БНХАУ-ын шинэ удирдагч Си Зиньпин хилийн чанад дахь анхны айлчлалаа ОХУ-аас эхэлж байгаа бөгөөд өнөөдөр Москва хотноо хүрэлцэн иржээ. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын төлөөлөгчид худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, эрчим хүч, дэд бүтэц зэрэг эдийн засгийн олон салбарт хамтран ажиллах 20 гаруй баримт бичгийг үзэглэх юм. Одоогийн байдлаар өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, туулай үржүүлэх аж ахуй, цахилгаан бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нүүрсний, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах гэх зэрэг нийт есөн баримт бичигт гарын үсэг зураад байна.
Дэлхийн хөнгөн цагаан үйлдвэрлэлийн 12 хувийг дангаар бүрдүүлдэг “Русал” компанийн 48,13 хувийн эзэмшлийн “En+ Group”, БНХАУ-ын Төрийн банк болон тус улсын төрийн өмчит “Шинхуа” групп нүүрс болон дэд бүтцийн салбарт хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Оросын “En+ Group”-ийн Ерөнхий захирал Артем Волынец, “Шинхуа” группын Захирлуудын зөвлөлийн төлөөлөгч Чан Сиу, БНХАУ-ын Төрийн банкны захирлуудын зөвлөлийн төлөөлөгч Чэн Юань, ОХУ-ын шадар сайд Дмитрий Рогозин болон БНХАУ-ын шадар сайд Ван Ян нар энэхүү гэрээнд гарын үсэг зуржээ.
“En+ Group”, Шинхуа группын хамтран хэрэгжүүлэх төсөлд БНХАУ-ын Төрийн банк 2 тэрбум ам.долларын хөрөнгө гаргах аж. Оросын Баруун Сибирь, Алс Дорнодын нутагт нүүрсний хайгуул хийж, олборлолт явуулах, төмөр зам болон авто зам, эрчим хүчний цахилгаан станц барих, Алс Дорнодын далайн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хоёр компанийн хамтран ажиллах төсөлд тусгагджээ.
Э.Од