“Future Mongolia” олон улсын түвшний тоног төхөөрөмжийн үзэсгэлэн Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Ирэх зургадугаар сарын 19-22-нд болох гэж буй “Future Mongolia” үзэсгэлэнгийн Монголд өгөх эерэг нөлөөний талаар Германы Элчин сайдын яамны Дэд тэргүүн бөгөөд Элчин зөвлөх Клаус Венделбергертэй ярилцлаа. Энэхүү үзэсгэлэн манай улсад зохион байгуулагдах болсноор дэлхийн дэвшилтэт технологийн “цуваа” Монголыг зорьж эхэлснийг тод баталсан гэхэд болно.“Future Mongolia” үзэсгэлэн Монголд зохион байгуулагдсанаар манай улсад технологийн хувьд ч, үзэсгэлэн зохион байгуулалтын хувьд ч дэлхийн түвшний стандартыг авчирсан болов уу?2012 онд Монгол улсад анх удаагаа уул уурхай болон бусад салбарын машин тоног төхөөрөмжийн олон улсын түвшний “Future Mongolia” үзэсгэлэн зохион байгуулагдсан. Энэхүү үзэсгэлэн нь олон улсын стандартын түвшинд зохион байгуулагдаж, Монголд олон улсын үзэсгэлэнгийн стандартыг нэвтрүүлсэн гэж бодож байна. Германы зүгээс өнгөрсөн жилийн үзэсгэлэн маш их амжилттай болсон гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр олон нийт, бизнесийнхний хүрээнд ч энэхүү үзэсгэлэнг тун нааштай хүлээж авсан гэдгийг тэмдэглэе. Үүнээс гадна, өмнөх “Future Mongolia”-д бусад орныхтой харьцуулахад Германы аж ахуйн нэгжүүд түлхүү оролцсон ч энэ нь олон улсын үзэсгэлэн гэдгийг дахин онцолъё. “Future Mongolia” үзэсгэлэн нь Герман улсын санхүүжилтээр зохион байгуулагддаг үзэсгэлэн биш юм.
Энэхүү үзэсгэлэн нь Монгол улсад аж үйлдвэрийн стандартыг авчрах, олон улсын болон Монголын компаниудын ажил хэрэгч хүмүүсийн хоорондын холбоо харилцаа өргөжих, харилцан туршлага солилцоход дөхөм болох талаараа ихээхэн ач холбогдолтой юм. Энэхүү үзэсгэлэнг хүн бүр очиж үзэж болно. Бизнесийнхэн болон бүх иргэн очиж үзэхэд нээлттэй. “Future Mongolia” үзэсгэлэн Улаанбаатарчуудын хувьд очиж үзэхэд маш сонирхолтой газар байх болов уу гэж бодож байна. Учир нь энэхүү үзэсгэлэн иргэдийн хувьд тэрхүү техник технологиуд яаж ажилладгийг бодитоор үзэж сонирхох, чөлөөт цагаа сайхан өнгөрөөх бас нэгэн боломж байх болно гэдгийг дуулгахад таатай байна.
2012 оны “Future Mongolia” үзэсгэлэнг Германы Засгийн газар дэмжиж ажилласан. Энэ жилийн үзэсгэлэнг танай улсын Засгийн газраас хэрхэн дэмжиж байна вэ?Өнгөрсөн жилийн “Future Mongolia” үзэсгэлэнг Германы Засгийн газар дэмжсэн. Тодруулбал үзэсгэлэнд орон орны компаниуд оролцсоны дунд Германы компаниудын бүлэг бүхий тусгай үзүүлэнгийн хэсэг гаргахад нь тусалж дэмжиж ажилласан. Энэхүү хэсэгт Германы жараад компани оролцсон байна. Энэ удаад ч Засгийн газар яг л энэ хэлбэрээр туслалцаа үзүүлнэ. Зохион байгуулагчийн тухайд энэ жил ч мөн адил Германы үзэсгэлэн зохион байгуулалтын компани “VF Messen GmbH” хэвээрээ байгаа.
Уг үзэсгэлэн зохион байгуулагдсанаар Герман-Монголын худалдааны үзүүлэлтэд ямар эерэг өөрчлөлт гарсан бэ? “Future Mongolia” нь юуны түрүүнд аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг танилцуулах зорилготой үзэсгэлэн байгаа юм. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээ үзэсгэлэн дээр шууд борлуулах зорилго тэргүүн зэрэгт тавигддаггүй. Тиймээс үзэсгэлэнгээс гарах үр дүн нь богино хугацаанд шууд харагдахгүй. Гэхдээ өнгөрсөн жилийн үзэсгэлэнгийн үеэр худалдан авагч тал болон бүтээгдэхүүн нийлүүлэгч талуудын хооронд машин тоног төхөөрөмж худалдах тухай хэд хэдэн томоохон гэрээнүүд хийсэн.
Ойрын 10-20 жилд уул уурхай Монголын эдийн засагт голлох байр суурь эзлэх төлөвтэй байгаа ч бусад боломжит салбарыг давхар хөгжүүлэх шаардлагатай байгаа. “Future Mongolia”-д уул уурхайн салбараас гадна өөр ямар салбарын компаниуд оролцох вэ?Өнгөрсөн жилийн үзэсгэлэн болон энэ жил зохион байгуулагдах “Future Mongolia” үзэсгэлэнгийн хамрах гол салбар нь уул уурхайгаар хязгаарлагдахгүй бөгөөд эдийн засгийн бусад салбарын компаниуд оролцож байгаа. Тухайлбал, машин тоног төхөөрөмж, хими технологи, хүнд даацын болон аж үйлдвэрийн машин механизм багтаж буй. Энэ жилийн хуралд ч эдгээр салбарын компаниуд оролцоно.
