Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation-ий хувьцаа гурван хонконг доллар болтлоо буурчээ. Тус компани 2012 онд алдагдалтай ажилласан талаараа мэдээлсний дараа лхагва гаригт бирж дээрх хувьцааных нь үнэ гурван хонконг доллар болсон байна. Монгол төгрөгөөр тооцвол ойролцоогоор 500 гаруй төгрөг гэсэн үг.
Энэ нь тус компанийн хувьцаа 2010 оны аравдугаар сард IPO хийснээс хойшхи хамгийн доод үзүүлэлт юм. Энэ долоо хоногийн даваа гаригт 3,45 доллар байсан ханш бараг долоо орчим хувиар буураад байна. Хувьцааны ханш сүүлийн нэг сарын хугацаанд 15, он гарсаар 20 орчим хувиар буурчээ. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 11,34 тэрбум хонконг доллар буюу 1,461 тэрбум ам.доллар болж мөн л хамгийн бага үнэлгээндээ хүрээд байгаа юм.
“Энержи Ресурс” компани 2012 оны эхний хагаст 31 сая долларын ашигтай ажилласан талаараа мэдээлж байсан. Тэгвэл оны эцэст 2,5 сая долларын алдагдалтай гэсэн дүн гарчээ. Тус компани өнгөрсөн онд 5,6 сая тонн нүүрс экспортолсон нь Монголын коксжих нүүрсний экспортын 26,9 хувийг эзэлж байгаа юм. Нүүрсний борлуулалтын орлого нь 474 сая доллар болж, өнгөрсөн оныхоос 12,6 хувиар буурсан байна. Мөн тус компани өнгөрсөн жил 600 сая долларын бонд гаргасан зэргээр нэлээд хэмжээний өр, зээлтэй байгаа нь алдагдалтай ажиллах шалтгаан болжээ.
С.Болд