Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци /МУУҮА/ одоогоос зургаан жилийн өмнө уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн олон улсын анхдугаар үзэсгэлэнг зохион байгуулж байсан түүхтэй. “Mine tech 2013” зургаа дахь үзэсгэлэн өчигдөр “Мишээл Экспо” төвд нээгдлээ.
МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба, Уул уурхайн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү нар үг хэлж, үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч “Transwest” компанийн Худалдаа, маркетинг хариуцсан Ерөнхий менежер Марк Хедль бусад ивээн тэтгэгч компаниудын төлөөлөгчид нээлтийн тууз хайчилсан юм.
“Mine tech” үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжүүд МУУҮА-ийн гишүүн байгууллага гэдгээрээ ихээхэн онцлогтой. Бас нэг онцлог нь өнгөрсөн жилээс Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдийн төлөөлөл баг болон оролцсон юм. Энэ жил илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буйгаас үзвэл уул уурхайн томоохон төслүүдийг даган тухайн орон нутагт жижиг, дунд үйлдвэр хэрхэн хөгжиж буйг харуулж байна.
“Элгэн”, “Монгол Моторс групп” зэрэг үндэсний зуун хувийн хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд шинээр нэвтрүүлж буй техник, технологиудаа танилцуулж байлаа. Мэдээж Монголын уул уурхайн салбарт ажиллах сонирхолтой гадны компаниуд шинээр оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах өргөн боломжийг уг үзэсгэлэн олгодог юм. “Mine tech 2013” арга хэмжээнд БНХАУ-ын тоног төхөөрөмжийн компаниуд илүүтэй оролцож байна.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээг илүү өргөн хүрээнд басхүү үр дүнтэй болгох зорилготойгоор энэ жил Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран “Ашигт малтмалын хууль эрх зүйн орчинг боловсронгүй болгох нь” сэдэвт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан зарласан билээ. Уралдааны эздийг өнөөдөр тодруулах юм. “Mine tech 2013” үзэсгэлэн гурван өдрийн турш үргэлжилнэ.
Э.Од