Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монголд түншээ хайж буй гадаадын компаниуд, ханган нийлүүлэгчид олноор ирнэ

Энэ сарын 19-20-ны өдрүүдэд “Mongolian Mining 2013” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үзэсгэлэн гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй юм. 2013 оны ээлжит үзэсгэлэн ямар онцлогтойг Зохион байгуулах хорооны дарга Д.Ганбаяраас тодрууллаа.

“Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэн гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жил манай үзэсгэлэнгийн албан ёсны  ивээн тэтгэгчээр Германы SEW EURODRIVE, Сингапурын SINGTEL компаниуд ажиллаж байгаа. Үзэсгэлэнгийн гол зорилго нь Монголын эдийн засагт хамгийн их үүрэгтэй уул уурхайн салбарыг дэлхий дахинтай хөл нийлүүлэн хөгжихөд зайлшгүй шаардлагатай шилдэг техник технологийг дэлхийн өнцөг булан бүрээс Монголд авчирч танилцуулах явдал юм.

Mанай үзэсгэлэнд БНХАУ, Австрали, АНУ, Канад, ОХУ, Их Британи, Герман, Швейцарь, Испани, Польш, Чех, Казахстан, Япон зэрэг дэлхийн 15 орны 120 гаруй компани оролцож бүтээгдэхүүнээ сурталчлахаар бүртгүүлээд байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн салбарынхан төдийгүй дэд бүтэц, зам, барилгын салбарынхан ч гэсэн заавал хол явж цаг зарахгүйгээр Европ, Ази, Хойд Америк, Австрали, Герман, Турк зэрэг улсын уул уурхайн техник технологитой танилцах, нийлүүлэгчээ олох боломжийг бүрдүүлж байгаа.  

Энэ үзэсгэлэнг зөвхөн уул уурхайн компаниуд төдийгүй уул уурхайн салбарт бизнес явуулах хүсэл сонирхолтой хүмүүс ч үзэж сонирхох боломжтой гэдгээрээ онцлог. Уул уурхайн салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг, мөн шинээр бизнес хийхээр төлөвлөж байгаа бизнес эрхлэгчдийн хувьд алдаж болохгүй боломж гэж болно. Үзэсгэлэнд оролцож байгаа гадаадын компаниудын хувьд нэн ялангуяа уул уурхайн салбарт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа худалдан авагчтайгаа уулзаад бүтээгдэхүүнээ сурталчлах, шууд борлуулах зорилготой нь ч бий.

“Mongolian Mining  үзэсгэлэн жил болгон салбарын тулгамдсан асуудлыг хөндөн тавьдаг уламжлалтай. Энэ жил бид хариуцлагатай уул уурхай, компанийн нийгмийн хариуцлагын сэдвийг онцлон хөндөж байна. “Mongolia Mining-2013” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн хүрээнд “Хариуцлагатай уул уурхай” сэдэвт бага хурал зохион байгуулагдана. Мөн хөдөлмөр хамгаалал, нөхөн сэргээлтийн асуудлаар тусгайлсан семинарууд,  манай үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч  SEW EURODRIVE  компанийн Монгол дах салбарын нээлт зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм.

Семинар болон бага хурлын хөтөлбөр, цагийн хуваарь зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг www.mongolia-mining.org  цахим хуудаснаас авч болно.

Mongolia Mining 2013 олон улсын уул уурхайн үзэсгэлэнд тавтай морилохыг хүсье.