Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар 5.4 сая тонн болжээ. Энэ нь нэгдүгээр сарынхтай харьцуулахад 24,5 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэхдээ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал тус улсын коксжих нүүрсний импорт 16 хувиар өссөн байна.
Монгол болон Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт багассанаас болж Хятадын импорт буурч байна гэж тус улсын Татварын Ерөнхий газар мэдэгджээ. Өнгөрсөн хоёрдугаар сард манай улсаас Хятад руу нийлүүлдэг коксжих нүүрс хамгийн их хэмжээгээр буурсан бөгөөд 336 мянган тонн коксжих нүүрс экспортолсон байна. Энэ нь нэгдүгээр сартай харьцуулахад 76 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 80.7 хувиар буурсан дүн юм.
Харин Орос улс коксжих нүүрсээ урагшаа экспортлох сонирхолтой байгаа нь улам бүр тодорхой болж эхэллээ. Тус улсын Хятад руу нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар 527 мянган тонн байгаа нь нэгдүгээр сартай харьцуулахад 13 хувиар буурсан дүн боловч, өнгөрсөн оныхтой харьцуулахад 35 хувиар өссөн үзүүлэлт юм.
Австралийн хувьд Хятадын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч бөгөөд хоёрдугаар сарын байдлаар 2.58 сая тонн коксжих нүүрс нийлүүлжээ. Энэ нь нэгдүгээр сарынхтай харьцуулахад 24.5 хувиар буурсан ч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 93 хувиар өссөн дүн юм байна. Харин Канадынх 1.21 сая тонн болсон нь нэгдүгээр сартай харьцуулахад 21, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 62 хувиар тус тус өсчээ.
Э.Хулан