Эрдсийг боловсруулах чиглэлээр Монгол улс түлхүү анхаарч байгаа. Энэ чиглэлээр Герман улсын оролцоо нэлээд их байх нь аль хэдийнэ тодорхой болоод байгаа. Цаашдаа хоёр орны хооронд өөр ямар салбарт хамтарч ажиллах боломж байна гэж Та харж байна вэ? Юун түрүүнд Германы Засгийн газар Монголын Засгийн газрын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэх зорилтыг маш их дэмжиж байдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Түүхий эдээ эх орондоо боловсруулах нь аливаа улс орны хувьд маш чухал ач холбогдолтой байдаг. Ингэж байж л тухайн улс хөгждөг учир Герман улс Монголыг энэ тал дээр дэмжиж ажиллах нь чухал гэж үзэж байгаа. Германы Канцлер Ангела Меркелийн жил хагас орчмын өмнө Монголд хийсэн айлчлалын үеэр “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т хоёр улсын тал гарын үсэг зурсан.
Энэ хэлэлцээрийнхээ хүрээнд манай улс нүүрс шингэрүүлэх, коксжих нүүрс боловсруулах төслүүдийг ихээхэн чухалчилж буй. Мөн цахилгаан станц, төмөр зам байгуулахад манай улс дэлхийд тэргүүлдэг тул хоёр улс энэ чиглэлд хамтрах бүрэн боломжтой. Хөдөө аж ахуйн салбарт Германы туршлагыг нэвтрүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж ч их байна. Түүнчлэн аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэх тухайд хамтрах өргөн боломж байна.
Монгол улсад тогтвортой уул уурхайг хөгжүүлэх талаар учир дутагдалтай зүйлс багагүй байна. “Future Mongolia” үзэсгэлэн Монголд тогтвортой уул уурхай хөгжүүлэхэд ямар үүрэгтэй байна гэж Та үзэж байна вэ?Герман улсад тогтвортой хөгжил, байгальд ээлтэйгээр эдийн засгаа хөгжүүлэх, тогтвортой үйлдвэрлэл явуулах гэсэн ойлголтод маш их ач холбогдол өгч ханддаг. Энэ бүгдийг нэгтгээд ногоон технологи гэж хэлж болно. Ногоон технологийн сэдвийг Герман улс тэргүүн зэрэгт авч үздэг. Ногоон технологиороо Герман тэргүүлэгч орны хувьд манай улсын аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж нь байгаль орчны асуудлыг тэргүүн зэрэгт харгалзаж бүтээгдсэн бүтээлүүд байдаг. Иймд “Future Mongolia” дээр санал болгож буй машин техник, тоног төхөөрөмж нь тогтвортой хөгжлийг дээд зэргээр хангасан бүтээгдэхүүнүүд байх болно.
“Future Mongolia” гэсэн нэр ирээдүйн Монголын хөгжлийг бэлгэдсэн мэт санагддаг. “Future Mongolia” үзэсгэлэн ирээдүйн Монголын эерэг хөгжилтэй хэрхэн холбогдоно гэж Та үзэж байна вэ?Үүн дээр тантай санал нэг байна. Нэрийн хувьд нарийн ухамсарлаж, тун ач холбогдолтойгоор авч үзэж өгсөн юм. Энэ нь Монгол улс эдийн засгийн хөгжлийн эерэг ирээдүйтэй гэдэгт бүрэн итгэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монгол улс дэлхийн эдийн засагт чухал ач холбогдолтой улс болох ирээдүйтэй гэдэгт итгэж байгаагийн илэрхийлэл юм. Мэдээж “Future Mongolia” үзэсгэлэн бол Монгол улсад дэлхийн түвшний аж үйлдвэрийн технологийг танилцуулж, нэвтрүүлэх зорилготой. Монголын аж ахуйн нэгжүүд дэлхийн түвшний тоног төхөөрөмжийг худалдан авах гарц нь “Future Mongolia” байх болно. Энэхүү үзэсгэлэнгийн эерэг үр нөлөө нь уул уурхайн салбарын хөгжилтэй нягт холбоотой.
Уул уурхайн салбар Монголд хэр их амжилттай хөгжинө, Монголын эдийн засагт энэ салбарын оруулах хувь нэмэр хэр их байна, төдий чинээгээр энэхүү үзэсгэлэнгийн маань ач холбогдол их байх юм. “Future Mongolia” бидний хувьд ч ач холбогдолтой юм. Монгол улс эдийн засаг болон худалдааны түншийн тухайд зөвхөн Герман төдийгүй дэлхийн бусад орны хувьд ихээхэн сонирхол татсан орон бөгөөд маш их ирээдүйтэй гэж бид үздэг. Монгол улсын ирээдүйн эерэг хөгжилд Герман улс идэвхтэй оролцож, чухал түнш нь байхыг эрмэлзэж байна.
Б.Төгс