Японы мэргэжилтнүүд Номхон далайн гүнд газрын ховор металын ихээхэн нөөцтэй ордыг шинээр нээн илрүүлсэн байна. Хайгуулын багийн удирдагч, Токиогийн хүрээлэнгийн профессор Ясухиро Като “Маш сайн чанарын агууламжтай бөгөөд ердөө 2-4 метрийн газрын гүнд байгаа учир олборлоход төдийлөн өндөр зардал гарахгүй” хэмээн мэдэгджээ. Одоогоор ордын нөөцийн хэмжээ болоод байршлын талаар тодорхой мэдээлээгүй байна. Гэхдээ Япон улс Хятадын газрын ховор элементийн түүхий эдээс хамааралгүй болох хангалттай хэмжээний нөөц гэнэ. Газрын ховор элементийн импортоор тус улсаас хараат байдаг Япон нь 2013 оноос эл элементийг Казахстанаас худалдаж авахаар болсон билээ.
Мөн Лондон хотноо төвтэй АНУ-ын “Lockheed Martin” компани нь далайн гүнд газрын ховор металын хайгуул хийх гэж байгаа тухай энэ сарын эхээр мэдэгдсэн. Тус компани нь Хавай, Мексикийн арлын дунд Номхон далайн 22 метр кв. талбайд хайгуул хийх зөвшөөрөл авчээ.
Э.Од