Коксжих нүүрсний үнэ энэ онд харьцангуй бууралт бага, нэг тонн нь 170-200 орчим ам.доллар байна гэж судалгааны байгууллагууд таамаг дэвшүүлээд байсан юм. Харин одоогийн байдлаар Австралийн коксжих нүүрсний FOB үнэ 150 ам.доллараас ч доош түвшинд хүрч буурчээ. Энэ нь өнгөрсөн оны сүүлээр коксжих нүүрсний үнэ 140 ам.доллар/тоннд хүрч буусан үе энэ онд давтагдах магадлалыг улам нэмэгдүүлж байна.
Хэдийгээр Хятадын гангийн үйлдвэрлэл өсөх сургаар коксжих нүүрсний зах зээл харьцангуй баталгаажих төлөвтэй байсан ч тус улсын нүүрсний агуулахууд дүүрч буйгаас нүүрсний үнэ ийнхүү буурч байгаа тухай эрдсийн зах зээл судалгааны байгууллага “Platts” мэдээлжээ.
Харин зэс сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн доод үнэдээ хүрээд байна. Яг одоогийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 7590 ам.доллар болж буурчээ. Энэ сарын эхээр зэсийн үнэ 7760 орчим ам.доллар/тонн байсан нь нэлээд бууралттай үнэд тооцогдож байсан билээ.
Төмрийн хүдрийн тухайд одоогийн байдлаар дэлхийн зах зээлд нэг тонн нь 130 гаруй ам.доллараар арилжаалагдаж байгаа бол ирэх саруудад уг түүхий эдийн үнэ 100 ам.доллар/тонн болж буурна гэж олонхи судалгааны байгууллага үзжээ. Өөрөөр хэлбэл судалгааны байгууллагууд Хятадын эрдсийн эрэлт, АНУ, Европын эдийн засгийн өөдрөг төлөвт ихээхэн эргэлзэж байна.
Б.Төгс