Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын өнгөрсөн оны тайлан гарчээ. Тайлангаас харахад өнгөрсөн онд хамгийн их ашигтай ажилласан компани нь орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани байна. Хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудаас ганцхан “Тавантолгой” хувьцаат компани коксжих нүүрс экспортолдог юм. 2012 онд Монголын коксжих нүүрний экспортын хэмжээ 2,8 хувиар, үнийн дүн нь 16,9 хувиар буурсан нь нүүрс экспортлогч компаниудад хүндхэн туссан. Гэвч тус компани өнгөрсөн онд 102 тэрбум 696 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь 87,8 тэрбум төгрөг болж, нийт 9 тэрбум 188 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Мөн эрчим хүчний нүүрс олборлогч компаниуд ч ашигтай ажиллажээ. “Шарын гол” ХК нийт 13,7 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, нэг тэрбум 872 сая төгрөгийн цэвэр ашиг олжээ. Тус компани менежментийн багаа өөрчилснөөр, сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа нь эрс сайжирч байгаа.
Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Адуунчулуун” компани 4,9 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 734 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол “Могойн гол” компани нэг тэрбум 154 сая төгрөгийн борлуулалт хийж, 734 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Харин “Шивээ-Овоо” хувьцаат компани 27 тэрбум 190 сая төгрөгийн борлуулалт хийсэн ч жилийн эцэст 4,2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
С.Болд