Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Хятадын эдийн засгийн өсөлт 7-8 хувьтай байна

Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ жил 7.5 хувьтай байна гэж тус улсын Ерөнхий сайд Вэн Зиабао өчигдөр зарласан. Харин өнөөдөр Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны тэргүүн Зан Пин тус улсын ДНБ-ий өсөлтийг ойрын жилүүдэд энэ хэмжээнд барих нь хамгийн оновчтой сонголт болохыг Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын үеэр онцлов. Шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байна гэж тайлбарлаж буй ч тус улсын эдийн засгийн өсөлт дэлхийд дээгүүрт тооцогдсон хэвээр байгаа юм. Хятадын төр засаг экспортод бус, дотоодын эрэлт хэрэгцээнд суурилсан эдийн засгийг хөгжүүлэх чиг барьж буйг шинжээчид тэмдэглэж буй юм.

Монголын хувьд жонш зэрэг зарим нэг эрдсийг эс тооцвол уул уурхайн бүтээгдэхүүн нь бараг бүхэлдээ Хятад руу экспортлогддог тул энэ улсын эдийн засгийн цаашдын өсөлт ихээхэн чухал билээ. Уг мэдэгдэл нь дэлхийн эдийн засгийн хоёр дахь томоохон их гүрний өсөлтийн бодлого цаашдаа ямар байхыг тодорхой харуулсан явдал боллоо. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлд аль хэдийнэ маш том байр суурийг эзлээд буй Хятадын өсөлт харьцангуй “даруухан” байх төлвөөр эрдсийн түүхий эдийн үнэ цаашид огцом өсөхгүй байх таамаг илүү тодорхой болж байна.

Тус улсын бас нэг чухал зорилт бол эрчим хүчний бодлого юм. Энэ жил тус улс сэргээгдэх эрчим хүчний чадамжаа 50 мянган МВт-аар тэлэх зорилт тавьжээ. Үүнд усан цахилгаан станц 21 мянган МВт, салхин парк 18 мянган МВт, нарны эрчим хүч 10 мянган МВт-ыг тус тус эзлэхээр байна. Энэхүү сэргээгдэх эрчим хүчний салбарт хийж буй үлэмж хэмжээний бүтээн байгуулалт нь Хятадын уг салбарын хөгжлийн хувьд урьд өмнө байгаагүй том амжилт болох ажээ. Одоогийн байдлаар тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 70 орчим хувь нь нүүрсний станцуудаас эх үүсвэртэй. Харин 2020 он гэхэд энэ үзүүлэлт 20 орчим хувиар буурч 53 хувьд хүрнэ гэж “Дойче” банк тооцоолжээ. Хэдийгээр нүүрсийг ногоон эрчим хүч болгох тал дээр судалгааны томоохон төслүүд Хятадад хэрэгжиж буй ч хүлэмжийн хийн асуудлыг шийдвэрлэх технологиуд эцсийн шийдэлд төдийлөн хүрч чадаагүй байгаа юм.

Б.Төгс