Нүүрсний борлуулалтын жишиг үнийг тогтоохдоо гэрээний үнийг мөрдөхөөр өнгөрсөн жилийн аравдугаар сард Уул уурхайн яам шийдвэрлэсэн. Нүүрсний салбарт бэрхшээлтэй нөхцөл үүссэнээс үүдэн ийм шийдвэр гаргасан бөгөөд уг жишиг үнийг мөрдөх хугацаа нь дөрөвдүгээр сард дуусч буй юм.
Энэ удаа нүүрсний борлуулалтын жишиг үнийг Хятадын www.sxcoal.com сайтын үзүүлэлтээр тооцож байхаар Сангийн яам санал боловсруулсан аж. Өмнөд хөршийн нэг сайтын мэдээнд үндэслэн Монгол улс нүүрсний компаниуддаа бүтээгдэхүүн борлуулах жишиг тавьж байгаа, энэхүү үнэлгээндээ тулгуурлан татвар ногдуулдаг уламжлалыг нь компаниуд шүүмжилсээр ирсэн юм. Ялангуяа нүүрсний салбарт хүндрэл үүсч, экспортлогч компаниуд үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй болсон үед төрийн дэмжлэг байтугай харин ч хийсвэр өндөр үнээр татварын хэмжээ тогтоохоор дахин зүтгэж буй бололтой.
2013 оны төсвийн орлого их хэмжээгээр тасалдах нь тодорхой болсон учир Сангийн яамнаас хурааж татаж болох бүхий л орлогыг цуглуулахаас аргагүй байдалд хүрсэн биз ээ. Харин Монголын нүүрсний салбар төсөвт өгөх орлого байтугай сул зогсолт хийн алдагдалд ороод байна.
The Mongolian Mining Journal-ийн шинэ дугаарт манай нүүрс экспортлогч гол компанийн Захирлуудын ярилцлага нийтлэгдлээ. “Хямралын менежмент”-ийг хэрхэн хийж байгаа талаараа тэд илэн далангүй ярилцсан байна. Түүнчлэн нүүрсний жишиг үнийн талаар компаниуд ба Сангийн яамны байр суурь нийтлэгдлээ.
Сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт Орос ба Хятад улс саяхан үзэглэсэн 30 орчим Зөвшилцөл, Санамж бичгийн агуулга, тэдгээрийн Монгол улсад үзүүлэх эдийн засгийн нөлөөллийн талаар дэлгэрэнгүй тойм хэвлэгдэв. Мөн, Монгол улсад ОХУ-аас суугаа Элчин сайд ноён В.В. Самойленкогийн The Mongolian Mining Journal-д өгсөн илэн далангүй ярилцлагаас шинэ, сонирхолтой мэдээлэл аваарай.