ОХУ-ын Төрийн тэргүүн Владмир Путины “амласан ёсоор” тус улсын Төв банкны шинэ Ерөнхийлөгчид нэр дэвшигч гэнэт тодорлоо. Тэрээр өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй уулзахдаа “Төв банкны шинэ удирдлага Та бүхэнд таалагдана” хэмээн ярьж байжээ. В.В.Путин өчигдөр Оросын Төв банкны одоогийн Ерөнхийлөгч Сергей Игнатьевтай уулзахдаа, түүний албыг хүлээж авах хүнээр Эльвира Наибуллинаг нэр дэвшүүлж буйгаа мэдэгдэв.
Эльвира Наибуллина нь 2008-2012 онд ОХУ-ын Эдийн засгийн яамыг тэргүүлж байсан юм. Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев үүнийг “Эерэг сонголт гэж хэлмээр байна. Учир нь Наибуллина гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг ойлгож, мэдрэмжтэй ханддаг. Хөрөнгө оруулагчдын дунд ч энэ талаараа нэр хүндтэй хүн” хэмээн дүгнэжээ. Оросын Төв банкны одоогийн Ерөнхийлөгч Сергей Игнатьев албан тушаалдаа гурван ч удаа улиран сонгогдсон бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа ирэх зургадугаар сарын 27-нд дуусах юм. Тус банкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг Төрийн ДУМ баталдаг бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил юм.
Э.Од