Энэ сарын 27-29-нд “Мишээл экспо” төвд “Mine Tech-2013” үзэсгэлэн болно. Үзэсгэлэнгийн талаар Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаатай ярилцлаа. МУУҮА-иас “Minetech” үзэсгэлэнг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдөр “Minetech”-тэй төстэй олон үзэсгэлэн бий болжээ. Анх энэ арга хэмжээг санаачлан зохион байгуулж байх үед Монголын уул уурхайн салбар, тэр дундаа ханган нийлүүлэлтийн бизнесийн дүр зураг ямархуу байв? Уул уурхайн салбарт үйлчилгээ үзүүлдэг компаниудын “Minetech” үзэсгэлэнг анх зохион байгуулж байх үед Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон төслүүд хэрэгжих бололцоо нээгдэж, энэ талаар нэлээд ярилцаж байсан болохоор тэднийг дагасан ханган нийлүүлэлтийн бизнес хөгжих нь тодорхой байсан л даа. Тиймээс тэдгээр компанийг худалдан авагчтай нь ойртуулах, нэг нэгийгээ мэдэлцэх, шударга өрсөлдөөнийг бий болгох зорилгоор үзэсгэлэнг анх зохион байгуулсан юм.
Өнөөдөр бидний зохион байгуулдаг энэ үзэсгэлэнг дагаад 4-5 ийм төрлийн арга хэмжээ зохион байгуулагддаг болжээ. Бид ч гэсэн “олон дүү дагуулжээ” гэж боддог. Гэхдээ анхдагчийн хувьд бидэнд том хариуцлага байгаа. Энэ нь “Minetech” үзэсгэлэнг илүү сайн, чанартай зохион байгуулах ёстой гэсэн үг. Яг хүссэн хэмжээндээ хүртэл зохион байгуулж чадахгүй, учир дутагдалтай зүйлүүд бий л дээ. Учир нь олон улсын бидэнд туршлага байхгүй байна.
Ийм үед Герман, Хятадын компаниуд Монголд ирж, үзэсгэлэн зохион байгуулан олон улсын туршлагыг харуулж, нэг ёсны өрсөлдөөн бий болгож байна. Бидэнд тэднээс суралцах зүйл их байна.
“Minetech”-ийн бусад үзэсгэлэнгээс ялгарах гол онцлог нь юу вэ? Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци бол төрийн бус байгууллага. Ханган нийлүүлэгчид болон тэдний худалдан авагчид манай байгууллагын гишүүн байдаг нь бидэнд давуу тал болдог.
Бид боулингийн тэмцээн, Ассоциацийн өдөрлөг зохион байгуулж, ханган нийлүүлэгчдийн туршлага хуваалцах зэргээр “Minetech” үзэсгэлэнд худалдан авагчдыг илүү татдаг. Дотооддоо үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд компаниуд манай үзэсгэлэнд түлхүү оролцдог онцлогтой. Ийм бололцоог хангахын тулд бид арга хэмжээгээ “Мишээл экспо”-д зохион байгуулдаг юм.
Өнгөрсөн жилээс Өмнөговийн ханган нийлүүлэгчид нэг бүлэг болж аймгаа төлөөлөн оролцож, шинэ туршлага бий болгосон. Энэ жил хоёр дахь удаагаа оролцох байх. Эндээс Оюутолгой, Тавантолгой зэрэг төслийг дагаад эдгээр аймаг сумдад ямар жижиг, дунд бизнес хөгжиж байгаа нь харагддаг. Энэ утгаараа Монголын үндэсний компаниудад боломж олгох тал дээр түлхүү анхаардаг гэж ойлгож болно. Ер нь өрсөлдөөн дунд олон улсын хэмжээнд хүрэх зорилт бидэнд бий. Энэ зорилтдоо хүрэхэд багагүй цаг хугацаа шаардагдах байх.
Аливаа үзэсгэлэн, хурал зөвлөгөөн тодорхой үр дүнд хүрэхэд чиглэдэг. Жил жилийн “Minetech”-ээс ямар үр дүн гарч байсан бэ? Энэ жилийн хувьд ямар үр дүн хүлээж байна вэ? Зургаан жилийн өмнө үзэсгэлэнгийн үеэр нэгээс хоёр гэрээ хийгддэг байсан. Тэгвэл өнөөдөр маш олон гэрээ хийгддэг боллоо. Үзэсгэлэнд оролцогчдоос сэтгэл ханамжийн судалгаа авдаг. Тэдгээр компанийн хувьд “бараа бүтээгдэхүүнийг хэн авах вэ” гэдэг нь чухал болохоос биш хэр олон хүн үзэсгэлэн үзсэнээрээ биш юм. Энэ нь өөрөө маш том шалгуур юм. Үзэсгэлэнгийн үр дүнг яг энэ тэр гэж хэмжих хэцүү. Үр дүн гэвэл үзэсгэлэнд оролцож байгаа компаниудын сэтгэл ханамж юм.
“Minetech-2013”-д хэчнээн компани оролцохоор бүртгүүлсэн бэ?Ер нь үзэсгэлэнд ойролцоогоор 60-70 гаруй компани оролцдог. Энэ жилийн арга хэмжээнд одоогоор 50 гаруй компани бүртгүүлээд байна. Улс орноор нь ангилбал Америк, Герман, Хятад, Солонгос, Оросын компаниуд оролцож байна.
Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Трансвест Монгол”, “Алтан” өргөмжлөлт ивээн тэтгэгчээр “Doosan” брендийн Монгол дахь албан ёсны дистрьюбитер “Эбердигм Монгол”, “Хүндэт” ивээн тэтгэгчээр “Вагнер Ази”, Ивээн тэтгэгчээр “Монгол моторс” групп, “MMK” компаниуд ажиллаж байгааг хэлэхэд таатай байна
Г.Идэр