Дэлхийд “Төмөр хатагтай” нэрээр алдаршсан Маргарет Тэтчер дөрөвдүгээр сарын 8-ны өдөр зүрхний шигдээсийн улмаас 87 насандаа таалал төгссөн юм. Түүнийг нас барсанд гашуудахын зэрэгцээ баярлан тэмдэглэх нь ч байгаа аж. Английн Лондон, Бристол, Ливерпүүл зэрэг томоохон хотод Тэтчерийн нас барсныг баяртайгаар хүлээн авч, бүр тэмдэглэж байна.
Английн Дурхамын уул уурхайн ассосиацийн тэргүүн Дэвид Хоппер “Манай нүүрсний салбарыг унагасан гол буруутан нас барсанд баяртай байна. Аз болоход тэр дахин эргэж ирэхгүй нь” гэжээ.
Маргарет Тэтчер 1984-1985 онд ашиггүйд тооцогдсон бүх уурхайг хаах шийдвэр гаргаж, олон уурхайчныг ажилгүй болгожээ. Тухайн үед Англид 170 орчим уурхай хаагдаж, 190 мянга орчим уурхайчин ажилгүй болж байжээ. Энэ шийдвэрийг гаргасан Тетчерийн толгойлсон Засгийн газарт уурхайчид одоо хүртэл дургүйцсэн хэвээр байдаг гэнэ.
Бристол хотод талийгаач М.Тетчерийг нас барсны баярыг тэмдэглэж байгаа уурхайчдыг тараахын тулд цагдаа нар зургаан цаг зарцуулсан байна. Баярт оролцсон уурхайчид “шулам үхлээ” гэсэн утгатай лоозон барьж, зарим нь бүр цамц, өмдөө гоёсон нь зурган дээрээс тод харагдаж байна.
Э.Хулан