Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Арева” компани сэтгүүлчидтэй “зангиагүй” уулзлаа

Монгол улсын стратегийн гэх тодотголтой цөмийн энергийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том компани бол Францын төрийн өмчит “Арева” группын салбар “Арева Монгол” юм. Тус компанийн удирдлагууд өнөөдөр сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” зохион байгуулав.

Тус компанийн төсөл хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны бохирдол илэрч, үүний улмаас мал амьтан үрэгдсэн тухай мэдээлэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цацагдаж, өнөө хэр намжаагүй байгаа нь энэхүү уулзалтыг зохион байгуулах шалтгаан болжээ. “Арева Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Тьери Плайзен, Геодезийн захирал Эрик Жек, ХАБ-ын менежер Г.Жигжид болон Олон нийтийн харилцах ажилтан Л.Бямбадолгор нар дээрх мэдээлэл болон орон нутагт явуулсан шинжилгээ судалгаа,  мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт шийдвэрийн талаар сэтгүүлчидтэй ярилцсан юм. Энэ асуудлаар маргааш буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр “Арева Монгол” компаниас хэвлэлийн бага хурал зохион байгуулах юм байна.

“Зангиагүй уулзалт”-ын үеэр сэтгүүлчид компанийн удирдлагуудаас сонирхсон асуултаа асуугаад зогсоогүй өөрсдийн санал бодлоо ч хуваалцсан юм. Компанийн нээлттэй бус байдал нь эргээд элдэв шүүмжлэлд өртөхөд ихээхэн нөлөөлж байгааг сэтгүүлчид онцолж байлаа. Үнэхээр компанийн зүгээс нуух хаах зүйл үгүй бол хэвлэл мэдээллийнхэнтэй нээлттэй харилцаж, хэрэгжүүлж буй төсөл, ашиглалтын технологио газар дээр нь танилцуулах, цаашлаад уран олборлож буй гадаад улс орнуудын үйлдвэртэй танилцуулаач гэсэн саналыг дэвшүүлсэн юм. Энэ талаар “Арева Монгол” компани тодорхой ажлууд төлөвлөж байгаа гэж хэллээ. Тус компани өнгөрсөн оны есдүгээр сард сэтгүүлчдэд зориулан “Урантай танилцья” сургалт зохион байгуулж байсан юм.

Э.Од