Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Оюутолгойг онилсон айлчлалууд

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр сонирхолтой арваны яг ойн өдөр Монгол нутагт хөл тавьжээ. 2003 оны гуравдугаар сарын 19-нөөс 20 –нд шилжих шөнө Эвслийн цэргүүд Багдадыг Томагавк пуужингаар анх буудсаныг ертөнцийн зон олон яахин мартах билээ. Яг тэр өдөр “Тони Блэйрийг түүх уучлахгүй” нийтлэлээ хэвлүүлж, “...Энэ дайны төгсгөлийг хэдний өдөр вэ гэж бүү асуугаарай. Элдэв үр дагавар нь бага байгаасай хэмээн бодож сууя. Дайныг эхлүүлэлгүй, хазаарлах боломж уг нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга К. Аннанд бус, Их Британийн Ерөнхий сайд Тони Блэйрт байсан юм...” хэмээн бичиж байлаа.

Түүнийг түүхэн үүргээ биелүүлж чадаагүй Ерөнхий сайд хэмээн 10 жилийн өмнө бичиж байсан бол энэ удаа эрхэм Тони Блэйр Рио Тинто компанийнхаа Монгол дахь эрх ашгийг хамгаалахаар морилон саатахыг анхааралтай харж сууна. Үндэстэн дамнасан аварга компаниуд эрх ашгаа хамгаалах ямархан арга хэрэгсэлтэй байдгийг эдүгээ монголчууд сайтар мэдэх болжээ. “Оюутолгой” төслийн эрх ашгийг Монголд хамгаалах анхны кампанит ажлыг “Дэлхийн өсөлт” хэмээх сонин нэртэй байгууллага хийсэн билээ. Энэ удаа төслийн хоёр дахь хөрөнгө оруулалтыг босгох ёстой хариуцлагатай цаг үед Рио Тинто улс төрийн “нөлөөллийн” хүчтэй багийг цувруулан Монголд ирүүлж байна. Эхний хүн буюу нөлөө бүхий нүүр царай нь Тони Блэйр болов.

Тун удахгүй Монголд Австралийн Нөөц баялаг, эрчим хүчний сайд ноён Мартин Фергюсон айлчилна. Тэрбээр тавдугаар сарын эхээр морилон саатахаар төлөвлөсөн агаад Уул уурхайн сайд Д. Ганхуягтай юуны түрүүнд уулзах юм. Хоёр сайдын дараагийн уулзалт мөн тавдугаар сарын сүүлээр Австралид болох төлөвтэй байна. Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах саналыг хоёр тал хоёул гаргаад байгаа бөгөөд Хувь нийлүүлэгчдийн хурал цаашид үр дүнтэй үргэлжлэх эсэх нь Рио Тинто компанийн зүгээс Монгол улсын Засгийн газарт гаргаж өгөх учиртай нэмэлт хөрөнгө оруулалтын санхүүгийн тайлангаас шууд шалтгаална. Энэхүү санхүүгийн баримт бичгийг хөрөнгө оруулагч тал үнэн зөв гаргаж өгөхгүй аваас Монголын тал Оюутолгой ХХК-ийн үйл ажиллагааны төсвийг батлахгүй “бойкот” хийхэд бэлэн байгаа.

Асуудлыг хурцатгалгүй, эв зүйгээр шийдэх боломжийг Австрали-Монголын Уул уурхай, Эрдэс баялгийн сайд нар эрэлхийлэхийг эрмэлзэх нь лавтай. Түүнчлэн айлчлалын хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах асуудлыг ярилцаж болзошгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулдаг Австрали улсын туршлага, ялангуяа Хятадын төрийн өмчит “Чайналко” компани нь тус улсын компаниудын нэмэлт хувьцааг авах санаархал гаргаснаас үүдсэн шуугиан монголчуудын хувьд сонирхолтой туршлага юм. Харин Австралийн зүгээс сүүлийн үед тус улсын хөрөнгө оруулалттай хайгуулын олон компани Монголоос гарах нь нэмэгдсээр байгаад ихээхэн санаа зовинож, энэ үл ойлгогдох байдалд улс төрийн талаас нөлөөлөхийг чармайж байна.

Л. Болормаа