АНУ-ын “Катерпиллар” брендийн албан ёсны дистрибьютор “Вагнер Ази” компанийн харилцагчдын уулзалт семинар өнөөдөр эхэллээ. Харилцагчидтайгаа уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонсохын зэрэгцээ сүүлийн үеийн техник технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилго агуулдаг энэхүү семинар тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Семинарт “Вагнер Ази” компанийн харилцагч 40 гаруй компани оролцож байна.
Тус компанийн Бүтээгдэхүүн дэмжих хэлтсийн захирал Рэнди Адлер семинарыг нээж, үг хэлэхдээ “Бид зөвхөн борлуулалтаа сайжруулахын тулд энэ семинарыг зохион байгуулаагүй гэдгээ цохон тэмдэглэмээр байна. Бидний бэлдсэн илтгэл сүүлийн үеийн технологиудын талаар шинэ мэдээлэл өгч чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Тав дахь семинарын илтгэлийг техник, технологийн ажилтнууд бэлджээ. Ингэснээрээ амьдралын практик туршлагад үндэслэн тохиолдож болох эрсдэл, түүнийг даван туулах арга замыг илүү нарийн тайлбарлах боломжийг нээж өгч байна. Семинар маргааш үргэлжилнэ.
Э.Хулан