Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Бодлого яаж гарахаас шалтгаалж хуулийн төсөл өөрчлөгдөнө

Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажилдаа оржээ. Энэ талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Батхүүтэй ярилцлаа.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаа түр хойш тавьж, Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлогоо эхэлж гаргая гэсэн Ерөнхийлөгчийн байр суурийг олон нийт дэмжиж байгаа. Бодлогын баримт бичиг боловсруулах Ажлын хэсгийг Уул уурхайн яам дээр байгуулсан гэсэн. Ажлын явц хэр байна вэ?


Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг өмнө нь Эрдэс баялаг, эрчим хүчний яам боловсруулж, Засгийн газар дээр хоёр гурван удаа хэлэлцсэн юм. УИХ-д өргөн барихаас өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уг баримт бичгийг илүү сайн боловсруулах шаардлагатай гэж үзээд буцаачихсан.

Үүний дараа парламентын сонгууль болж, шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан. Шинэ Засгийн газар бодлогын баримт бичгийн төслийг дахин боловсруулахын тулд  яам дээр Ажлын хэсгийг  байгуулаад ажиллаж байна. Ажлын хэсгийг дахин байгуулаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг хамтад нь дахин боловсруулахаар  саналуудыг нэгтгэж  байна. Энэ чиглэлээр судалгааны маш их ажил хийж байгаа.

Эрдэс баялгийн салбар асар хурдтай хөгжиж байгаа учраас өмнөх бодлогын баримт бичгийг эргэн харж, олон талаас нь бодож боловсруулах зайлшгүй шаардлага бий. Энэ бол зөвхөн Уул уурхай яамны ажил биш. Монгол улсын гадаад, дотоод бодлогоос гадна бусад салбарын бодлогуудтай уялдуулах ёстой. Тиймээс шинээр Ажлын хэсэг байгуулсан юм. Гэхдээ өмнө байгуулсан Ажлын хэсгийнхээ суурь судалгааг сайтар боловсруулж оруулж ирэх үүднээс Уул уурхайн яам дээр дэд Ажлын хэсгүүд  байгуулахаар бэлдэж байна. Бодлогын ерөнхий материалын суурь судалгааг бэлтгэж, энэхүү судалгаан дээрээ үндэслэн том Ажлын хэсэг дээр ярилцах чиг бий.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр уул уурхайн салбарын эрдэмтэн судлаачидтай хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Бидний гаргасан судалгааг үндэслэн бодлого ямар байхыг энэ Ажлын хэсэг тодруулж гаргах юм.

Бодлогын баримт бичгийг хэдийд бэлэн болгох вэ?

Монгол улсын Ерөнхийлөгч саяхан болсон Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр  салбарын бодлогын баримт бичгийг нэгээс хоёр сарын дотор гаргаж ирэх чиглэл өгсөн.

Тиймээс бид бодлогын баримт бичгийн бэлтгэл ажлаа эрчимжүүлж байна. Сүүлийн үеийн шинэчлэгдсэн судалгаануудыг хэрэгжүүлэгч агентлагаас гаргуулж байгаа. Энэ бүгдийг нэгтгээд манай яам дээр байгуулагдсан Ажлын хэсэг болон Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр байгуулагдсан Ажлын хэсэгт танилцуулна. Судалгааны ажил ихтэй учраас нэг хоёр сарын дотор бодлогын баримт бичгийг боловсруулж гаргах болов уу.

Монгол улсын Ерөнхийлөгч “геологи хайгуул, бэлтгэл, ашиглалт” гэсэн гурван үндсэн чиглэлд уул уурхайн салбар анхаарч ажиллах хэрэгтэйг сануулсан. Бодлогын баримт бичгийг үүнд үндэслэж гаргах уу?


Төр өөрөө геологийн суурь судалгаагаа хийдэг. Өмнө нь улсын төсвийн хөрөнгөөр болон бусад орнуудын оролцоотойгоор хийдэг байсан. Монголын томоохон экспедициэс гадна ЗХУ, Герман, Чех, Польшийн хамтарсан экспедици хийж гүйцэтгэдэг байсан. Гэвч  манай улс зах зээлийн нийгэмд шилжин орсноос хойш геологи хайгуулын ажил үндсэндээ орхигдсон.

Тиймээс үүнийг сэргээх зорилгоор Геологийн алба байгуулъя гэдэг дээр салбарынхан санаа нэгдэж байна. Бодлого энэ чиглэл рүү гарч ирэх байх. Мэдээж гадна, дотны хөрөнгө оруулалттай компаниудыг геологи, хайгуулын ажилд оролцуулах, гэхдээ урьдынх шиг хүссэн болгонд лиценз өгөх биш, бүрэн чадавхитай компаниудыг сонгон шалгаруулалтын журмаар сонгож, геологи хайгуулын ажил хийлгэх шаардлага тулгарч байгаа.

Компанид ч баялгийн эзэн монголчуудад ч ашигтай байх зарчим бодлогын баримт бичигт суух байх. Аль бүсэд уул уурхайгаа илүү хөгжүүлэх вэ, бусад салбарууд, тэр дундаа аялал жуулчлал, хүнд болон хөнгөн үйлдвэр, мал аж ахуйн салбараа яаж хөгжүүлэх вэ гэдгээ  харж байж Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг гарч ирнэ.

Бодлогын баримт бичиг гарч ирсэний дараа Ашигт малтмалын тухай хуулийн төсөл өөрчлөгдөх үү?

Бодлогын баримт бичиг яаж гарч ирэхээс шалтгаалж хуулийн төсөл тодорхой хэмжээгээр  өөрчлөгдөнө. Байгаль орчин, орон нутгийн иргэдийн асуудал, ямар ашигт малтмалаа түлхүү экспортлох вэ гэх зэрэг маш олон суурь санаанууд  бодлогод тусгагдана.

Г.Идэр

.