Уул уурхайн яам болон Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн /МУУҮА/ Ерөнхийлөгч Д.Дамба нар гарын үсэг зурсан юм.
Санамж бичгийн дагуу хоёр тал компанийн нийгмийн хариуцлага, түүний дотор хариуцлагатай уул уурхайн зарчмыг таниулах, тайлагнах ажлыг зохион байгуулах, энэ чиглэлд аль нэг талынхаа санаачилсан ажлыг бүхий л талаар дэмжих, уул уурхайн салбарын үйл ажиллагаатай холбогдолтой хууль, эрхийн байгууллагад уламжлах, шинээр батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт хийсэн аливаа эрх зүйн акт, санамж бичгийг бизнес эрхлэгчдэд шуурхай мэдээлэх зэрэг ажлыг хамтран зохион байгуулах юм байна.
МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах Ажлын хэсэгт Уул уурхайн үндэсний ассоциацийн төлөөлөл орж ажиллаж байгаа. Бид цаашдаа салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн ажилд хамтран ажиллах болно” хэмээн ярьлаа.
Г.Идэр