй. 

Эрдэнэтээс гадна Оюутолгойн гэрээнээс ч бас сургамж авах ёстой байх. Оюутолгойн гэрээг монголчууд бид сайн, муугаар нь шүүмжилж, дотроо талцан маргалддаг. Таны хувьд Оюутолгойн гэрээнд шүүмжлэлтэй ханддаг хүний нэг? 


Манайхан Оюутолгойн гэрээг байгуулснаа их амжилт гэж ярьдаг. Оюутолгойн гэрээ бол Монголын үндэсний эрх ашгийг яаж доройтуулж болохын сонгодог жишээ гэж би хувьдаа боддог. Фридландын боловсруулсан анхны төслийг 2005 оны нэгдүгээр сарын 5-нд би интернетээс олоод тэр үеийн Ерөнхий сайд, УИХ-ын Байнгын хорооны дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарт өгч байсан. Түүнээс хойш үзэл санаа нь нэг их өөрчлөгдөхгүйгээр гэрээ батлагдлаа.

Энэ гэрээг байгуулахдаа Монголын төр, засаг уул уурхайн баялгийг эзэмшигч эзний байр сууриас хандаж чадаагүй. Хөрөнгө оруулагчаас мөнгө царайчилж байгаа гуйлгачны байр сууриас хандсан. Түүнээсээ болоод манайхан алдсан. Гэрээ хийж байгаа талаас алгаа тосон мөнгө гуйхаар цаадах нь томролгүй яахав. Бололцоотой бүх л нөхцөлийг тулгасан. Зөвхөн хугацааны хувьд гэхэд л 30 жилээр гэрээ байгуулаад дараа нь 20+20 гээд 40 жил сунгах боломжтой хийсэн. 70 жилийн дараа гэрээ байгуулсан хүмүүсээс хэн амьд байх вэ. Бүгд байхгүй шүү дээ.

Гэрээ байтугай аливаа хуульд хугацаа тогтоодоггүй. Хүн ардын үе бүхэн өөрсдийн амьдралаа зохицуулах эрхтэй. Хуулийг, Үндсэн хуулийг ч тэр хүний идэвхтэй амьдралын нэг л үеэр  хугацаа заан баталж болно. Бид 1990 онд Үндсэн хуулиа баталсан. Тэр үед социалист системээсээ салж чадаагүй нийгмийн ухамсар буюу тухайн үеийн нийгэмд идэвхтэй байр суурь эзэлж байсан нэгдэл, сангийн аж ахуйн дарга нар, Ардын их хурлын гишүүд Үндсэн хууль баталсан шүү дээ. Тэдний баталсан Үндсэн хууль өнгөрсөн 20-30-аад жилийн хугацаанд, тэдний идэвхтэй амьдралын үед л нийгмийн амьдралыг зохицуулахаар төр ард түмний хооронд байгуулсан гэрээ. Тэр Үндсэн хуулиар Монголын хойч үеийнхний амьдралыг үүрд мөнх зохицуулна гэж болохгүй. Одоо ч Үндсэн хуулийн согогтой талууд харагдаж байна. Гэтэл Монголын баялгийг ашиглахдаа 70 жил татварыг нь өөрчлөхгүй, өөртөө хүлээсэн хүнд хэцүү амлалтуудыг мөрдөхөөр гэрээ байгуулсан нь буруу.